logo
Төвдүүд Хятадын хүчирхийллийг харуулсан жүжиг тогложээ

Төвдүүд Хятадын хүчирхийллийг харуулсан жүжиг тогложээ

2012/01/31
Энэтхэгт амьдарч байгаа Төвдүүд Хятадын явуулж байгаа бодлогын эсрэг жагсаал өрнүүлж, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байгаад Хятадын аюулгүй хүчнийхний гарт амиа алдаж байгаагаар Дарамсала хотын гудамжинд жүжиг тавьжээ. Учир нь саяхан Хятадад болсон эсэргүүцлийн цуглааны үеэр 6 Төвд хүн амиа алдаж, 60 гаруй хүн гэмтэж бэртсэн юм. Төвдийн идэвхтнүүд жагсагч болон Хятад цагдаагийн дүрд тоглосон байна. Тэд жүжгээрээ Төвдийн ард түмэн Хятадад яаж дарлуулж, тэдний эрх чөлөө хэрхэн боогдож байгааг дэлхий нийтэд харуулах зорилготойгоор жүжиг тавьсан байна.Төвдийн идэвхтэн Тензин Цундугийн ярьж байгаагаар Төвдөд Хятадын эрх баригчид хүчирхийлэл үйлдсээр байгаа бөгөөд жүжгээрээ Төвдийн бодит байдлыг харуулахыг зорьсон юм байна. Дэлхийн дээвэрт оршдог цаст орон нь 7-р зуунд хүчирхэг гүрнээ үүсгэн байгуулж явсан ард түмэн бөгөөд улмаар Монгол, Хятад, Манжийн эрхшээлд орж, түүнээс хойш олон жил эдгээр улсуудын  харьяа улс явсаар ирсэн юм. 1949 онд иргэний дайнаа дуусгасан БНХАУ 1950-аад онд Төвдийг зэвсгийн хүчээр нэгтгэх үед буюу 1959 онд тухайн үеийн Төвдийн засгийн газар нь Энэтхэг рүү дүрвэн гарсан юм. Хятадын эрхшээлд нийт 3 сая орчим Төвд хүн байдаг. 1960-аад онд Хятадын соёлын хувьсгалын үеэр 200 мянгаас 1 сая гаруй Төвд хүн Хятадын харгис бодлогын золиос болж амиа алджээ. Хятадууд ойролцоогоор Төвдийн 6 мянга гаруй сүм хийдийг шатааж устгасан гэсэн тоо баримт байдаг. Сүүлд Төвдөд 2008 оны Бээжингийн Олимпийн өмнө Хятадын бодлогыг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон. Гэсэн ч Дундадын эрх баригчид жагсаал цуглааныг цус асгаруулан дарсан юм. Төвдүүд Хятад улс эх орныг нь булаан эзэлсэн гэж үздэг бол Дундадын эрх баригчид хоцрогдсон Төвд орныг орчин үеийн улс болгож байна гэж тайлбарладаг билээ. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш