logo
Мексикчүүд таргалалттай тэмцэж байна

Мексикчүүд таргалалттай тэмцэж байна

2012/01/31
112 сая гаруй хүн амтай Мексик улсад хэт таргалалт тулгамдсан  асуудлуудын нэг юм.  Энэ улсын эрүүл мэндийн албаны хүмүүс илүүдэл жинтэй, хэт таргалалттай өвчтнүүдийг эмчлэх эмнэлэг байгуулсан байна.
Мексикийн удирдлагууд хар тамхи дамлагч бүлэглэлүүдийн эсрэг дайн зарласнаас хойш таван жилийн хугацаа өнгөрчээ. Харин энэ удаад тэд таргалалтын эсрэг дорвитой арга хэмжээ авахаар болсон байна.
Мексик улс таргалалтын төвшингөөрөө хөрш АНУ-ын дараа дэлхийд хоёрдугаарт бичигддэг аж. Одоогоор Мексикт 37 сая гаруй хүн илүүдэл жинтэй буюу хэт таргалалттай байна. Нийслэл Мехико хотын эрүүл мэндийн албаны хүмүүс саяхан  илүүдэл жинтэй өвчтөнүүдийг эмчлэх эмнэлгийг нээжээ. Энэ эмнэлэгт хувийн эмнэлгүүдийг бодвол хямд үнээр хагалгаа хийдэг бөгөөд илүүдэл жинтэй хүмүүст үнэгүй эмчилгээ хийж зөвлөгөө өгдөг байна. Учир нь Мексикийн нийслэлд амьдардаг олон сая ядуу иргэд илүүдэл жинтэй байгаа юм. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаагүй байгаа энэ эмнэлэгт эмчлүүлэх хүсэлтэй иргэд урт дараалал үүсгэжээ. Эмнэлгийн эмч Франциско Кампосын хэлж байгаагаар мэс засал хийгээд бүх асуудал шийдэгдэхгүй юм байна. Түүнийхээр бол илүүдэл жинтэй хүмүүс жингээ хасахын тулд амьдралын дадал зуршлаа өөрчлөх шаардлагатай ажээ.
Мексикийн албаны хүмүүс таргалалтад нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг багасгах зорилгоор сургуулиудын цайны газруудад илчлэг ихтэй түргэн хоол зарахыг хориглож, хийжүүлсэн ундаанд татвар ногдуулсан байна. Мексикт хэт таргалалтаас болж жил бүр олон арван мянган хүн нас бардаг аж.
Мексикт Макдоналдсийн 205 ресторан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд энэ улсын иргэд Кока кола ундааны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлдэг байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш