logo
Харгис эцэг эх ууган хүүгийнхээ хамт гурван охиноо хөнөөжээ

Харгис эцэг эх ууган хүүгийнхээ хамт гурван охиноо хөнөөжээ

2012/01/31
Афганистанаас Канадад цагаачлан ирсэн эхнэр нөхөр хоёр гэр бүлийнхээ дөрвөн гишүүнийг хөнөөсөн хэрэгт буруутай нь тогтоогджээ. Мохаммад Шафиа, түүний эхнэр Түба Мохаммад Яаяа нар ууган хүү Хамед Мохаммад Шафиагийн туслалцаатайгаар гурван охиноо болон цуг амьдарч байсан өөр нэг хүний амийг бүрэлгэсэн байна. 
 
Өсвөр насны охидууд болох 19 настай Заинаб, 17 настай Сахар, 13 настай Гити Шафиа болон тэдний эцгийнх нь анхны эхнэр Рона Амир Мохаммад нарын цогцсыг 2009 оны зургадугаар сард Онтарио мужийн Кингстон хотын Rideau сувгаас олж байсан юм. Тэдний цогцсыг машинд хийн усанд живүүлсэн байжээ.
Шүүгчид Мохаммад Шафиа нас барсан охидоо завхай хэмээн маш ууртайгаар ярьж байгаа гар утасны ярианы бичлэгийг гол нотолгоо болгосон аж.
Охидын аав ээж болон ах нь шоронд дор хаяж 25 жил хоригдоно. Шүүгч нарын хэлснээр охид нь нууцаар эрэгтэй хүнтэй үерхэж, ил задгай хувцас өмссөнийг мэдсэнийхээ дараа эцэг Мохаммад Шафиа ихэд уурласан байна.
Мохаммад Шафиагийн гэр бүлийг шүүх хурал гурван сар үргэлжилсэн байна. Хоёр том охин нь эцгийнхээ зөвшөөрөлгүйгээр эрэгтэй хүүхэдтэй үерхснийхээ төлөө байнга заналхийлэлд өртдөг байжээ.
Шүүхийн тогтоол гарсны дараа Мохаммад Шафиа бид гэмт хэрэгтнүүд биш, бид аллага үйлдээгүй, энэ бол шударга бус гэж мэдэгдсэн байна.
52 настай Рона Амир Мохаммад нөхрөөсөө салахыг хүсч, охидынхоо барууны хэв маягаар амьдрахыг дэмждэг байжээ.
Шафиагийн гэр бүл 1992 онд Афганаас гарсан бөгөөд  Австрали, Пакистан, Дубайд амьдарч байгаад 2007 онд Канадад иржээ. Шафиа анхны эхнэр нь хүүхэд гаргах чадваргүй болсон учраас Түба Яаяатай гэрлэсэн байна. Ийнхүү тэрээр Түба Яаяа,  Рона Амир Мохаммад нартай цуг амьдарч байсан нь илэрсэн бол Канадаас хөөгдөх байжээ.
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш