Манай УИХ хуулийг чухам л үйлдвэрлэдэг ч үүн шиг догдуулсан нь үгүй. Өөрөөр хэлбэл олон нийт ямар хууль батлагдан гарав гэдгийг төдийлөн анзаарч ач холбогдол өгдөггүй гэх гээд байна л даа. Харин энэ удаа харж сонирхож хэрэгжилтэнд нь хяналт тавихгүй байхын аргагүй хууль батлагдсан. Угаас дэлхий нийт эдийн засгийн гэмт хэрэгтэй хатуухан тэмцэж эхэлсэн нь тухай мэдээлэл цацагдах болсон нь эх орондоо байгаа эвгүй гаруудыг ад үзэх сэтгэлийг ирлээд өгөх шиг. Хэдхэн хоногийн өмнө Олон улсын зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн луйвраас сэргийлэх алба дэлхийн 30 гаруй улсын 40 орчим улстөрчийг авилгад ямар нэгэн байдлаар өртсөн хэмээн үзэж буйгаа зарласан. Гэхдээ тэнд Монголын улстөрчдийн нэрс байгаагүй л дээ. Тус байгууллагын төлөөлөгч Адоке Визарын хэлснээр тус жагсаалтанд орно гэж зүүдлээ ч үгүй нөхөд орсон гэсэн. Тухайлбал, Нигерийн Ерөнхийлөгч Жонатан Күдлак.
Уг нь Нигерийн Ерөнхийлөгчийн сонгуульд Жонатан Күдлак иргэдийн саналыг бараг л 100 хувь авч засгийн эрхэнд гарсан. Зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх байгууллагын мэдээлснээр Жонатан Күдлак Европын нэр бүхий компаниудтай хувийн гэрээ байгуулсан бөгөөд нефтийн асар их баялагтай Нигерийн эрх баригчдын оролцоогүйгээр асуудлыг шийдсэн аж. Одоогоор Нигерийн Засгийн газартай холбогдох 24 баримт бичиг ил болсон гэх. Хэрвээ энэ бүхэн батлагдвал ард иргэдийнхээ итгэлээр бизнес хийсэн арчаагүй Ерөнхийлөгчийн хувьд тамын өдрүүд эхэлнэ.Гэхдээ Жонатан Күдлак ард иргэдийн сэтгэл зүйг засах гэсэн үү аль эсвэл асуудал илчлэгдэхээс айсан уу, ямартай ч Засгийн газрын гишүүн Вазириг буруутгаж, Газрын тосны яамыг тэргүүлж байх үедээ Нигерьт ашиггүй гэрээ олноор байгуулсан хэмээн яллачихаад байгаа. Гэхдээ агентлагийнхан түүний гэм бурууг нотлох баримт олдсон хэмээн мэдэгдчихээд буйг чихнийхээ хажуугаар өнгөрөөхийн аргагүй.
Ямартай л Олон улсын зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн луйвраас сэргийлэх албанд хандаж манайхныг шалгаж өгөөч гэх хүсэлт тавих адын хүсэл төрөөд байхав. Нэрэлхүү удамтай Монгол гэдэг утгаараа улс орны маань нэрэнд сэвтэй юм даа гэж бодох ч улсын хөрөнгө, ард түмний баялгийг хэрээс хэтэртэл хивээд байгаа нөхдийг чангалмаар санагдах нь чухам л гачлан. Иргэдийн хувьд ихээхэн найдвар төрүүлж буй уг хуулийн талаар УИХ-ын түшээд ийн хэлжээ.
Л.Гантөмөр: Сонирхлын зөрчил гурван зүйл дээр харагддаг. Нэгд, УИХ-ын гишүүд хууль батлахдаа сонирхлын зөрчилтэй байдаг. Өөрийн эрхэлдэг бизнес, аж ахуйн салбартай нь холбоотой зохицуулалт хийж байгаа хуулийн төслүүд дээр ороод, ажлын хэсэг ахлаад ажиллаж байна. Үүнийг таслан зогсоох хэрэгтэй. Хоёрт, УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүний ажлыг давхар хашихдаа өөрийнх нь бизнес эрхэлдэг салбартай холбоотой яамыг тэргүүлдэг. Барилгын бизнес эрхэлдэг хүн Барилгын яамыг толгойлох жишээний. Үүнийг хуулиар зохицуулах ёстой. Өөрийнх нь, эсвэл гэр бүлийнх нь хүн бизнесийн байгууллагад ажилладаг, хувьцаа эзэмшдэг тохиолдолд тэр чиглэлийн үйл ажиллагааг хариуцдаг яамыг толгойлуулж болохгүй.
Д.Энхбат: Төрийн албанд ашиг сонирхлын зөрчил маш их байдаг. Энэ нь үргэлж муу гэсэн үг биш, амьдралд байдаг л зүйл. Гагцхүү далд хэлбэрт шилжээд, буруугаар ашиглаад байгаа нь л асуудал үүсгээд байгаа юм. Ил тод болгох нь өнөөдрийн засаглалын тогтолцоог сайжруулах тийшээ явна гэсэн үг. Нөгөөтэйгүүр тухайн төрийн албан хаагчийг хамгаална гэж ойлгож болно.
Я.Батсуурь: Ашиг сонирхлын зөрчил гэдэг авлига үүсэх анхны алхам. Авлигын тал нь гэсэн ч болно. Ашиг сонирхлын зөрчлийг хязгаарласан, зохицуулсан хориглосон хууль манайд байдаггүй байснаас авлига хээл хахууль газар авсан. Иймэрхүү хуулийг Европын орнууд батлаад, хэрэгжүүлээд явж байгаа. Балти орчмын орнууд энэ чиглэлийн маш сайн хууль боловсруулсан нь үр дүнгээ өгч байна гэж олон улсын шинжээчид дүгнэсэн, бид ч түүнээс нь нэлээд туршлага судалсан. Ашиг сонирхлын зөрчлийг хуулиар хориглосноор авлига багасна. Төрийн албан хаагчид, нийтийн албаны ажилтнууд өөрийнхөө сонирхлын зөрчлийг жил болгон ил тайлагнана. Түүнийг нь харьяа байгууллага, яам нь дүгнэнэ, хадгална. Давуу тал олон бий. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр: Ашиг сонирхлынзөрчил маш их байгаа, дэндүү хавтгайрчихсан. Үүнийг маш сайн ялгаж зааглах ёстой. Энэ хууль батлагдсанаар төрийн албан хаагчийн ёс зүйг цэвэр тунгалаг, ойлгомжтой болгоход нэлээн сайн зохицуулах боломж бүрдэж байгаа юм. Ашиг сонирхлын зөрчлийг тодорхой зааж, төсвийн ил тод байдлыг хангаж өгсгөөр авлигын асуудал Монголд эрс багасна гэж найдаж байгаа.
С.Оюун: Сонирхлын зөрчлийг хуульчилж, журамлаж чадаагүйгээс хүмүүсийн ойлголт ч бас тодорхой болж чадаагүй. Олигтой хяналт тавьж чаддаггүй учраас төрийн албан дахь ашиг сонирхлын зөрчил ямар ч хяналтгүйгээр маш их газар авсан. Зорилго нь их зөв, зайлшгүй батлах ёстой хууль. Хуулийг баталсан даруйд өргөс авчихсан юм шиг, нэг өдөр зүгээр болчихдоггүй юм гэхэд аажимдаа үр дүнгээ авчирна гэж бодож байна. 2006 онд Авлигатай тэмцэх тухай хуулийг УИХ-аар баталсан даруй авлига огцом буурчихаагүй ч, авлига илүү эрсдэлтэй болж эхэлсэн. Ямар ч байсан, төрийн албаныхан Хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг болж, энэ нь нээлттэй болж, хянах байгууллагатай болсон. Түүнтэй адил Сонирхлын зөрчлийн тухай хууль батлагдснаар албан тушаалаа урвуулан ашиглах, сонирхлын зөрчилтэй асуудал байсан ч түүнийгээ үл хайхраад өөртөө ашигтайгаар эргүүлэх байдал эрсдэлтэй болох нь мэдээж. Эрхэм түшээдийн хувьд ийм л бодолтой байгаа юм билээ. Үнэндээ ч хэрэгжээд эхэлчихвэл хэрэгжилтэнд нь хатуухан хяналт тавьчихвал хэрэгтэй л хууль. Хэрвээ хуулиа хэрэгжүүлэхгүй, сурсан зангаараа хуйхаа хамгаалаад байвал Олон улсын байгууллагад хүсэлт хүргүүлж, шалгуулна гэдгээ хатуухан мэдэгдчихье, нийтийн албан хаагчид аа…
Дашрамд сонирхуулахад мөн уг хуулийн 4.1-ийн тавд зарим албан тушаалтанд хамрагдах хүмүүсийг Хуульзүйн байнгын хороо тогтоож өгдөг болох юм. Өөрөөр хэлбэл Мянганы сорилтын сангийн удирдах албан тушаалтнууд ч нийтийн албан тушаалтанд тооцогдоно. Ингэснээр АНУ-ын Засгийн газар Монгол Улсад утаагаа багасгаа гээд томоохон хэмжээний төсөл хэрэгжүүлж их хэмжээний мөнгө өгдөг. Утаагаа багасга гээд өгч байгаа тэр мөнгө хэн нэгний хувийн компанийн орлого болоод явчихаж байна уу, үгүй юу гэдгийг бид өөрсдөө хянана. Товчхондоо бид өөрийнхөө улсын эрх ашигтай холбоотой шийдвэр гаргаж оролцож байгаа төсөл хөтблөр, компанийн, тэр нь гадны иргэн байна уу хэн байх нь хамаагүй, хянаж шалгах эрх мэдэлтэй л боллоо гэсэн үг. Энгийнээр тайлбарлавал нийтийн алба гэдэг ойлголт Монгол Улс нийтийнхээ эрх ашгийн төлөө, нийтэд үйлчилж байгаа гадны иргэдийг ч гэсэн албан тушаалаар нь дамжуулж хянах бололцоотой болж байгаа гэсэн үг.
Олон улсын том том сангуудаас техник, туслалцаа дэмжлэг гэж их хэмжээний мөнгө орж ирдэг. Тэд өөрсдийнхөө эрх ашгийг аваад явчихав уу, эсвэл манай эрх ашигт үйлчилж байна уу гэдгийг бид хянаж чаддаггүй байсан бол одоо хянах эрхтэй. Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг дагалдан Авлигын эмрэгхуульд нэмэлт өөрчлөлт орсон. Энэ сарын 15-нд албан тушаалтнууд бүгд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөд эхлэхээр хөрөнгө орлогын мэдүүлэг дээрээс нь үндэслэлийг нь зааж, хэрхэн хөрөнгөжсөнөө зааж, нотолж бичээгүй хөрөнгө орлого олдох л юм бол 2006 онд дууссан байна уу, 2005 онд олсон байна уу хамаагүй. Хууль үйлчилж, албан тушаалаас нь бууруулна. Ямартай ч энэ парламент бүрэн эрхийнхээ хугацааг дуусахаас өмнө эрхэм гишүүн Х.Тэмүүжингийн хэлснээр “авлигачдаа шоронд суулгаж чадахгүй юмаа гэхэд төрөөс цэвэрлэж чадах” хэмжээний хуулийн зохицуулалтаа хийчихлээ. Одоо хэрэгжилтэнд нь хяналт тавицгаая. Тэгээд дахин сануулахад хэрэгжүүлэхгүй хийдүүлэх гээд байвал Нигерийн Ерөнхийлөгчийг барьц алдуулаад буй Олон улсын зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн луйвраас сэргийлэх албанд хүсэлт гаргаж шалгуулна шүү. Энэ бол сүрдүүлэг бус сануулга…
Нийтийн албан тушаалтан гэж Төрийн улстөрийн, азхиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушуаалтан, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төр, орон нутгийн өмчийн болон төр, орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, хууль тогтоомжийн дагуу эсвэл улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг түр буюу байнга гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтанг ойлгоно.
З.Тэргэлжин