logo
Мисс Ё.Нямжав: Бид хоёр үүсгэж чадсан шигээ дуусгаж чадсан

Мисс Ё.Нямжав: Бид хоёр үүсгэж чадсан шигээ дуусгаж чадсан

2012/02/04

Хятадад сурч байгаа гэсэн нууц биш бол ямар мэргэжлээр суралцаж байгаа вэ?
Хүмүүст зорилго байдаг шиг надад бас бодсон зорьсон зүйлүүд байгаа. Орчин цагт амьдарч байгаа залуучууд тэр дундаа эмэгтэйчүүд өндөр боловсрол, чадварлаг сайн мэргэжилтэн болж байж л улс эх орондоо өөрийнхөө хувь нэмрийг оруулна шүү дээ. Тийм болохоор эхлээд өөрийгөө боловсруулъя, сурч мэдэх зүйлээ эхлээд сурчихая, дараа нь эх орондоо ирж ажиллана гэсэн бодол надад байдаг. Нөгөө талаас Хятадад сурч байгаа маань цэвэр миний сонирхол гэж хэлж болно. Яагаад гэхээр би арван жилийн сургуульд байхаасаа л сэтгүүлч болох юмсан. Ялангуяа телевизийн сэтгүүл зүйд хүч үзэх юмсан гэсэн багын мөрөөдөл байсан. Тийм ч учраас 2002 онд хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүлчийн ангийг төгссөн. Одоо суралцаж байгаа сургууль маань БНХАУ-ын Нанжьн хотын Нанжьны их сургуульд сэтгүүл зүйн магистерийн чиглэлээр суралцаж байгаа. Ямар ч эмэгтэй хүн хэнээс ч дутахааргүй сайхан боловсрол сайн мэргэжилтэй байхад үнэ цэнэтэй гоёл чимэглэлээс илүү үнэтэй гэж боддог учраас боловсролдоо анхаараад л явж байна.
Сүүлийн үед манайхан монголдоо дэлхийн боловсролыг эзэмшие гэж их ярьдаг болсон. Тэгэхээр та монголд сургууль төгссөн. Одоо Хятадад сурч байна. Монгол Хятад хоёр орны боловсролын түвшний ялгаа таныхаар хэр байна?

Боловсрол судалаач биш болохоор нарийн судалж үзээгүй юм байна. Яахав өөрөө тэнд сурч байгаа оюутны хувьд нөгөө талаар монгол хүний нүдээр харьцуулж харж байсан юм бол байгаа. Ер нь ямар сургуулийг сонгосон бэ гэдэгээс олон зүйл шалтгаалдаг. Хятад бол агуу том гүрэн тийм учраас боловсролын түвшин нэг стандарт явагдана гэж байхгүй. Бүх зүйл зөвхөн тухайн хувь хүнээс л шалтгаална. Миний сурч байгаа сургуулийн хувьд Хятад улсдаа эхний тавд ордог том сургуулиудынх нь нэг. Миний хувьд сургуулийнхаа сэтгүүл зүйн танхимын анхны монгол оюутан нь юм билээ. Манай ангид 40 гаран хятад оюутан байдаг. Бүгд маш их зүтгэлтэй ер нь сурч мэдэхийн төлөө тэмүүлэлтэй залуус л даа. Тэгэхээс ч аргагүй тийм том зах зээл дээр мэдлэг, чадвар шаардсан өрсөлдөөн дундаас гарч ирэх болохоор ямар ч түвшний мэдээллээр хоорондоо өрсөлдөхөд мэдэхгүй юм гэж бараг алга. Харин мэдэхийг хүсч байгаа юм нь дэндүү их байна. Хятад оюутнуудаас суралцах зүйл их байгаа юм шиг надад санагддаг.
Мэдээж гадаадад суралцахад сургалтын төлбөрөөс аваад амьдрах байрны мөнгө гээд өдөр тутмын санхүүгийн асуудал хэрхэн зохицуулж байна. Бүх зардлаа хувиасаа гаргадаг уу?

Би хятадын засгийн газрын зуун хувийн тэтгэлэгээр сурдаг. Дээр нь цалин авдаг. Анх шалгалтанд нь ороод бүгдийг ном журмын дагуу хийгээд явсан. Тэнд очоод сургуулийнх нь гадаад оюутны байранд амьдараад одоо гурван жил болж байна. Хүний амьдралын алтан үе нь оюутан цаг байдаг гэдэг биз дээ. Оюутны амьдрал ямар байдаг билээ. Яг тэр жамаар нь одоохондоо амьдарч байгаа.
Таныг хүмүүс олны танил гэдэг юм билээ. Өөрийгөө олны танил гэдэгтэй санал нийлэх үү?
Тодорхой хэмжээнд танигдсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн үед монголын мисс болж байсан. Монгол улсаа төлөөлөөд Солонгост олон улсын тэмцээнд оролцож тодорхой хэмжээнд нүүр царай болж явсан гэдэг утгаараа нэг талдаа миний амьдралын сайхан дурсамж нөгөө талдаа энүүгээр минь дамжуулаад багагүй хүмүүс намайг таньдаг болсон байх. Бусад шиг алдар нэртэй болъё гээд хувийн карьер хөөгөөд явах сонирхол надад байдаггүй. Өөрийн чадах зүйлээ боломжийн хэмжээнд хийхийг л хичээдэг.
Манай сайхан бүсгүйчүүд ялангуяа мисс, загвар өмсөгчдийг хэлбэрийн амьдрал сонгодог мөнгөтэй хүмүүсийн хэтэвчний хүүхэн болдог, хүүхдийг нь гаргаж өгч амьдралаа тэтгүүлдэг гэсэн ойлголт нийгэмд байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

Мисс, загвар өмсөгчдийн талаар хүмүүсийн дунд тийм яриа байдагтай санал нийлнэ. Гэхдээ энэ бол зөвхөн хувь хүмүүсийн л асуудал. Бид өнөөдөр чөлөөт ардчилсан нийгэмд амьдарч байгаа биз дээ. Бусдын амьдралд хошуу дүрээд байх эрхгүй болов уу гэж бодож байна. Магадгүй тэр хүмүүсийн хооронд мөнгө төгрөг, тэтгэх, тэтгүүлэхээсээ илүү сэтгэл зүрхний асуудал байсан байж болно ш дээ. Хүн бүхэнд л сэтгэл зүрхний асуудал байдаг биз дээ.


Амархан ажил гэж байдаггүй. Мисс болохын тулд тэсвэр тэвчээр, хүч, хөдөлмөр дээр нь нэлээн өрсөлдөөн дундаас гарч ирнэ биз?

Хүнд амжилт гэдэг амар хялбар аргаар хэзээ ч ирдэггүй. Амжилт бүхэн тухайн хүнээс асар их хөдөлмөрийг шаарддаг. Миний үеийн миссүүд тайзан дээр үнэхээр өрсөлдөж байсан. Одоо бол надад хэнтэй ч өрсөлдөж амьдрая гэсэн бодол байдаггүй. Зөвхан өөрөө өөртэйгээ, цаг хугацаатай л өрсөлдөх ёстой гэж боддог. Миний хувьд мисс болоод бараг арван жил боллоо. Энэ арван жил гэдэг ямар хурдан өнгөрч байнаа. Энэ хугацаанд би юу сурсан юм. Бас юу хийж бүтээсэн юм. Одоо эх орныхоо төлөө юуг хийж чадах вэ гээд бодож явдаг болохоос биш тэр хүүхэнтэй брендийн хувцас, үнэтэй машин, тансаг хаусаар өрсөлдөх юмсан гэсэн бодол байхгүй. Эцэг эх маань надад тийм хүмүүжил ойлгоогүй юм уу даа. Өнөөдрийн байдалаар миний хувьд цаг хугацаатай өрсөлдөх л чухал байна. Нас яваад ирэхээр хүний амьдралын мөч бүхэн ямар үнэтэй юм бэ гэдгийг мэдэж авч байгаа байхгүй юу. Тэгэх тусмаа сургуулиа хурдан төгсөөд сайхан ажилтай болоод зөвхөн өөрийнхөө төлөө биш бусдын төлөө ялангуяа эх орныхоо төлөө өөрийнхөө чаддаг зүйлийг хийх юмсан гэж үнэхээр яарч байна.
Таны үеийн миссүүд хоорондоо холбоотой байдаг юм бэ?
Амралтаараа монголд ирэхдээ энэ тэнд ганц хоёртой нь таардаг. Заримдаа Хатан-эрдэнэ холбооны албан ёсны арга хэмжээн дээр уулзаад мэнд устай өнгөрөх үе бол байдаг. Түүнээс учиргүй дотно найзалж нөхөрлөдөг хүн байхгүй дээ. Яагаад гэхээр би монголд бараг байхгүй байдаг болохоор тэр болов уу. Ер нь харж байхад сүүлийн үед манай миссүүд чинь өөрсдийн мэдлэг боловсролдоо их анхаардаг болсон байна. Гадагшаа явж номын дуу сонсдог болжээ.
Одоо та монголд хаана амьдарч байгаа вэ. Таныг Зайсанд 2 давхар хаустай тэрэндээ амьдардаг гэж сонссон юм байна?
Зайсанд нэг хэсэг амьдарсан. Гэхдээ хоёр давхар хаусд биш л дээ. Тэнд гурван өрөө хуучны байр авсан чинь аймаар хүйтэн байсан болохоор засвар хийгээд бусад асуудлыг нь шийдээд зарчихсан. Тэгээд төмөр замд байр авсан. Одоо тэндээ хүүхдүүдтэйгээ гэр бүлийнхэнтэйгээ бүгдээрээ амьдарч байгаа.
Таны аав ээж хоёр чинь багш хүмүүс биз дээ. Ер нь эцэг эх чинь ялангуяа ээж тань таны ар талыг мундаг зохицуулна биз?
Ямар ч салбарт амжилттай яваа хүмүүсийн ард тухайн хүнээс илүү найдвартай, илүү чадал чансаатай хүн л байдаг биз дээ. Түүнтэй адилхан миний ард миний ээж л байдаг. Би ээждээ үнэхээр их хайртай. Ийм хүний охин болж төрсөндөө баярладаг. Ээжээрээ бахархаж явдаг. Тийм болохоор ээжийгээ чадлынхаа хэрээр баярлуулж явах юмсан аль болох сэтгэлийг нь зовоохгүй байхыг л боддог.
Таны аавыг архи их уудаг. Манайхны хэлдэгээр “өвгөнт”-д орчихсон. Нямжав аавыгаа хардаггүй гэдэг юм билээ. Та үнэхээр аавыгаа хардаггүй юм уу?

Хүнийг ууж иддэгээр нь хэлэх жаахан тийм байх. Жирийн иргэнээс аваад төрийн тэргүүн хүртэл ууж иддэг биз дээ. Эцэг эхийгээ ачилдаггүй хүн гэж энэ хорвоод байдаг юм уу. Аав бид хоёр бие биенээ хараад л ойлголцдог. Харин миний аавыг архичин мэтээр ярьж хэлж байгаа хүмүүс эхлээд бодчихоод дараа нь ийм яриа гаргах хэрэгтэй байсан болов уу гэж бодож байна.

Таны том хүүхдийн аавыг би бизнес эрхэлдэг байсан гэж сонсож байсан юм байна?
Зүгээр л жирийн залуу байсан. Мисс гэхээр л компанийн эзэн босстой суух юм шиг хүмүүс ойлгоод байдаг. Тийм биш ш дээ. Тухайн үед би сэтгэл зүрхээ дагсан юм уу даа.

Анх хаана хэрхэн танилцсан юм бэ?
Унаган хотын залуу байсан. Бид хоёр анх оюутан байхдаа хүмүүнлэгийн их сургуулийн шинэ жил дээр танилцсан.

Одоо харилцаатай байдаг биз дээ?
Бид хоёрын дунд хүүхэд байгаа юм чинь харилцаа байгаа. Гэхдээ бид хоёрын харилцаа зөвхөн хүү дээрээ л төвлөрдөг.

Тэгэхээр хүүгийн чинь аав одоо амьдрал зохиосон юм байна гэж ойлгож болох уу?
Бид хоёр салаад удаж байна.Тэгээд ч нэгэнт салсан амьдралыг эргэж яриад яахын салсан л бол салсан биз дээ. Тэр хүний гэр бүлтэй болоод амьдарч байна уу үгүй юу гэдэг нь одоо надад хамаагүй. Гэхдээ тэр хүн сайхан амьдарч сайн явбал би баярлана. Яагаад гэхээр тэр миний хүүгийн эцэг нэгэн цагт амьдралаа холбож явсан хүн шүү дээ.
Нууц биш бол хүүгийнхээ аавтай та хэдэн жил хамт амьдарсан бэ. Одоо хүү чинь хэдэн настай вэ?
Нуугаад байх юу байхав. Бид хоёр чинь гурван жил хамт амьдарсан. Хүү маань одоо долоон настай. Сургуульд сурч байгаа.

Хүн гэдэг дурсамжийн амьтан шүү дээ. Хүүгээ хараад ааваас нь яах гэж салав даа гэсэн бодол таньд төрдөг үү?
Хүүгийнхээ ааваас салсаны дараа надад таатай байгаагүй. Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Харин тэрийг даван туулах сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Нэгэнт л салсан юм чинь би ингэх минь яавдаа тэгэх ч байж уу гэсэн харамсал төрж байгаагүй. Өөрийн бодол өөртөө зөв гэдэг биз дээ. Надад байгаа асуудлыг зохицуулна. Хичнээн хүнд хэцүү байсан ч шүд зуугаад даван туулна гэж боддог.
Таныг нэлээн нөлөөтэй хүнтэй хоёр дахь амьдралаа зохиох гээд бүтээгүй. Хүүхэдтэй болоод үлдсэн гэсэн яриа байдаг. Энэ тал дээр…?
Миний амьдралд хоёр дахь хүн гэж байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэр хүний нийгэмд эзлэх байр суурь олон талын нөлөөнд нь автаж энэ харилцааг үүсгээгүй. Хэн хэн нь бодож үзсэний эцэст харилцаагаа төгсгөл болгосон. Тухайн үед бид хоёрын хооронд сэтгэл зүрхний асуудал байсан болоод охин маань төрсөн. Тэр хүний сэтгэл нь миний сэтгэлийг татсан. Миний сэтгэл тэр хүний сэтгэлийг татсан учраас бид хоёрын хооронд энэ асуудал үүссэн. Үүсгэж чадсан шигээ бид хоёр бас дуусгаж чадсан.
Охины чинь аав ямар ажил эрхэлдэг хэн гэдэг хүн байсан юм. Ямар ч байсан хувьдаа томоохон бизнестэй хүн байсан гэдгийг учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ?

Би нэрийг нь хэлмээргүй байна. Нийгэмд хэр нэр хүндтэй байсан болоод тэр бизнес нь надад чухал биш. Тэгээд ч одоо тэр хүн чинь гэр бүлтэй сайхан амьдарч байгаа. Бид хоёрын хоорондын асуудал аль эрт дуусгавар болсон. Өнгөрсөн юмыг сөхөж ярьмааргүй байна.
Хүүхдүүдийнхээ өмнө та хэр хариуцлагтай ээж вэ
Ээжийнхээ үүргийг хүүхдүүдийнхээ өмнө боломжийн биелүүлж байгаа гэж боддог. Ер нь хүн болж төлөвших төлөвшилийг хүүхэд гэр бүлээсээ олж авдаг. Эцэг эхийн харилцаа ямар байна. Яг тэрэн дундаас хүмүүжилийг олж авдаг. Хайран дунд өссөн хүүхэд хүнийг хайрлаж сурна. Хүн чанарыг мэдэрч өссөн хүүхэд хүн чанартай байж төлөвшинө. Хүүхдийг хэзээ ч анхааралын гадна орхиж болохгүй гэж боддог. Тийм учраас би хоёр хүүхдийнхээ ухаан сууж боловсроход нь аль болох эсрэг сайхан нөлөөтэй ээж байхыг л зорьдог.
Одоо таныг болзоонд урьдаг залуу байдаг уу

Үнэнийг хэлэхэд тийм хүн одоогоор байхгүй. Тэгээд ч миний насны бүсгүйчүүд залуу хараад ч юм уу хайгаад явдаг үе нь өнгөрсөн. Харин амьдралаа хэрхэн авч явах уу үр хүүхэдээ яаж үлгэр дуурайлал болох вэ. Тэднийг сайн хүмүүжилтэй болгох вэ зэрэг амьдралын асуудлыг боддог болдог юм байна.
Таны үеийнхэн бараг бүгд л өөрийн гэсэн бизнестэй болсон байдаг. Өөрийн тань хувьд яаж зүгээр байхав ямар нэг бизнес байдаг л биз дээ?
Нэг их том биш ч гэсэн өөрсдийгөө болгоод байхаар жижигхэн гоёл чимэглэлийн дэлгүүр дүүтэйгээ хамт ажилуулдаг.

Мисс Ариунцэцэг LEXUS-470 ундаг юм билээ. Таны хувьд ямар машин ундаг вэ?
Хүнд эд хөрөнгө гэхээсээ илүү оюуны чадамж өндөр мэдлэг боловсрол байх хэрэгтэй гэж боддог болохоор илүү юманд дурлаад байхыг хүсдэггүй. Одоогоор дүүгээрээ жолооч хийлгээд дүүгийнхээ машинтай л явж байна.

Та өөрийгөө хөдөөний бүсгүй гэдэгээ хүлээн зөвшөөрнө биз дээ?
Мэдээж хүлээн зөвшөөрнө. Би хөдөө төрж өссөн. Хөдөө дунд сургуулиа төгссөн. Хамгийн сүүлд дөрвөн жилийн өмнө нутагтаа очсон. Энэ зун хүүхдүүдээ аваад гэр бүлээрээ очиж амарна гэж бодож байгаа.

 
Б.Ганзориг

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш