logo
Х.Баярмагнай: Үзүүлвэл хонгорын хамуу л гэнэ биз

Х.Баярмагнай: Үзүүлвэл хонгорын хамуу л гэнэ биз

2012/02/04
Монгол Улсын иргэд төдийгүй, дэлхий дахин Хонгорын цианит натри, мөнгөн усны хордлогын талаар мэднэ. Харин үүнийг төр засгийн шат, шатны байгууллага хүлээн зөвшөөрдөггүй. Гэтэл Хонгорын хордсон иргэд эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Тус суманд онцгой байдал зарласан тэр үед цианит натри, мөнгөн усыг саармагжуулах ажилд оролцож яваад хордсон тус сумын иргэн Х.Баярмагнайтай ярилцлаа.

 -Та хэзээ хордсон бэ?

 -Онцгой байдал үүссэн үед голомт дээр ОБЕГ-ын ажилтан нартай энгийн есөн хүн саармагжуулах ажиллагаанд оролцож байсан юм. Тэр үед бид өдөр болгон усанд орж, эмнэлгийн тусламж авдаг байсан. Түүнээс хойш биднийг 10 жилийн хугацаанд Хонгорын эмнэлэгт жилд нэг удаа үнэ төлбөргүй эмчилнэ гэсэн. Одоо таг л байна.

 -Таны бие, эрүүл мэндэд чинь ямар өөрчлөлт гараад байна вэ?

 -Толгой байнга өвддөг. Мөн нүд аргаж, биеэр ганц улаан тууралт гарсан байгаа.

-Одоо биеэр туурсан тууралт байгаа хэрэг үү?

-Биеэр туурсан юм байна. Харин гар дээр гарсан юм байхгүй. Элэг юм уу. Гэдэс дотор нэг юм байнга л өвдөөд байгаа.

-Аймгийн болон төвийн эмнэлэгт үзүүлсэн үү. Ямар онош тогтоосон бэ?

-Үзүүлээгүй ээ.

-Яагаад. 10 жилийн дотор үнэгүй үзнэ гэсэн биз дээ.

-Үзүүлвэл Хонгорын хамуу л гэж хэлнэ биз. Өөр юм хэлэхгүй нь ойлгомжтой.

-Саармагжуулах ажилд оролцсон бусад хүмүүс хордсон болов уу?

-Тэрийг би сайн мэдэхгүй. Тухайн үед онцгой байдал үүссэн голомт дээр ажилласан есөн хүнийг эмнэлгийн үзлэг хамгийн түрүүнд оруулж, үзэх хэрэгтэй байна. Бид нарын эрүүл мэндэд анхаарал хандуулж, санаа тавих ёстой. Тэд хамгийн ихээр хордсон байж таарна.

-Тэр үед зориулалтын хувцас, хэрэгсэл, баг байгаагүй юм уу?

-Зарим үед тусгай хувцастай орно. Заримдаа энгийн өдөр тутмын хувцастай ч ажилладаг байсан. Яг тэр саармагжуулах чингэлэг дотор багтай, баггүй орж байсан үе зөндөө бий.

-Тэр дотроос юу гаргасан юм. Шороо, химийн бодис байсан юм уу?

-Тэр дотроос шуудайтай цианит, хуурай нунтаг шуудайгүй цианит ч гарч ирж байсан. Би долоон шуудай цианитийг үүрч гаргасан. Намайг үүрч гаргасныг тэр үед Дарханаас ирсэн ахмад болон Хонгорын нэгдүгээр багийн дарга харж байсан. Надаас өөр хэн ч цианитыг үүрч гаргаагүй. Ийм л байна.

-Эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй шүү дээ. Юу ч гэсэн эмнэлэгг очихгүй дээ?

-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Дархан орж эмчид зүрхээ үзүүлсэн юм. Гэтэл тэр эмч нь чиний зүрх “Үхсэн хүний зүрх юм биш үү” гэж байна лээ. Зүрхний бичлэг яаж гарсныг би мэдэхгүй.

-Хэн гэдэг зүрхний эмч зүрхний бичлэг хийсэн юм бэ?

-Бүү мэд. Нэгдсэн эмнэлэгт л үзүүлсэн.

-Цуг ажиллаж байсан найман хүн чинь одоо Хонгорт байна уу. Тэд нарт ямар зовиур байгаа бол?

-Тэд нарт ямар зовиур байгааг нь би сайн мэдэхгүй байна.

-Яагаад гарсан юм бэ. Төмөрлөгийн үйлдвэр ажилд авсан Хонгорын залуусыг бүгдийг нь халсан гэдэг үнэн үү?

-Үгүй ээ. Төмөрлөгийн үйлдвэрт Хонгорын залуусыг бүгдийг нь халаагүй. Одоо 50 гаруй залуус Төмөрлөгт ажиллаж байгаа. Мөнгөтэй хувийн аж ахуйгаа эрхлэх гээд өөрсдийн гэр бүлийн дотоод асуудлаас шалтгаалж ажлаасаа гарсан хүмүүс бий. Би өөрийнхөө саналаар ажлаасаа гарсан. Хөхөө өвлийн хүйтэнд пааргүй пад трактороор юм зөөнө гэж барахгүй ажил байсан. Төмөрлөгийн үйлдвэрийн тэр их утаа тоосыг миний хордсон бие дийлэхгүй юм билээ.

-Хонгорынхон хордсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Үүнд би бүрэн итгэлтэй байдаг. Намайг Хонгорын эмнэлэгт эхний жил хэвтэж байхад хордлого тайлах эмчилгээ гээд дусал хийдэг байсан. Тэр дусал дотор ямар натри билээ нэг тариаг надад анх хийсэн. Тэр тариаг хийсний дараа хүний судас ямар өнгөтэй байдаг билээ миний бүх судас яг л тийм, час улаан өнгөтэй болсон. Үүнийг Хонгорын бүх эмч нар мэдэж байгаа. Яагаад судас маань улаан өнгөтэй гурав хоног байсныг хэн ч надад тайлбарлаж хэлж өгөхгүй байгаа. Тэрнээс хойш миний толгой, дотор байнга өвддөг болсон. Үүнийг тайлбарлаж өгөөгүйд нь би гомдолтой яваа.

-Та хордсон хүмүүстэй нэгдэн эрүүл мэндийнхээ төлөө яагаад тэмцэхгүй байгаа юм бэ?

-Хонгорынх гэхээр л хамуутай гээд хүлээж авдаггүй. Яваад тэмцээд ямар ч үр дүн гарахгүй. Улс төржих байна гээд хэн ч тоохгүй шүү дээ Хонгорын хордсон цөөн нь иpгэд хохироод үхэж үрэгдээд дуусч байна Хордоогүй гээд байгаа олонх нь цөөн хордсон иргэдээ буруутгаж загнаж байгаа. Та нараас болж бид тайван амьдарч чадахгүй байна гэдэг. Магадгүй тэдний хордлого нууц үедээ явж байж болно. Үр удамд нь дамжих ч магадгүй. Хэзээ нэгэн цагт тэд эрүүл мэндээрээ хохирсноо мэдээд тэмцэе гэвэл хэн ч тэднийг тоохгүй шүү дээ. Үлдсэн жаахан хугацаандаа сайхан амьдармаар байна. Засаг төр нь тоохгүй, хордоогүй хамуурсан гээд байхад яалтай ч билээ.

 Н.Отгонбаатар
Эх сурвалж: “Нийгмийн толь”

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш