logo
Одоогийн арга барилаа үндсээр нь өөрчилж байж утааг дорвитой бууруулна гэж засгийн газар үзжээ

Одоогийн арга барилаа үндсээр нь өөрчилж байж утааг дорвитой бууруулна гэж засгийн газар үзжээ

2012/02/06
Засгийн газрын  хуралдаанаар “Цэвэр агаар” төслийн өнгөрсөн оны ажлын тайланг хэлэлцлээ.     Энэ төсөл нь хотын гэр хорооллын 180 мянган өрхөд эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн болох сайжруулсан зуух, гэрийн иж бүрэн дулаалга, гонх, сууц ашиглуулж, түлшний хэрэглээ, утааны бохирдлыг багасган, сэргээгдэх эрчим хүч боловсруулахад дэмжлэг үзүүлэн агаарын бохирдлыг бууруулах зорилготой юм.
    Өнгөрсөн онд төслөөс 12 сая гаруй ам.доллар зарцуулж, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн худалдан авсан иргэдэд 9 сая орчим ам.долларын санхүүгийн дэмжлэг буюу татаас үзүүлсэн байна.
     Зуух, иж бүрэн дулаалга зэргийг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн агаарын бохирдлын нягтаршил ихтэй 50 хорооны 100 мянга гаруй өрхөд татаастай худалджээ.
2011 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт 57 мянга гаруй бүтээгдэхүүн борлуулсан байна. Энэ нь манай улсад агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдсэн, хийгдэж байгаа бусад төсөл, хөтөлбөртэй харьцуулахад хамгийн олон өрхийг хамарч чадсан гэж “Цэвэр агаар” төслийнхөн мэдээллээ.  
Сайжруулсан зуухыг зөв хэрэглэж байгаа өрхийн түлшний зарцуулалт 30 хүртэл хувь, яндангаас гарах утаа 80 хүртэл, гэрийн дулаалга болон эрчим хүчний хэмнэлттэй сууц хэрэглэж байгаа өрхийн түлшний зарцуулалт 40 хүртэл хувиар буурсан байна.
“Цэвэр агаар” төслийн хүрээнд одоогийн байдлаар 6,6 тэрбум төгрөг зарцуулаад байгааг ч тэд тайлагналаа.
Харин тус сангийн санхүүгийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, тооцоо судалгаагаа ямар зарчмаар гаргаж, юунд үндэслэн хөрөнгө мөнгө зарцуулж, бодит үр дүн нь яаж мэдрэгдэж байгаа нь тодорхойгүй байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байв.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа энэ бүх ажлын үр дүнд утаа яг хэдэн хувиар буурсан гэсэн бодит тоо хэлж чадах эсэхийг Ерөнхий сайд С.Батболд асуулаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ганболдын хэлснээс үзвэл гэр хорооллын айл өрхүүд 750 мянган тонн нүүрс түлдэг.  Харин 50 мянган зуух суурилуулснаар 117 мянган тонн нүүрс хэрэглээгүй, энэ хэрээр агаарын бохирдол 16 хувиар буурсан. Гэхдээ энэ бууралт одоогоор иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй. Дөрөвдүгээр сар дуустал айл өрхүүд гал түлнэ. Ингэхээр цаашид түүхий нүүрсний хэрэглээ мөн 100 мянган гаруй тонноор хэмжигдэнэ. Энэ эрчээрээ явбал 3-4 жилийн дараа агаарын бохирдол бүрэн арилах боломжтой юм байна.
Цаашид гэр хорооллын хязгаарлалтын бүсийг тэлж, айл өрхөд өгөх эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүний хэмжээг нэмэхээр төлөвлөсөн тухай Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлж байлаа.  
Айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох тухай Засгийн газрын журам өнгөрсөн оны сүүлээр гарсан. Энэ журмын хэрэгжилтийн талаар хуралдаанаар мэдээлэл сонслоо.
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011.11.02-ны өдрийн 309 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний үнийн урамшуулал олгох журам”-д заасны дагуу “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулан цахилгааны үнийн хөнгөлөлт, урамшуулал олгох ажлыг 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар түлш хөнгөлөлтөөр 13560, халаагуур хөнгөлөлтөөр 321, нийт 14137 хэрэглэгчтэй “Цахилгааны үнийн урамшуулал олгох гэрээ” байгуулсан бөгөөд давхардсан тоогоор 15326 хэрэглэгчдэд 99 сая төгрөгийн цахилгааны үнийн урамшуулал олгожээ.
Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Гэр хорооллын ядуу өрхүүдийн агаарын бохирдлыг бууруулах төсөл”-ийн хүрээнд 2 сая ам.долларын хөрөнгөөр 2009 оны 11 сараас 2011 оны 8 дугаар сар хүртэл хугацаан Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргийн 15 хорооны 4235 өрх гэрийн нэмэлт дулаалгын иж бүрдлийг 75 %-ийн үнийн хөнгөлөлттэйгээр олгосон байна.
Төслийн үр дүнд хийсэн тооцоогоор гэрээ дулаалсан өрхүүдийн түлшний хэмнэлт 35-50 %тай байгаа бөгөөд нэг өрхийн нэг өвлийн түлшний хэрэглээ дунджаар 4 тонн гэж тооцоход төслийн хэмжээнд жилдээ 9000 орчим тонн түүхий нүүрс, нүүрсхүчлийн давхар ислийг  11000 орчим тонноор хэмнэж байна. 
Гэр хорооллоос гадна 2100 гаруй нам даралтын зуухны тухай Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар ярилцлаа. Энэ онд 180 орчим нам даралтын зуухыг буулгахаар төлөвлөсөн байна. Жилд 100 гаруйг буулгана гэхэд хугацаа их шаардах учир нэг мөсөн хөрөнгийг нь гарган, нэг далайлтаар шийдэж болох эсэхийг сайд Ц.Нямдорж тодруулж байлаа.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд орон сууцжуулах нь чухал байгаа тухай багагүй яригддаг.
 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын хэлснээр бол өнгөрсөн жил 20 тэрбум төгрөг гарган айлуудыг нүүлгэн шилжүүлж, түр орон сууц барихаар бэлтгэж байна. Өнгөрсөн хугацаанд 218 айлыг нүүлгэсэн бөгөөд тухайн газарт 300 айлын орон сууцыг ирэх дөрөвдүгээр сард барьж ашиглалтад оруулахаар болжээ. 
Үүний зэрэгцээ Засгийн газрын 40000, 100000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд сүүлийн 4 жилд  улсын төсөв болон Монгол Улсыг хөгжүүлэх  сангийн 29365.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 32,8 км урт дулааны магистраль шугамыг өргөтгөн шинэчилсэн. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт орон сууц барьж дулаанаар хангахад асуудалгүй болсон гэсэн үг юм.
Агаарын бохирдлын 20 хувийг автомашины утаа эзэлдэг бөгөөд Улаанбаатар хотод жилдээ 100 гаруй мянган автомашин нэмэгдэж улмаар 300 мянга гаруй автомашин нийслэлийн замд түгжрэл үүсгэн давхилдаж байна гэсэн судалгаа гарсан байна. Иймээс эхний ээлжинд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын 800 автобусны 400-г нь дизель, хийн түлш гэсэн хосолмол хөдөлгүүртэй болгосон тухай Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ хэллээ.
Цаашид хуучирсан автомашиныг тээврийн хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хот руу оруулахгүй байх зэрэг зохицуулалт хийх тухай ч хуралдааны үеэр яригдаж байв.
Нийслэл хотод жилдээ 40 мянган иргэн шилжин ирдэг бөгөөд  тэдний амьдрах нөхцлийг хангахаас эхлээд олон хүндрэл дагуулдаг. Айл өрхүүд гэр хорооллыг тэлэхийн зэрэгцээ түүхий нүүрс түлж агаарын бохирдлыг улам нэмж байгаа. Иймээс хүн амын нягтарлыг багасгах үүднээс шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай хөндөгдлөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэлэхдээ “Одоогоор энэ талын хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, УИХ шийдвэл нийслэл хот эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой” гэлээ. 
Үүнээс гадна хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэр барих тухай хуралдаанаар хэлэлцсэн байна.
Энэ оны 12 дугаар сар гэхэд “Дулааны цахилгаан станц-2”-ыг түшиглэн 210 мянган тонн хагас коксжсон утаагүй түлшний үйлдвэрийг бүрэн ашиглалтад оруулах юм. Ингэснээр нийслэлчүүдийн нийт хэрэглээний дөрөвний нэгийг хангах боломж бүрдэнэ гэж холбогдох байгууллагын хүмүүс тайлбарлалаа. Одоогоор үйлдвэрийн тоног төхөөрөмжийг үндсэнд нь суурилуулж дууссан, шингэн шилний цехийн барилга дулаанаа аваад байна. Мөн түлш дамжуулах цехэд байрлуулах бутлагчийн суурийн металл хийцийн ажил дуусчээ.
Хагас коксжсон нүүрсний үйлдвэрийн зэрэгцээ Дулааны тавдугаар цахилгаан станцын талаар салбарын яамныхан мэдээлэл хийв.
Одоогийн байдлаар хоёрдугаар шатны бичиг баримт бэлдэх, Концессийн гэрээ, цахилгаан болон эрчим хүч худалдан авах гэрээ, нүүрс хангамжийн гэрээний төслүүдийг эцэслэн боловсруулж байна.
Цаашид цахилгаан, дулааны шугам, дэд станцын байршил, трасс, дизайн, зураг төслийг шийдвэрлэх, газар чөлөөлөх, нүүрс тээвэр, төмөр замын хүчин чадлын өргөтгөл, шинэчлэл, уурхайнуудыг өргөтгөх шаардлагатай болжээ. 
Иймээс энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг шийдэх, Улаанбаатар хотын цахилгаан түгээх сүлжээ, дулааны шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулахыг Засгийн газрын хуралдаанаас Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад үүрэг болголоо.   
Холбогдох газруудын мэдээлэлтэй холбогдуулан цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын гишүүд саналаа илэрхийллээ.
Тухайлбал экологийн цагдаатай болох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон санг нэгтгэх, нүүрснээс татгалзаж хийн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, агаарын бохирдлын хэмжээнд мониторинг хийдэг хөндлөнгийн, хараат бус нэгж ажиллуулах, салхины дээд талд байгаа буюу утааны голомт бүхий гэр хорооллыг эхний ээлжинд  орон сууцжуулах зэрэг санал гаргаж байлаа. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж, утаатай тэмцэх арга барилаа цоо шинээр харъя гэж Засгийн газар үзэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Утаа их гаргаж байгаа байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд хариуцлага тооцдог, утаа бага ялгаруулдаг, энэ чиглэлээр санаачлагатай ажилладаг бол урамшуулдаг механизм бий болгох нь зүйтэй” гэлээ.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа олон ажил байгаа ч цаашид бодлого, үйл ажиллагаа, санхүү, зохион байгуулалтын талаас нь эрчимжүүлэх шаардлагатай. Иймээс дээрх хариуцлага, урамшууллын механизм, нийслэлийн төр, захиргааны байгууллага хот гэр хорооллыг хэрхэн орон сууцжуулахаар төлөвлөсөн, хийн түлшийг хэрхэн нэвтрүүлэх нь зохистой зэрэг асуудлыг Засгийн газрын ойрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болголоо.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциацийн хороонд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж, Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш