logo
500 сая долларын өртөг бүхий алтан зоосны маргаан Испанийн талд шийдэгдлээ

500 сая долларын өртөг бүхий алтан зоосны маргаан Испанийн талд шийдэгдлээ

2012/02/07
Хагас тэрбум долларын өртөг бүхий 600 гаруй ширхэг алт, мөнгөн зоосны маргаан үргэлжилсээр байна. Америкийн Флоридад байрладаг “Одиссей Эксплорер” компани 2007 онд Испанийн эргийн дагуух Атлантын далайн гүнд шумбалт хийж байгаад эртний зоосуудыг олжээ. “Одиссей Эксплорер” компанийн хайгуулын багийн ахлагч Грег Стемм алт мөнгөн зооснуудыг тээвэрлэн АНУ-д аваачсаныг Испанийн Засгийн газар сайхнаар хүлээн аваагүй юм. Испанийн Засгийн газар удалгүй Америкийн холбооны шүүхэд гомдол гаргаж алт мөнгөн зооснуудыг эргүүлэн өгөхийг “Одиссей Эксплорер” компаниас шаардсан. Испанийн Засгийн газрын мэдэгдэж байгаагаар алт, мөнгөн зооснуудыг ачсан Испанийн хөлөг онгоц 1804 онд Перугаас хөдөлж, Урагвайд зогсоод эх нутаг руу буцаж явж байж. Алт ачсан хөлөг онгоцууд Испанийн эрэгт хүрэхийн даваан дээр Английн хөлөг онгоцуудтай тулгарч, ширүүн тулалдаан болсон аж. Тулалдааны явцад Английн хөлөг онгоцууд Испанийн алт ачсан хөлгүүдийг живүүлжээ. Уг тулалдаанд 200 орчим Испани хүн амиа алдсан байна. “Одиссей Эксплорер” болон Испанийн Засгийн газрын хоорондох тэмцэл 4 жил гаруй хугацаанд үргэлжилж, Холбооны шүүх энэ 7 хоногт алтан зооснуудыг Испанийн талд өгөх нь зөв гэсэн шийдвэр гаргажээ. Гэсэн ч “Одиссей Эксплорер” компани олсон хүний олз гэдэг шиг алтан зоосыг манай компани хөрөнгө гаргаж олсон гээд давж заалдахаар болжээ. Испанийн Соёлын сайд Хосе Игнасио Вертийн ярьж байгаагаар Испанийн эзэнт улсын үеийн алтан зооснуудыг мөнгөний зориулалтаар бус харин эртний үнэт эдлэл байдлаар хадгалах гэнэ.  Зооснуудын зарим нь Америкийн Археологийн музейд хадгалагдаж байгаа. Сонирхуулахад Перу улс мөн алтан зооснуудыг өөрсдийнх нь гэж мэдэгдээд байгаа юм. Учир нь 1804 онд Перу нь Испанийн колони байсан юм. Эзэнт гүрний үеийн алтан зооснууд 2 удаа Атлантын далайг хөндлөн гулд гаталсан. Одоо шүүхийн шийдвэр Испаний талд гарвал 3 дахиа Атлантын далайг гатлах болох нь.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш