logo
Монголын төр бас нэг газрын наймаачнаар дутаж гэнэ

Монголын төр бас нэг газрын наймаачнаар дутаж гэнэ

2012/02/07
Саяхан даа. Х.Бат-Эр­дэ­нэ гэдэг машины тосонд хут­галдсан жолооч хүү гэнэтхэн барилга угсрал­тын ажил эхлүүлж байсан санагдана. Өөртөө таарсан хөөрхөн компани байгуулчихаад “Ал­тай констракшн” хэмээн нэрий­дэж билээ. Сэргэлэн залуу бусдын буяныг эдлэ­хийн хажуугаар бузрыг нь ч их үүрэлцсэн дээ. Цаг хуга­цаа хурдан өнгөрч, Нийс­лэлийн газрын албаны даргын жолооч байсан залуу нүд ирмэхийн зуур Мон­голын толгой баячуудын нэг бол­жээ.
2003 оноос хойш барил­гын салбарт хүч үзэж яваа энэ залуу есхөн жилийн до­тор баячуудын эгнээнд шил­жинэ гэж тухайн үед хэн ч тааварласангүй. Харин өдгөө хаана найр наадам болно тэнд л Х.Бат-Эрдэнэ өндөр үнэтэй машин тэрэг бэлэглэж, аар­хана. Хэн машин тэрэг бэ­лэг­лэж, хүүхэн шуухан, морь ма­лаараа гайхуулж өрсөл­дөнө, тэнд Х.Бат-Эрдэнийн су­раг дуулддаг болжээ. Яах вэ, баян чинээлэг бизнесмэн эр мөнгөө л цацаж байгаа биз гэхсэн.


Гэвч шунал ихэдвэл шу­лам болдог гэдэг. “Алтай конст­ракшн”-ы Х.Бат-Эр­дэнэ үүний амьд жишээ болж, улстөрд хүч үзэхээр зэ­хэж байна.
Сураг сонсвол Х.Бат-Э­р­­дэ­нэ энгийн иргэд явах зай­­гүй болтол газрыг нь зар­сан Хан-Уул дүүрэгтээ нэр дэв­ших сурагтай. Амга­лан­гийн дэнжид ах дүүстэйгээ бужигнаж өссөн тэрбээр “Ал­тай констракшн” гэх томоо барилгын компани байгуулж чадлаа. Үүнээс илүү яах гэ­сэн юм бол.
Улстөр гэдэг бизнесийн салбараас тэс өөр, тэнгэр газар шиг ялгаатай. Харин Х.Бат-Эрдэнэ “Өөрөө бая­жиж ханалаа. Одоо ард түм­­нээ баяжуулна” хэмээн улс­­төр рүү хошуурдаг биз­нес­мэ­нүүдийн адил сайн сайх­ныг амлах биз.
Хөрөнгө бэлтэй хүн бүр ултөрд оршин тогт­ноод байдаггүйг олон хүн харуул­сан. Наад зах нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэ­бат, “Буян”-гийн Б.Жар­гал­сай­хан нарыг нэр­лэж болно. 
Б.Эрдэнэбат, Б.Жаргал­сай­хан хоёр насаараа ху­раа­сан хөрөнгийнхөө хүчээр хэ­дэн жил төрд суусан нь үнэн. Гэвч цаг цагаараа байдаггүйн жамаар хамаг мөн­гөө сон­гуулиар үрэн таран хий­чи­хээд байнд ч үгүй, бан­занд ч үгүй гэгчээр хоосон хо­цор­сон. Үүнд хорссон Б.Жар­галсайхан үймээн са­муун дэгдээж байж “цааз­луулах” шахсан. Харин Б.Эр­дэнэбат бас ч гэж ухаан зааж, Хөвс­гөл аймгаар нэг бэ­­лэг­лэсэн “Пур­гон” ав­тома­­ши­ныхаа зар­ла­гыг нө­хөх гэж үйлээ үзэж явна. Б.Жаргал­сайхан ч ял­гаа­гүй.
Улстөр гэдэг ийм л хатуу тоглоом. Хөрөнгө мөн­гөний хувьд Б.Эрдэнэбат, Б.Жаргалсайхан нар Х.Бат-Эрдэнийг дагуулахааргүй, ёстой л ид үе дээрээ байсан. Ард түмэн гэдэг юмны наад цаа­дахыг ялгаж салгадаг учраас мөнгөтэй бүхнийг нь сон­годоггүйг тэд яс махандаа шингэтэл мэдэрсэн байх.
Одоогийн улстөрчдийн ихэнх нь бизнесмэнүүд гэдэг нь үнэн. Тэдэн дээр нэмэгдэж орох хөрөнгөтнүүдийн орон зай энэ улстөрд даанч ал­га. Тэр тусмаа төрийн ал­банд ганц ч жил ажиллаж үзээ­гүй Х.Бат-Эрдэнэ шиг “пам­перс­тай пацаан”-д орон зай үлдээгүй. Ирэх сонгуу­лиар одоогийн улстөрч бизнес­мэ­нүүдээс нэлээд хэд нь шүүр­дэгдэх биз. Учир нь хүнийг мөн­гөөр хэмждэг үе төгсгөл болж байна. 
Уг нь Х.Бат-Эрдэнэ “Ал­тай констракшн”-аараа цол­луулаад, баян чинээлэг биз­несмэн чигээрээ явсан бол хэн ч түүнийг муу хэлж, ад үзэхгүй. Ард түмэн түү­нийг ямар луйвраар өдий зэрэг­тэй болсныг мэдэхгүй учраас “Юмтай хүн юмаараа тоглож байгаа биз” гэж л харна. Харамсалтай нь шуналдаа хөтлөгдсөн тэр­бээр улстөрд хошуу дүрсэн нь гавихгүй бодолтой нэгэн гэд­гээ зарласан үйлдэл бол­лоо. Улстөр гэдэг хоосон тол­гойтой, мөнгөтэй нэгнийх нь суудаг орон зай даанч биш аж. Х.Бат-Эрдэнийн хувьд ядаж л төгссөн сургууль, эзэмш­сэн мэргэжил гээд байх зүйлгүй. Аз, заль хоё­роороо ачигчаас эхлээд ба­рил­­гын компанийн эзэн болж томорсон юмдаг.
Урдахаа шингээж дуусаа­гүй байж илүү харж, билүү до­лоохоор зэхэж буй түүнийг хэрхэн хөлжсөн талаар бага­хан түүх сөхье.
Х.Бат-Эрдэнэ цэвэр тол­гой­гоороо ийм том компа­ни­тай болчихсон гэвэл үүн шиг худлаа юм байхгүй. Түүн­тэй ойр дотно ажиллаж байсан нөхөд нь их зальжин, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй нэгэн гэдэг юм билээ.
Үүний тод жишээ нь “Хадгаламж” банкны хэрэг. Х.Бат-Эрдэнэ МАН-ын нө­лөө бүхий эрхэм болон түү­ний өмнөөс ял эдэлж суугаа Ц.Чимэдцэрэн нартай нийлж, 14.3 тэрбум төгрөг идсэн хэргээр хэсэг хугацаанд хоригдсон. Гэвч Х.Бат-Эр­дэнэ нар томчуудын нөмөр нөөл­гөөр хэргээс мултарч, Ц.Чимэдцэрэн гүрийдгээрээ гүрийж, долоон жилийн ял сонсоод явсан. Харин Х.Бат-Эрдэнэ тухайн үед Газрын ал­баны дарга М.Цэлмэг, цааш­лаад Н.Энхбаяр зэрэг МАХН-ын томчуудын нө­мөрт хоргодсоор ялаас амь мул­тарсан гэдэг. Энэ өрөө төл­сөн үү яасан, саяхан на­мынхаа нөлөө бүхий томчуудын хүүхдийн хури­ман дээр 800 сая төг­рө­гийн үнэтэй машин бэ­лэг­лэж байна лээ.
Ер нь түүнийг МАН-ын томоохон санхүүжүүлэгч биз­нес­­мэнүүдийн нэг гэлцдэг. Учир нь Х.Бат-Эрдэнэ МАХН-ын хууччуулын өм­нөөс газар зарж, мөнгийг нь угааж өгдөг байсан гэнэ. Яг л “Мон-Уран”-ы Б.Наранхүү шиг.
Томчуудын гар хөлийн үзүүрт зарагдаж, хэд гурван төг­рөг олдог байсан Х.Бат-Эр­дэнэ газрын наймаанаас мөн­гө босгох арга ухаанд су­рал­цаж, тэр хэрээрээ ч хөлж­сөн. Өнөөдөр Улаан­баатар хо­тод Х.Бат-Эрдэнийн орол­цоо­гүй газар, байшин ба­рил­га гэж алга. Хаана л хууль дү­рэм зөрчиж байшин бариг­даж байна, тэнд “Алтай конст­ракшн”-ы барилга бос­дог.
Хамгийн сүүлийн жишээ гэвэл Хан-Уул дүүргийн 120 мянгатын орчимд үүссэн газрын маргаан. Өнгөрсөн жил 120 мянгатын автобусны буудлын ард байрлах ногоон байгууламжийг “Алтай конст­­ракшн”-ы Х.Бат-Эрдэнэ “Миний өмч” гээд нурааж эхэлсэн. Уг нь Хан-Уул дүүргийнхэн энэхүү ногоон байгууламждаа усан оргилуур хийж, хөг­шид амарч, хүүхэд тог­лох цэцэрлэгт хүрээлэн болго­хоор төлөвлөж байсан аж. Ингээд оршин суугчид удаа дараа гомдол гаргасны дараа хотын дарга арга буюу “Алтай констракшн”-ы газар эзэмших эрхийг цуцалсан юм. Үүнийг эсэргүүцсэн Х.Бат-Эрдэнэ Хотын даргыг шүү­хэд өгч, газрын төлөө яаж үхэн хатан тэмцэлддэгээ харуулсан.
Харин “Алтай конст­ракшн”-ы захирал дээрх 4000 метр.кв бүхий ногоон байгууламжийг 2005 онд нийслэлийн Засаг дарга болон Газрын албаны дарга нараас авсан байдаг.
Хотын төвийн 4000 метр.кв том газрын араас хүн бүр л үхэлдэх байсан гэж бодъё. Гэ­тэл Х.Бат-Эрдэнэ нэг ай­лын өрхийн хэрэгцээний газ­рыг үлдээлгүй хүчээр бу­л­ааж авдаг юм билээ. 2006 оны 12 дугаар сард иргэн Ё.Да­ваасүрэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Оргил” хот­хоны нэгдүгээр гудамжны хоёр тоотод гэр бүлийн хэ­рэг­цээндээ зориулан иргэн бүрт төрөөс олгосон 0.07 га газраа хуу­лийн дагуу өмчлөн ав­чээ. 2009 онд “Алтай конст­ракшн”-ы Х.Бат-Эр­дэнэ Ё.Даваасүрэнгийн газ­рын дэр­гэд орон сууцны зориу­лалт­тай барилга барьж эхэлсэн аж. Тэрбээр барилга барихдаа Ё.Да­ваасүрэнгийн газрыг оруу­лан хүчээр барилгаа барь­жээ.
Хохирсон иргэн шүүхэд гомдол гаргахад “Алтай конст­ракшн”-ы буруу болох нь тогтоогдсон байна. Гэсэн ч тэд шүүхийн тогтоо­лыг үл ой­шоон иргэн Ё.Даваа­сүрэн­гийн газар дээр барилгаа барьж дуусгажээ.
Ямартай ч ганзагын най­маа бус газрын наймаа­гаар хөлжсөн Х.Бат-Эрдэнэ хо­тын төвийн газруудыг “идэж” дуусаад улстөрд орж, төс­вийн хөрөнгөнөөс идэл­цэ­хээр сэтгэл шулуудсан бололт­ой.
Эх сурвалж: Өглөөний сонин

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш