logo
Цагаатгалын “ЦАГААН НОМ”-ын II боть хэвлэгдлээ.

Цагаатгалын “ЦАГААН НОМ”-ын II боть хэвлэгдлээ.

2012/02/08
 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг мөнхжүүлж, нэр төрийг сэргээсэн цагаатгалын  “Цагаан ном”-ын II дахь ботийг хэвлэн гаргалаа. Үүний өмнө хэвлэгдсэн I дэх ботид 1939-1991 онд цагаатгагдсан 6675 хэлмэгдэгчийг тухайн үед амьдарч байсан харьяаллаар нь түүнчлэн лам, тайж, язгууртан, дарга, ажилтан, цэргийн албан хаагч гэх мэтээр язгуур угсаа, ажил мэргэжлээр нь ялгаж, үсгийн дараалалд оруулан, аль байгууллагын шийдвэрээр хэдэн онд хэлмэгдсэн, ямар хэрэгт холбогдсон улмаар цагаатгагдсан зэрэг мэдээллийг эмхэтгэж гаргасан байна.
 Шинэ ботид мөн адил мэдээллийг эмхэтгэж, 1992 онд цагаатгагдсан 10086 хэлмэгдэгчийн мэдээллийг 235 хэвлэлийн хуудсанд багтаан  хэвлүүлжээ.
    Цагаан ном нь аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комиссууд, төв, орон нутгийн архивууд, номын сан, эрдэм шинжилгээний байгууллагууд, шашин сүм хийдийн газрууд, төрийн болон төрийн бус байгууллагуудад  үнэгүй тараах ажээ.
Хэлмэгдлийн хар сүүдэр нөмөрсөн өнгөрсөн зууны 1922-1989 онд 36 орчим мянган иргэн улс төрийн хэрэгт шийтгэгдсэнээс 30.2 мянган иргэний хэрэг хилс болох нь тогтоогдож цагаатгагдаад байна. Цагаатгалын ажил одоо хүртэл үргэлжилж байгаа бөгөөд бүх хэлмэгдэгсдийг хамруулсан 4-5 боть “Цагаан ном”-ыг гаргахаар төлөвлөсөн аж.
Номыг Улсын комиссын нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Лхагварэнцэн хянан тохиолдуулж, тус комиссын ажилтан Л.Хатанбаатар, Т.Уугансайхан нар эмхэтгэжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш