-Та яагаад хүмүүсийг хүлээн авч, үзэхээ больчихов?
-Яагаад гэвэл үүгээр мөнгө олох хэцүү. Гэтэл би гэр бүлээ тэжээх ёстой шүү дээ. Тэгээд ч одоо далдыг харагч, зөнбилэгчид олширчээ. Гэвч ихэнх нь хуурамч. Харин би тэдний нэг гэгдэхийг хүсэхгүй байна. Ер нь зөнбилэгч, анагаагч гэдэг бол хариу талархалгүй мэргэжил. Хүмүүс зөнбилэгчдээс их юм хүлээдэг. Шидтэн ирээд шидэт саваагаар дохиод бүх юм зүгээр болно гэж найддаг. Гэвч үнэндээ хувь хүн өөрөө хүчин чармайлт гаргахгүй бол амьдрал нь өөрчлөгдөхгүй гэдгийг тэд ойлгодоггүй. Иймээс тэдэнд дахиад асуудал үүсч, улмаар тусалсан зөнбилэгчийг буруутгадаг.
-Ноён Мехди та хүүхэд насныхаа талаар ярина уу?
-Би Тегеранд төрсөн. Гарван ах, хоёр эгчтэй. Эцэг маань голдуу бизнес хийдэг ч бас сэтгэлзүйч, гүн ухаантан хүн байлаа. Ээж маань турк хүн. Харамсалтай нь нас барчихсан. Ээж маань аавд маш их хайртай учраас перс хэлийг төрөлх хэл шигээ сурсан гэдэг. Хэрэв ээж маань эсэн мэнд байсан бол надаар бахархах байсан даа. Энэ чинь нэг ёсондоо түүний л амжилт. Би насан туршдаа ээждээ талархаж явдаг.
-Далдын чадвараа яаж нээсэн бэ?
-Намайг 6-7 настай байхад манайд зочид ирээд явсан юм. Тэднийг явсны дараа миний бие муудахад ээж намайг хүмүүсийн сөрөг энергийг аваад оронд нь эерэг энергийг бэлэглэдэг гэдгийг ойлгосон гэдэг. Дараа нь би хий юм үзэж эхэлсэн. Яг хэзээ гэдгийг сайн санахгүй байна. Нэг л сайхан мөчид би ойрын хугацаанд болох үйл явдлыг урьдаас зөгнөн харж чаддагаа ойлгосон. Намайг зүүдэндээ ярьж байхад эцэг эх маань сандарч түгшдэг байв. Харин дараа нь би бясалгаж сурснаар хүний бодол санааг уншдаг болсон юм.
-Та яаж яваад Орос оронд ирсэн бэ?
-Ээж маань намайг эмч болоосой гэж мөрөөддөг байсан. Би Орос оронд ирээд Сеченовын нэрэмжит Москвагийн анагаах ухааны академид дотрын эмчийн ангид элсэн орсон. Дараа нь шүдний эмчийн сургуульд сурахын зэрэгцээ сэтгэл зүйчийн боловсрол эзэмшсэн юм. Одоо би гурван мэргэжилтэй. Харин дараа нь “Зөн билгийн тулаан 3”-д оролцож ялсан юм. Би Орос оронд 16 жил амьдарч байна. Орос эхнэртэй.
-Саяхан таны “Амьдралын чавхдас. 10 практик зөвлөгөө” ном гарлаа. Номынхоо талаар ярьж өгнө үү?
-Энэ номдоо би өөрийн намтрыг бичсэн. Хүүхэд нас, өсвөр үе, бурхнаас заяасан хишгийн талаар ч өгүүлсэн юм. Номондоо хамаг сэтгэл зүрхээ уудалсан гэхэд болно. Бичихэд их хүнд байсан. Яагаад гэвэл чөлөөт цаг бага байсан учраас шөнийн цагаар бичсээр дуусгасан даа.
-10 практик зөвлөгөө гэж юу вэ?
-Хүний биеийн 80 хувь уснаас бүтдэг, мөн усыг эерэг, сөрөг энергиэр цэнэглэдэг гэдгийг хүмүүс мэднэ. Номондоо өөрийн биед байгаа усыг хэрхэн, яаж цэнэглэж, улмаар амьдралын сөрөг үеэс зайлсхийж болох талаар өгүүлсэн юм.
-Та одоо ямар ажил хийж байна?
-Одоо би сэтгэлзүйчээр ажилладаг. Би ажилдаа дуртай учраас аль болох сайн хийхийг хичээдэг. Ажилгүй сууж чаддаггүй юм. Миний дотоод дуу хоолой надад үргэлж юу хийхийг заадаг.
-Хүмүүст энэ талаар зөвлөөч?
-Дотоод дуу хоолойгоо сонсохын тулд толины өмнө зогс. Тэгээд нүдээ аниад өөрөөсөө “Ийм ажил хийх хэрэг байна уу?” гэж асуу. Дараа нь нүдээ нээгээд толинд туссан дүрсээ хар. Хэрэв та анхаарлаа төвлөрүүлбэл ямар замаар явбал зөв гэдгийг, юу хийх ёстойгоо мэдэрнэ. Энэ аргыг заяаны ханиа олохдоо ч бас хэрэглэж болно. Олон хүн сонголт хийхдээ алдаж, үүнээсээ болж их шаналдаг.
-Та уран зураг их шохоорхдог юм аа?
-Би уран зурагт их дуртай. Ялангуяа Сальвадор Далийн уран бүтээлд. Түүний зургууд үнэхээр гайхамшиг. Харин би тосон будгаар зурдаг. Ихэнхийг нь нүдээ аньж зурдаг юм. Надад үзэгдсэн хий юмс, үзэгдлийг зурах гэж би байнга оролддог. Зарим зургаа зардаг, харин өөрт маш их таалагдсаныг хэнд ч өгч чадахгүй. Хоёр зургаа оффист өлгөөд байнга харах дуртай. Эдгээр зураг анхаарлаа төвлөрүүлж, мэдрэлээ тайвшруулахад минь тусалдаг.
-2012 онд ертөнцийн төгсгөл ирнэ гэдэг. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хорвоогийн сүйрэл тохиох эсэхийг би хэлж мэдэхгүй. Иймээс юу ч хүлээх хэрэггүй. Хүмүүс бүхий л амьдралаа хоосон хүлээлтээр өнгөрөөж, амьдарч чаддаггүй. Зүгээр л өдөр бүрийг амьд явах эцсийн өдөр мэт санаж, сайн сайхан үйлсийг чадах чинээгээрээ хийхийг эрмэлзвэл зохино. Тэгвэл ертөнцийн төгсгөл ирэхгүй.
Эх сурвалж:
"Өглөөний сонин"