logo
С.Батболд хэн гэгч олигархиас хэзээ хагацах вэ?!

С.Батболд хэн гэгч олигархиас хэзээ хагацах вэ?!

2012/02/08
Эрхэм Ерөнхий сайд С.Батболд та өөрөө олигархи мөн үү, биш үү
МАН-ын IIIбага хурал дээр Ерөнхий сайд С.Батболд намын даргын хувиар “олигархийн” гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний засаглалтай компаниудын бүтэц рүү шилжилт хийнэ” хэмээн хэлсэн нь зарим хүний зүрхийг зогсоочих шахлаа. Танхимд суугаа зарим нэг нь шилбэлзэж, басхүү нөгөө хэсэг нь ёжтойхон шоолж харагдсан. Олигархийг нэрлэх тоолондоо өөрийнх нь нэрийг хавчуулдаг иргэний хөдөлгөөнийхөн үүнийг хүзүүндээ олс угласнаас өөрцгүй гэж “орчуулсан”.

Юун түрүүнд С.Батболд өнөөгийн тогтолцоог олигархийн гэж өөрөө тодорхойллоо. Тодорхойлсон тогтолцооноосоо ангижрахаа ч мэдэгдлээ. Гэхдээ Ерөнхий сайд “олигархи” гэж хэнийг, “олигархийн” гэдэгт аль компанийг багтаав гээд олон асуулт түүний мэдэгдлээс үүдээд гарч байна. Хүмүүсийн хэлээд байгаачлан тодорхойлсон “олигархи” гэдэг томъёололдоо өөрөө багтаж байгаа юу?! Түүний үүсгэн байгуулсан“Алтай Трейдинг”, “Чингис” зочид буудал, “Скай шоппинг” төв, “Алтай кашмер” болон хувьцаа эзэмшдэг “Бороо гоулд”, “Скайтел”, компаниуд, хувьцаа эзэмшиж байсан “Энержи ресурс” зэрэг нь“олигархийн” гэдэгт багтах уу?

“Олигархи” гэж хэн бэ?

Эртний Грекээс гаралтай энэ үгийг “олигос” буюу хэсэг, “архо” буюу хүч, засаглал, удирдлага гэж толь бичигт тэмдэглэсэн байдаг. Товчхондоо, засаглал хэдхэн хүний гарт төвлөрөх гэж ойлгож болно.
Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дээрх томъёоллыг “Олигархи гэдэг чинь төрийн эрх мэдлээр дамжуулж ашиг олдог бизнесмэнүүд. Энэ нь нэг талаар бизнесийнхэн төрд орж ирж байна, нөгөө талаар төрд байгаа том эрх мэдэлтнүүд бизнес хийж байна” гэж тайлбарлажээ.
Харин УИХ-ын гишүүн С.Баяр түүнийхээс арай өөрөөр хэлж байж. Өнгөрсөн жил “ТВ-5” телевизэд өгсөн ярилцлагадаа  “…Европт XIX зуунд хөрөнгө мөнгөтэй хүмүүс эрх мэдэлтэнтэй хамсч ноёрхлоо тогтоохыг “олигархи” гэж оноож хэлдэг болсон юм шиг. Хөрөнгийн анхны хуримтлал бий болох тэр цаг үеийн л хэллэг, томъёолол гэмээр… Харин энэ үгийг одоо байнга хэрэглээд байгаа улс орон бол манайхаас гадна Орос л байх шиг. Орост 1990-ээд оноос хойш “олигархи” гэж тодорхой хүмүүсийг нэрлээд байдаг. Гэхдээ ам яриа, эсвэл аль нэг сонины нийтлэлд гарах л хэмжээнд шүү дээ. Тэрнээс манайх шиг хурлын тогтоол гаргаад, түүнийгээ зарлаад явна гэж юу байхав” гэсэн байх юм.
Аль алиных нь жишээ энэ төрд бишгүй олон. Бүр төсөөлснөөс ч их. Монголд хувийн эмнэлэгтэй эрхэм Эрүүл мэндийн дэд сайдаар ажилласан хоёрын хоёр тохиолдол бий. Өмнө нь “Хатагтай” эмнэлгийн эзэн М.Отгонболд дэд сайдаар ажиллаж байсан бол өнөөдөр Ж.Цолмон хатагтай үргэлжлүүлэх жишээний. Дээд сургуультай хүн Боловсролын сайд болох бас л энгийн үзэгдэл. Хувийн дээд сургуультай хэрнээ Боловсрол шинжлэх ухааны дэд сайдаар томилогдсон С.Төмөр-Очир гээд л…
Тэд бүгд бизнестэй, бас эрх мэдэлтэй. Эрх мэдлээ ашиглаад хувийн бизнесээ өргөжүүлсэн гэх пакт байхгүй ч сонирхлын зөрчилтэй л улс.
Хамгийн сүүлд гэхэд л таван дэд сайдын томилгоо бизнесийн бүлэглэлийнхэн төрд хэрхэн баг бүрдүүлж буйг илчилсэн явдал болоод байгаа.
Тэгээд энэ бүхэнтэй С.Батболд тэмцэнэ гэв үү. Гэвч хэлэх нэг хэрэг. Хийх өөр хэрэг. Түүний ам ажил хоёр алд дэлэм зөрөөд байна. Наад зах нь дээр дурдагдсан дэд сайдуудын томилгоо.
Олигархиуд ангилалд МАН, АН-ын нэртэй, нөлөөтэй бүлэглэлүүд багтаж буй нь гарцаагүй үнэн. Дээр нь, Ерөнхий сайдыг өөрийг нь ч энэ бүлэглэлд олон нийт багтаадаг. Ингэж бодвол, С.Батболдын мэдэгдэл өөрийнхөө толгойд буу тулгаад гох дарсантай ижилхэн зүйл болж хувирах нь зайлшгүй.

С.Батболд тойргийн гадна үлдэх үү?

Сайд нарыг томилох үеэр чуулганы танхимд дараах яриа өрнөсөн юм, УИХ-ын гишүүн Н.Батбаяр Ерөнхий сайд С.Батболд нарын хооронд.
-Таныг Ерөнхий сайд болсон хугацаанд манай улс хэр баяжсан, та өөрөө хэр баяжсан бэ.Тавантолгойг “MCS”-д зарсан уу, эсвэл бэлэглэсэн үү?
-Эхлээд та өөрийгөө засах хэрэгтэй. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг үнэн юм билээ. Би өөрийгөө засаад өрхөө засчихсан. Одоо төрөө засах ажлыг үүнээс ч илүү хийж чадна гэж бодож байна. Тавантолгойн лицензийг 10 гаруй жил хадгалж байгаад үндэсний компанидаа өгсөн. Хэн нэгэн гадаадын хүнд худалдаагүй. Хариуцаж байгаа хүн нь би. Харин та байсан бол чадахгүй гамшиг болгоно. Ийм зохимжгүй юм ярихаа боль… гэж сандарч байгаа харагдсан. Н.Батбаяр гишүүн дээрх асуултыг удаа дараа тавиад ч үүнээс илүү хариулт авч чадаагүй. Харин энэ асуулт эрхэм Ерөнхий сайдыг маш ихээр бухимдуулж, уурссан байдлаа түмнээс нуух аргагүй болгосон. Ерөнхий сайд С.Батболдын ууртай царай сонгогч олны нэлээд хэсэгт нь тун ч сэжигтэй санагдсан байх.
Энд асуугаад байгаачлан С.Батболд Ерөнхий сайд болохоосоо өмнө өөрийн эзэмшлийн тэрхүү лицензээсээ татгалзсан нь бас л сонирхолтой. Бизнес сэтгэлгээтэйгээрээ толгой цохьдог эрхэм Монголын төсвөөс ч илүү хөрөнгө олох лицензээ зүгээр өгчихнө гэж байх уу. Яагаад түүнээсээ татгалзав.
Нэр, төрөө эрхэмлэсэн аливаа хүн бохир, буруу бизнес, хууль бус үйлдлээс татгалздаг, нэр цэвэр байхын тулд. Харин шударга бизнесмэн хүн эдгээрийн дээр ашиггүй наймаанаас татгалзана, модоо барьчихгүйн тулд.
Тэгвэл Ерөнхий сайд өөрийгөө хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй гэж байгаа. Үнэхээр тийм л юм бол, тэр компани нь хууль ёсны, тэгээд монголчуудыг хэдэн үеэр нь тэжээчих ашиг олох юм бол харин ч нэр төрийн хэрэг биш гэж үү. Монгол Улсыг тэжээн тэтгэж байгаа компаниас татгалзах ямар тохиолдол байж болох вэ. Н.Батбаяр гишүүний асуугаад байсанчлан Тавантолгойн лицензийг зарсан уу, бэлэглэсэн үү гэдэг анхаарал татаж байна. Ерөнхий сайд УИХ-ын гишүүний тэр асуултад хариулаагүй.
Хариулахгүй байна гэдэг хууль бусаар лицензийн асуудлыг шийдсэн байх гэх харыг төрүүлж байгаа юм.
“Төрдөө хоноцын сэтгэлээр хандаж, түмэндээ хаврын тэнгэр шиг ааш аяг гаргадаг хүн Монгол төрд ажиллах боломж байхгүй гэдгийг хатуу хэлье. Тийм хүн төрд шургалах бул чулуу болон шигдэх боломж бололцоог олгохгүй байх бүхий л эрх зүйн хийгээд бүтэц зохион байгуулалтын зохицуулалтыг хийх нь шинэчлэлийн бодлогын үндэс байх болно” гэж Засгийн газрын тэргүүн онцолсон байсан.
Тиймээс л олигархиудыг ярьж эхэлснийх Ерөнхий сайдаас дараах асуултад нээлттэйгээр хариулахыг “АЭ” хүсье.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд танаа:

-Олигархиудыг нэрлэ гэвэл аль аль намын хэн хэнийг нэрлэх вэ?
-Тавантолгойн лицензийг зарсан уу, бэлэглэсэн үү?
-Та одоо “Энержи ресурс”-тай ямар нэгэн байдлаар холбоотой юу?
-Та өөрөө олигархи мөн үү?
-Таны компаниуд “олигархийн” гэж томъёололд чинь орох уу?
-Олигархийн засаглалаас хэзээ ард түмний засаглалд шилжих вэ, 2030 онд уу?

Гүнээ хүндэтгэсэн  Л.Нарантөгс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш