logo
Шинээр томилогдсон Элчин сайд нарт амжилт хүслээ

Шинээр томилогдсон Элчин сайд нарт амжилт хүслээ

2012/02/09
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн дагуу Монгол Улсаас гадаадын зарим оронд суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, зарим хүнийг Элчин сайдаар томилуулахаар санал болгосныг УИХ өнгөрсөн оны 12-р сарын нэгний нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд дэмжин баталсан билээ. Шинээр томилогдсон элчин сайд нараас  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар,  Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нарыг өчигдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хүлээн авч уулзсан юм.
УИХ-ын дарга шинээр томилогдсон таван Элчин сайд дундаа ганц эмэгтэй, Монгол Улсаас БНСУ-д суух хоёр дахь Элчин сайд Б.Дэлгэрмаад хандаж, Монгол, Сингапурын парламент хоорондын харилцаа зохих түвшинд хараахан хөгжиж амжаагүй, харин парламентын хувь гишүүд, хувийн байгууллага, аж ахуйн нэгж хоорондын харилцаа тодорхой түвшинд хэрэгжиж байгааг дурдаад “Манай хоёр орны парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, иргэд хоорондын харилцаа холбоог хөгжүүлэхэд тус улсад сууж буй ЭСЯ зохих ёсоор анхааран ажиллах нь зүйтэй” хэмээн ярьсан юм.
Харин  Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улстай манайх уламжлалт сайхан харилцаатайн дээр Парламентын бүлгүүд, парламентын Тамгын газрын түвшинд нөхөрсөг сайхан харилцаа тогтсон, жишээ нь, Монголын талаас Лаос улсад өндөр, дээд хэмжээний айлчлалууд хийж байснаас гадна эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаа өргөжиж байгаа, УИХ-ын гишүүдийн суудаг улаан модон ширээ л гэхэд Лаосоос бэлгэнд өгсөн тавилга байдгийг УИХ-ын дарга дурдаад далайн чанадын Лаос, Вьетнам, Тайланд, Энэтхэг зэрэг оронтой дипломат бодлогын түвшинд маш сайн харилцаатай байх нь олон улсын тавцанд өөрийн орныг дэмжүүлэх, улс орны аюулгүй байдал, батлан хамгаалах үйл хэрэгт ч зохих үүрэг гүйцэтгэдэг болохыг онцлон тэмдэглэсэн юм.
УИХ-ын дарга шинээр томилогдсон Элчин сайд нарт ажлын амжилт хүсч, Монгол Улсын гадаад харилцааг шинэ түвшинд гаргах талаар санаачилгатай ажиллаж, тодорхой үр дүн гаргахыг захилаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш