logo
Хятадаас бага оврын трактор авна

Хятадаас бага оврын трактор авна

2012/02/09
Малчид, тариаланчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр хөдөө аж ахуйн зориулалттай трактор олгох ажлын хэрэгжилт, явцын талаар салбарын сайд Т.Бадамжунай Засгийн газрын хуралдаанд өчигдөр танилцуулжээ.
Өмнө нь газар тариалан, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр бага оврын 8000 ширхэг трактор худалдан авахаар 40 сая ам.доллар төсөвлөсөн байна.
Энэ хөрөнгөөс хэмнэгдсэн 12.07 сая ам.доллараар бага оврын техник нийлүүлэгчээр шалгарсан аж ахуйн нэгжтэй шууд гэрээ байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд, гэрээний гүйцэтгэлийг санхүүжүүлэхийг Сангийн сайд Д.Хаянхярваад хуралдаанаас зөвшөөрчээ. 
Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлэд малчдад бага оврын 8000, тариалан эрхлэгчдэд 12 мянган трактор, дагалдах тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй үнээр олгох, том, дунд оврын техникийн лизингийн үйлчилгээ нэвтрүүлэх, бага оврын трактор, тээврийн хэрэгсэл, дагалдах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж угсрахаар заасан.
Энэ зорилтын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр малчдад бага оврын 3000 трактор, тариалан эрхлэгчдэд 5000 тракторыг иж бүрдлийн хамт нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Шууд худалдан авах техник, тоног төхөөрөмжийг шинээр байгуулах дундын нэгжид олгох юм байна.
2009-2011 онд төсвийн болон ОХУ-ын банк хоорондын зээлийн хөрөнгөөр авсан техник, тоног төхөөрөмжөөс 16 аймгийн 36 суманд техникээр үйлчилгээ үзүүлэх дундын нэгж байгуулжээ.
Мөн 7.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий 21 нэрийн 266 ширхэг техник, тоног төхөөрөмжийг гурван жилийн хугацаанд техникийн үнийг эргэн төлөх нөхцөлтэйгээр өгсөн нь тариаланчдад ихээхэн дэмжлэг болсон гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам үзэж байна.
Техник дундын үйлчилгээний нэгж байгуулснаар жилд дунджаар 10 мянга гаруй га талбайд чанартай уринш бэлтгэж, 14 мянган га талбайн үр тариа, 1.2 мянган га талбайн төмс тарих, хураах ажил хийжээ.
Төмс, хүнсний ногооны 80 орчим хувийг өрхийн болон жижиг аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэдэг бөгөөд нийт 83 мянга гаруй га талбайд 795 иргэн, аж ахуйн нэгж 300 хүртэл га талбайд үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг. Эдгээрийн 40 орчим хувь нь бусдын техникийг түрээслэж, эсвэл төлбөр төлж ашигладаг юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш