ОХУ-ны Ерөнхий сайд Владимир Путин шашны удирдлагуудтай уулзах үеэрээ гадны улсуудыг Оросын дотоод хэрэгт оролцохгүй байхыг анхаарууллаа. Тэрээр Ливи болон Сири улсуудад болсон болон яг одоо болж байхаа нөхцөл байдлыг онцлоод Ливийн удирдагч асан Каддафи Сирте хотод босогчдын гарт амиа алдсан нь шударга бус үйлдэл байсан. Гадны улсууд Ливийн дотоод хэрэгт оролцсоноос болж, Хойд Африкийн улсад эмх замбраагүй байдал үүссэнийг сануулсан байна. Путин Сирийн эсрэг арга хэмжээ авах НҮБ-ын тогтоолын төслийг эсэргүүцсэн ОХУ-ын байр суурийг хамгаалж, гадны улсууд тэр тусмаа барууны улсууд Сирийн дотоод хэрэгт оролцохоор чармайж байгааг шүүмжлээд Оросын дотоод хэрэгт ч мөн барууны улсууд оролцохын эсрэг тууштай тэмцэхээ илэрхийлсэн байна. Ирэх сард ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр зэхэж байгаа тэрээр сүүлийн үед АНУ болон НАТО-гийн үйл ажиллагааг хурцаар шүүмжлэх болсон юм. Хойд хөршийн загалмайлсан эцэг болоод байгаа тэрээр өнгөрсөн 12 сард болсон Оросын Засгийн газрын эсрэг жагсаал цуглааныг барууны улсууд дэмжиж санхүүжүүлснийг шүүмжилсэн байна. Ерөнхийлөгч асан Борис Ельцин эрүүл мэндийн шалтгаанаар 1999 онд ажлаа өгсний дараагаар Владимир Путин ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2000 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож 2008 он хүртэл уг албыг хашсан юм. Хэрэв Путин ирэх 3 дугаар сард Ерөнхийлөгч болбол ардчилсан системд шилжсэн ОХУ-ын хамгийн удаан төрийн дээд албан тушаал хашсан эрхмээр тодрох юм.
Н.ЭДДИ
Н.ЭДДИ