Анх гар утас дэлгэрч байх үед дэлхийн үүрэн телефоны зах зээлийг бараг ганцаараа шахуу эзэгнэж байсан Финляндын “Nokia” компани санхүүгийн хүнд байдалд орон 4 мянга орчим ажлын байрыг нэмж цомхотгохоор болсон байна. Уг компани ажиллах хүчний зардлыг багасгах зорилгоор Финлянд, Унгар, Мексикт байдаг үйлдвэрүүдээ хааж, Хятад Энэтхэг зэрэг Азийн орнууд руу үйлдвэрээ татаж, цаашид smartphone буюу ухаалаг гар утасны үйлдвэрлэлээ сайжруулж ажиллахаар төлөвлөж байна. 4 мянга орчим ажлын байрыг нэмж цомхотгоно гэдэг нь нийт ажилчдын 8 хувь юм. Стефен Элоп 2010 онд “Nokia” компанийн гүйцэтгэх захирал болсноос хойш нийтдээ 30 гаруй мянган хүнийг цомхотгоод байгаа юм. Компанийн удирдлагуудын ярьж байгаагаар цаашид ч ажлын байраа цөөлөх юм байна. Учир нь өнгөрсөн жил уг компани Windows Phones гэдэг ухаалаг гар утас гаргасан хэдий ч худалдаа 73 хувиар буурсан юм. “Nokia” компани 1960-аад оноос эхлэн харилцаа холбооны техник хэрэгсэл, тоног төхөөрөмж үйлдвэрлэж эхэлсэн. 1990-ээд оноос эхлэн дэлхийн гар утасны зах зээл дээр бараг дангаараа ноёлж эхэлсэн. 120 гаруй оронд салбараа нээн 130 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж, 150 орчим улсад бүтээгдэхүүнээ худалддаг гар утасны магнат номпани байсан боловч I PHONE, SAMSUNG зэрэг мэдрэгчтэй дэлгэцтэй ухаалаг гар утас гарч ирснээс хойш Nokia компанийн ашиг буурч эхэлсэн юм. Nokia Microsoft компанитай хамтран ажиллахаар болж, мини компьютер буюу Windows Phone гаргасан ч алдсан зах зээлээ эргүүлэн олж авч чадахгүй санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn