Америкийн алдарт дуучин Уитни Хьюстон 48 насандаа таалал төгссөн байна. I Will Always Love You болон Saving All My Love For You зэрэг хит дуунуудаараа шүтэн бишрэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлч бүх цаг үеийн хамгийн aлдартай дуучдын нэг байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд мансууруулах бодис, салалт зэрэг асуудлууд түүний нэр хүндийг унагасан. Цагдаагийн төлөөлөгч Марк Рөүзний мэдээлснээр Хьюстон Лос Анжелес хотын Беверли Хилтон зочид буудлаас амьсгал хураасан байдалтай олджээ. Дуучны нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Хьюстоны ээж Эмили Хьюстон сүмийн найрал дуучин байжээ. Нью Жерсид өссөн Хьюстон сүмийн найрал дуунд дуулж эхэлсэн бөгөөд улмаар Нью-Йоркт ирж шөнийн клубуудад дуулдаг байсан байна. Харин тэрээр Arista Records-гэрээ байгуулахаасаа өмнө загвар өмсөж байжээ. 1980, 90-ээд оны үед ид нэрд гарж байсан Хьюстон олон шагналын эзэн болсон бөгөөд цөөнгүй цомог гаргасан билээ. "Бие Хамгаалагч" кинонд тоглосон нь дуучинд чамгүй амжилтыг авчирсан юм. Харин сүүлийн жилүүдэд хар тамхи хэрэглэснээс болж Хьюстоныг муу зүйл тойроогүй. Түүний хоолой ч ихээхэн муудсан байна. Хьюстон Бобби Браунтай гэрлэж Bobbi Kristina гэдэг охинтой болсон ч хэрүүл тэмцлээр дүүрэн байсан тэдний хамтын амьдрал 2007 онд эцэс болжээ.
Э.АМАР
Э.АМАР