Путины дэглэмийг хүчтэй шүүмжилдэг Оросын нэгэн тоймч “Улс төрийн шударга өрсөлдөөн бол ардчиллын зүрх, хөдөлгөгч хүч”гэсэн нэртэй нийтлэл бичиж, хойд хөршийн нийгэм, улс төрийн өрсөлдөөний тэнцвэргүй байдлыг шүүмжилжээ. Түүний үзэж байгаагаар Оросын дундаж давхрагынхан улс төрийн эрхээ эдлэхээр тэмцэж эхлээд байгаа бөгөөд яг одоогийн нийгэмд Оросын ард түмэнд хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгүй болжээ. Мөн нийгэмд авлига хээл хахууль газар авч улс төрийн эрх мэдэл хэдхэн олигархуудын гарт төвлөрч, улс төрийн ил тод байдал, хариуцлага гэж байхаа больсон байна. Тэгвэл Оросын нийгэмд тулгараад байгаа асуудлыг Путин өөрөө сайн мэдэж байгаа. Учир нь Путин энэ маягийн дэглэмийн гол архитектор нь юм. Путин өөрийгөө 1990-ээд оны суларч доройтож байсан Орос орныг орчин үеийн хүчирхэгжиж байгаа Орос орон болгосон гэж үздэг. Гэхдээ Орос орныг Путин авраагүй. Харин Оросын асар их байгалийн баялаг, тэр дундаа газрын тос уг орныг аварсан гэж судлаачид үзэж байна. Тэгэхээр иргэдийн амжиргаа дээшилж байгаа нь Путины бодлогоос бус харин 2000-аад оноос эхлэн дэлхийн зах зээл дээр үнэн нь өссөн газрын тосноос хамааралтай юм. Путиныг 2000-аад онд засгийн эрхэнд гарч байхад 1 баррель газрын тосны үнэ 27 доллар байсан. Харин одоо дэлхийн зах зээл дээр 1 баррель газрын тосны үнэ 116 долларт хүрсэн. Газрын тос нь Оросын гол эдийн засгийг тэтгэж байна. Оросын нийт экспортын гуравны нэг хувийг газрын тос эзэлдэг. Холбооны нөөцийн тал хувийг газрын тосноос олсон орлогоор бүрдүүлж байна. Оросын эрх баригчид буюу Путины тойрон хүрээлэгчид газрын тосноос олсон ашгаа баялаг бүтээхэд зориулсан үйлдвэр барихын оронд эрх мэдлээ бэхжүүлэхэд зориулж байна гэж эх сурвалжууд шүүмжилж байгаа. Ирэх 3 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Путин өрсөлдөгчгүйгээр ялах магадлал өндөр байгаа. Газрын тосыг үнэд оруулах нь Орост тэр тусмаа Путинд ашигтай. Гэхдээ Путины энэ арга түр хугацаанд боломжийн. Харин удаан хугацаанд бол явуургүй болж байгаа гэж судлаачид үзэж байна. Учир нь Оросын ард түмний дунд насжилт, хөгшрөлт ихээр явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл ажиллах хүч багасч, настай хүмүүст зориулсан тэтгэвэр тэтэгэмжийн хэмжээ нэмэгдэж байгаа гэсэн үг юм. Тэгэхээр яваандаа энэ бүгдийг зохицуулахад бэрх болно. Орост экспортод зориулагдсан томоохон үйлдвэр гэж алга байна. Зөвхөн байгалийн баялаг, газрын тосондоо тулгуурлаж эдийн засгаа хөдөлгөж байна. Гэхдээ нэгэнт газрын тос ихтэй учир эдийн засгийн хямрал нүүрлэхэд Иран, Саудын Араб, Венесуэл зэрэг нефть ихтэй орнууд шиг даван туулаад л гараад ирнэ. Зөвхөн газрын тосны үнэ буурсан тохиолдолд л Оросын эдийн засаг хүнд байдалд орно гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn
Shuum.mn