logo
Европт цаг агаар эрс хүйтэрснээс хойш 500 гаруй хүн амь үрэгджээ

Европт цаг агаар эрс хүйтэрснээс хойш 500 гаруй хүн амь үрэгджээ

2012/02/14
Косовогийн өмнөд хэсэгт хэд хэдэн айлын байшин цасны нурангид дарагдсаны дараа аврагчид нэгэн охины амийг аварсан байна. Амерта Река охины байсан байшин 10 метр зузаан цасанд дарагдаж, тэрээр гарах гарцгүй болоод байжээ. Аврагчид Македони, Албаний хилийн ойролцоо орших алслагдмал тосгонд ирж, охиныг аврахын тулд хөр зузаан цасыг малтаж эхэлсэн байна. Охиныг аварсны дараа ойролцоо орших Призрен хотын эмнэлэгт хүргэжээ.
Арав гаруй байшин барилга цасны нурангид дарагдсаны дараа  есөн хүн амь үрэгджээ. Харин нэг хүн одоог болтол сураггүй байна.
Косовод үүрэг гүйцэтгэж байгаа НАТО-гийн энхийг сахиулагчдыг аврах ажиллагаанд оролцохыг уриалсан ч тэд цасан шуурганы үеэр нисдэг тэргээр газардах боломжгүй байжээ.
Нэгдүгээр сарын сүүлээр Европт цас ихээр орж, цаг агаар эрс хүйтэрч эхэлснээс  хойш 500 гаруй хүн осгох гэх мэт шалтгаанаар амь үрэгджээ. Европ тивд ойрын хугацаанд ийм хатуу өвөл болж байгаагүй юм.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш