Өнгөрсөн баасан гаригт МАХН хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан нэг нэр дэвшигчдэд зарцуулах ёстой мөнгөний дээд хэмжээг гаргасантай холбогдуулж МАХН байр сууриа илэрхийлэх, өнөөгийн нийгэмд алдагдаад байгаа хууль хяналтын байгууллагын шударга ёсны талаар мөн өнөөдөр болох МАХН, МҮАН-ын улс төрийн холбооны нээлттэй хуралдааны тухай асуудлуудыг багтаасан байсан юм.
УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардлын жишгийг тойрог болгоноор жишин гаргасан. Нэг нам,нэг эвсэл нь дангаараа 20 орчим тэрбум төгрөг зарцуулах аж. Энэ тооцоо нь хууль бусаар хөрөнгөжсөн олигархиудаас өөр улс төрийн хүчин, шударга хүн дааж гарах бололцоог хаах оролдлого гэж буруутгаж байсан юм.
Мөн өнөөгийн УИХ-ын гишүүд бүгд луйврын сонгуулиар төрийн жолоог атгалцаж байгаа бөгөөд гишүүдэд хандан Э.Бат-Үүл гишүүний үлгэр дууриаллыг дагаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй байхыг уриалсан юм. Ингэх нь нэр төрөө цэвэрлэх, ард түмний өмнө үйлдсэн гэмт үйлдлээ цайруулахад чухал алхам болно гэж дүгнэж байв. Мэдэгдэл хийсний дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Бусад гишүүдийг нэр дэвшихээс татгалзахыг уриалж байна. Та өөрөө нэр дэвших үү?
-УИХ-ын гишүүд луйврын аргаар ялсан. Нэгэнт луйвраар УИХ-д орсон учраас энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүйгээр дөрвөн жил завсарлах хэрэгтэй. Надтай адилхан шалгуулах хэрэгтэй. Ингээд ямар ч байсан дөрвөн жил амраад завсарлаад үз. Харин миний хувьд хангалттай. Би тодорхой хугацаанд завсарласны хувьд МАХН-аас намайг нэр дэвшүүлье гэвэл татгалзахгүй.
-Таныг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Таны хүү, туслах, мөн тухайн үед ИТХ-ын төлөөлөгч байсан Долгормаа нарыг шалгаж байгаа. Шалгагдаж буй асуудал нэг мөр шийдэгдээгүй байхад та өөрийгөө нэр цэвэр хүн гэж хэлж болж байна уу?
-Аливаа асуудлыг шийдвэрлэж, буруу зөвийг тоггооход цаг хугацаа шаарддаг. Янз бүрийн асуудлаар намайг шалгаж байна. Энэ хугацаанд хууль зөрчсөн үйлдэл байхгүй гэдгийг хууль хяналтын байгууллагынхан мэдэж байгаа. Хууль хяналтын дунд доод шатны хүмүүс нь бид дээрээс өгсөн үүрэг даалгаврын дагуу шалгаж байна гэдэг. Гурван жилийн хугацаанд буруутай гэж тогтоож чадаагүй байна.
-Та Хууль зүйн сайдаас 100 сая төгрөг нэхэмжилсэн тухайн хэрэг харьяалалын биш гээд Чингэлтэй дүүрэгт шилжүүлсэн. Гэтэл одоо чимээгүй болчихсон. Энэ хэрэг юу болж байгаа вэ?
-Шүүх буруутай гэсэн шийдвэр гаргаагүй бол гэм буруугүй гэсэн үг. Тиймээс өөрийн нэр төрөө сэргээлгэх гэж нэхэмжлэл гаргуулсан. Шүүх шалгаж байгаа. Үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.
-Таныг байцаалтандаа дуудаад ирдэггүй гэх мэдээлэл байгаа. Ийм тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг юм бэ?
-Би байцаалтаас зугтаасан удаа байхгүй. Буруу ярьж байна.
-Та дандаа засарлаа, засах ёстой, засъя гэж хэлдэг. Та өөрөө яаж засарсан бэ?
-Би засарсан гэж хэлээгүй шүү дээ. Битгий ингэж худлаа зүйл сонсож бай. Чих михээ ухуул. Хулхи мулхиа гарга. Би зүгээр л болохгүй байгаа зүйлийг ярьж байна.
Б.Нэргүй
Эх сурвалж: “Нийслэл таймс”