logo
Элчин сайдад санал болгосон хүмүүсийг УИХ дэмжлээ

Элчин сайдад санал болгосон хүмүүсийг УИХ дэмжлээ

2012/02/15
УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар  Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 300 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг төсвийн тодотголд суулгаагүй байгаа нь бичилтийн явцад алдаа гарчих вий хэмээн болгоомжилж буйгаа хэлсэн юм. Сангийн сайд Д.Хаянхярваа өгсөн хариултдаа, Монгол Улсын 2012 оны нэгдсэн төвийн тухай хуулийг хэлэлцэх үед төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд гаргахаар суулгасан байгаа. Харин одоо зөвхөн зарцуулах эрх авахаар асуудлыг оруулж байгаа гэв. Ингээд хуулийн төслийг дөрөв дэхь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.
Хуралдааны удаах асуудал Монгол Улсаас гадаад улсад суух зарим Элчин сайдыг томилох, эгүүлэн татах саналыг зөвшилцөх асуудал байв. Монгол Улсаас Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Равдангийн Болдыг, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржийн Энхбатыг, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг, Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шижээхүүгийн Одонбаатарыг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатарыг, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Маньбадрахын Ганболдыг, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чимиддоржийн Баттөмөрийг, Бүгд Найрамдах Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төгсжаргалын Гандийг тус тус томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосныг  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга танилцуулав. Мөн  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба танилцууллаа.
Элчин сайдад нэр дэвшигчдээс гишүүд асуулт асууж хариулт авсан. Энэ үеэр НХХ-ийн сайд Т.Гандиг Элчин сайдаар томилогдохоор оруулж ирж байгаад гишүүд илүү анхаарал хандуулж байсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Чулуунбат, С.Эрдэнэ нарын гишүүд НХХЯ маш үүрэг хариуцлага хүлээсэн яам. Сонгуулийн босгон дээр ийм чухал яамны сайд ажлаа орхиод явах зүрх сэтгэл байгаа эсэхэд гайхаж байгаагаа илэрхийлж байсан. Мөн Ганди сайдыг Элчин сайдаар томилогдсон тохиолдолд хоёрдмол сэтгэлтэй хүнээр ажлыг нь үргэлжлүүлэн эрхлүүлэх нь зөв үү гэдгийг ч хөндөв. Гадаад харилцааны сайд Г.Занданшатар өгсөн тайлбартаа, Ганди сайдын хувьд төрийн тусгай албанд ажиллаж ,Улсын Их Хуралд дөрвөн удаа сонгогдсон хаана ч ямар ч ажлыг хийх бүрэн боломжтой. Өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн Элчин сайдаар томилогдож байсан түүх бий. Монгол Улсын Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүн хүндэтгэх шалтгаанаар өөр ажилд шилжих тохиолдолд албан тушаалаасаа түдгэлзэх эрхтэй. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай, Дэгийн тухай хуульд ч энэ талаар тодорхой тусгасан байгаа гэдгийг хэлэв.
Мөн УИХ-ын гишүүн Д.Оюунхорол,  өмнө нь  гадаадад суух таван Элчин сайдад нэг эмэгтэй сайдыг оруулж ирж байсан. Энэ удаад ч   долоон  сайдын нэгэнд   нэг  эмэгтэй сайдыг оруулж ирж байгаа нь жендэр талаасаа сайшаалтай байна гэв. Түүнчлэн монголын эмэгтэйчүүдийг манлайлж яваа, салбартаа амжилттай ажиллаж байгаа Элчин сайдад нэр дэвшигдэн орж ирсэн ганц эмэгтэйд илүү дутуу үг дайхгүй байхыг бусад гишүүдээс хүссэн юм. Нэр дэвшигчдэд Элчин сайдаар томилогдсон тохиолдолд тухайн оронд ажиллаж амьдарч байгаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжиж ажиллах нь чухал гэдгийг гишүүд анхааруулж байлаа. Ингээд Элчин сайдаар томилуулахаар санал болгосон хүмүүсийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш