logo
Канад улстай харилцаагаа улам өргөжүүлнэ

Канад улстай харилцаагаа улам өргөжүүлнэ

2012/02/16
Өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-2-ны өдөр Канад Улсын Оттава хотноо болсон Монгол, Канадын Дугуй ширээний тавдугаар уулзалтын дүнг Засгийн газрын хуралдаанаас сайшаалаа.
Уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод даалгасан байна.
Энэ уулзалт Канад Улстай тогтоосон улс төр, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хоёр орны харилцааны байдал, цаашдын төлөвийг дүгнэж, харилцааг бодит боломжиндоо түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх, харилцан итгэлцэл, ойлголцлыг гүнзгийрүүлэх ач холбогдолтой болсон гэж Засгийн газар үзжээ. 
Уулзалтын мөрөөр улс төр, батлан хамгаалах, хууль зүй, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, төрийн албаны шинэчлэл зэрэг салбарт хийх ажлын төлөвлөгөө боловсруулсан байна.
Тухайлбал Канад Улсын Ерөнхий сайд, Сенатын спикер, Гадаад хэргийн сайд нарыг Монгол Улсад айлчлуулах, цэрэг, цагдаагийн сургалтын хөтөлбөрт хүмүүсээ хамруулах чиглэлээр ажиллах болжээ.
Түүнчлэн хөрөнгө оруулалтыг дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийн хэмжүүрийг боловсронгуй болгох, Канадын дэвшилтэт технологи, нөхөн сэргээлтийн стандартыг уул уурхайн салбарт нэвтрүүлэх, ашигт малтмалын орд газруудтай холбоотой дэд бүтэц бүрдүүлэх үндэсний хэмжээний төслүүдэд Канадын хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсын Ерөнхий сайдыг 2010 онд тус улсад айлчлах үед гарын үсэг зурсан “Сум дундын төв” төслийг үргэлжлүүлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөөд байна.
Ер нь Монгол улсын эрх ашигт нийцсэн, ач холбогдол бүхий асуудлуудаар Канадын талтай хамтарч ажиллах нь чухал гэдгийг Засгийн газрын гишүүд хэлж байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш