logo
Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

1 цаг 23 минут

Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн яриа хэлэлцээрийг Монгол Улсад ашигтай хувилбараар (2026.06.30) харилцан тохиролцлоо.

Ерөнхий сайд Н.Учрал “Монголын баялаг монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Үндэсний их баяр наадмын өмнө ард түмэндээ сайн мэдээ дуулгаж, Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргалаа” гэж мэдэгдлээ. 

Засгийн газар байгуулагдсан даруйдаа Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу найман их наяд төгрөгөөр бууруулж Монголын талын өгөөжийг  1.5 тэрбум ам.доллар буюу таван их наяд төгрөгөөр нэмэгдүүлсэн бол 100 дахь хоногийн босгон дээрээ Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа. Ингэснээр Оюутолгойн баялгаас зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэж, Монголын талын хүртэх өгөөж 2.5 тэрбум доллар буюу 8 орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдлээ. 

Оюутолгойн хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг долоон жилд нэг удаа хийдэг байсныг  гурван жил тутамд хийхээр боллоо. Мөн Оюутолгойгоос энэ жил ногдол ашиг авахаар талууд тохиролцлоо.

“Хэлэлцээрүүдийн үр дүн Оюутолгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 орчим их наядтөгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Төслийн үр өгөөжийг цаашдаа ч нэмэгдүүлэхээр хөрөнгө оруулагч талтай тасралтгүй хамтран ажиллаж үр дүн гаргана” гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Н.Учрал илэрхийллээ.  

Мөн Засгийн газар хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж хамтран ажиллахаа илэрхийлээд РИО ТИНТО компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. 

Оюутолгойн бүлэг ордын нэг хэсэг Онтрегийн хэлэлцээрийг эхлүүлж Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш