logo
Лондон хотын гудамжинд LCD дэлгэцтэй хогийн савыг байрлуулжээ

Лондон хотын гудамжинд LCD дэлгэцтэй хогийн савыг байрлуулжээ

2012/02/18
Лондон хотын гудамж талбайд хүмүүсийн анхаарлыг татахуйц хогийн савнуудыг байрлуулжээ. Хүмүүс хэрэглэсэн сонингоо хаях зуураа шинэ мэдээ унших боломж бүрдсэн байна. Лондонд үйл ажиллагаагаа явуулдаг Renew компани хоёр талдаа LCD дэлгэцтэй хогийн савыг бүтээжээ. Дэлгэцээр биржүүдийн ханшийн мэдээ гэх мэт хэрэгцээт мэдээллүүдийг гаргадаг байна.  Renew компаний гүйцэтгэх захирал Каве Мемари ярихдаа "Энэ савыг шилэн хуванцраар хийсэн, харин дотор хэсэг нь маш бат бөх материалаар хийгдсэн, энэ бол бэхжүүлсэн шил, төв хэсэгтээ гангаас дөрөв дахин бат бөх рамтай, энэ нь маш их даралтыг тэсвэрлэх чадвартай" гэжээ. Тэгэхээр нэг талаараа энэ хогийн саванд тэсрэх бөмбөг суурилуулах боломжгүй гэсэн үг юм.
Renew компани Лондон хотын санхүүгийн компаниуд үйл ажиллагаагаа явуулдаг дүүрэгт хогийн савнуудыг байрлуулах зөвшөөрөл авсан байна. Үнэгүй сонин тараадаг энэ дүүрэгт энгийн хогийн савнуудад тэсрэх бөмбөг байрлуулах аюул байжээ. Renew компани Олимпийн наадам эхлэх үед буюу ирэх долдугаар сард Лондон хотын гудамж талбайд 100 хогийн савыг байрлуулна. Хогийн савны дэлгэцээр сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ болон биржийн ханшийн мэдээлэл гарах юм. Renew компаний ажилтнууд тухайн өдрийн хамгийн анхаарал татсан мэдээг оруулдаг аж. Ажилтнууд мэдээг сүлжээ рүү оруулснаас нэг минутын дараа мэдээ хогийн савны дэлгэцэн дээр гарна.
Захирал Мемари ярихдаа "Өглөө зургаагаас долоон цагийн хооронд бид бизнес мэдээг гаргана, учир нь өглөө зургаагаас долоогийн хооронд гудамжаар явж байгаа хүмүүст энэ мэдээлэл хэрэгтэй гэж бид тооцоолсон, харин дараа нь бид ерөнхий мэдээллийг гаргана, харин найман цагт биржүүд нээгдэх үед бид Лондонгийн хөрөнгийн биржээс ирж байгаа мэдээллийг гаргана, 8.30-аас есийн хооронд ерөнхий мэдээ, харин оройн цагаар урлаг соёл болон хүмүүсийн амьдралын хэв маягтай холбоотой мэдээг оруулна" гэжээ.
Энэ төрлийн нэг хогийн савыг хийхэд ойролцоогоор 25.000 фунт зарцуулагдсан байна. Renew компани энэ мөнгийг Катарын банк гэх мэт янз бүрийн хөрөнгө оруулагчдаас авчээ. Энэ компаний удирдлагууд Нью-Йоркийн хөрөнгийн биржийн гадна сурталгааны дэлгэц бүхий шинэ хогийн саваа туршилтаар байрлуулахаар төлөвлөсөн байна. Тэд мөн Сингапур, Японы албаны хүмүүстэй яриа хэлэлцээ хийж байгаа аж. Тиймээс удахгүй олон хотын иргэд хогоо хаях зуураа хогийн саван дээрээс шинэ мэдээлэл унших боломжтой болох нь ээ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш