logo
АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжээ

АНУ-ын Миннесота мужийн усан хангамжийн систем кибер халдлагад өртжээ

2026/07/31

АНУ-ын Миннесота мужийн 30 гаруй усан хангамжийн систем долоодугаар сарын 26, 27-ны өдрүүдэд кибер халдлагад өртжээ. Холбооны мөрдөх товчоо халдлагын эх үүсвэрийг тогтоохоор шалгаж байгаа боловч хэн үйлдсэн нь одоогоор тодорхойгүй байна.

Миннесота мужийн Мэдээллийн технологийн албанаас мэдээлснээр халдлагуудын хугацаа болон онилсон төхөөрөмжүүдэд ижил төстэй шинж ажиглагдсан ч бүгдийг нэг этгээд үйлдсэн эсэхийг тогтоогоогүй байна. Халдлагын ихэнх нь усан хангамжийн тоног төхөөрөмжийг алсаас хянах, удирдах системүүдийг онилжээ. Гэхдээ халдлагад өртсөн бүх газрын усан хангамж тасалдаагүй бөгөөд иргэдийн ундны усны чанарт нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй аж.

Миннеаполис хотоос хойд зүгт орших 1700 орчим хүн амтай Брахам хотын ус цэвэршүүлэх байгууламж долоодугаар сарын 27-ны даваа гарагт хэдэн цагийн турш ажиллагаагүй болсон байна. Халдагчид худаг болон ус цэвэршүүлэх байгууламжийг удирдах системийг унтраасан тул хотын захиргаа иргэдийг усаа хэмнэхийг хүсжээ. Энэ хугацаанд хэрэглээг усан цамхагт нөөцөлсөн усаар хангасан бөгөөд усны чанарт асуудал гараагүй байна.

Харин 80 мянга орчим хүн амтай Плимут хотод усан хангамжийн дэд бүтцийн холбоо тасарсан ч ажилтнууд системийг хэвийн ажиллуулжээ. Холбоог долоодугаар сарын 28-ны мягмар гарагийн үдээс хойш сэргээсэн бөгөөд усны түвшин болон чанарт өөрчлөлт гараагүй байна.

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо, Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын агентлаг болон бусад байгууллага өнгөрсөн долоо хоногт Ирантай холбоотой хакерууд ус, бохир усны систем болон чухал дэд бүтцийн удирдлагын төхөөрөмжүүдийг онилж байгааг анхааруулжээ. Гэхдээ Миннесота мужид гарсан халдлагыг Ирантай холбоотой этгээдүүд үйлдсэн гэх албан ёсны нотолгоо одоогоор гараагүй байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш