Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Эхлэл брэнд” ХХК-д дуудлага худалдаагаар олгосон газар болон тус газарт хэрэгжүүлж буй “Монастери тауэр” орон сууцны төсөлтэй холбоотой тайлбар гаргажээ.
Нийслэлийн Өмч хувьчлах комисс 2025 оны дөрөвдүгээр сарын 15-нд 2008 оны “Менежментийн гэрээгээр ажиллуулах тухай” тогтоолыг хүчингүй болгосон байна. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах, 3150 ам метр талбай бүхий газар дээрх хоёр давхар эмийн үйлдвэрийн барилгыг буулгаж, газрыг дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэжээ.
Дуудлага худалдааг 2025 оны тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, 27 иргэн, аж ахуйн нэгж оролцсоноос “Эхлэл брэнд” ХХК 9.3 тэрбум төгрөгийн үнийн саналаар ялагч болсон байна. Улмаар нийслэлийн Засаг даргын 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн захирамжаар тус компанид газар эзэмших эрх олгож, газрыг хүлээлгэн өгчээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2025 оны тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд “Эхлэл брэнд” ХХК уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа аж.
Харин дуудлага худалдаагаар худалдсан 3150 ам метр газар нь өмнө нь хувьчлагдаагүй, нийслэлийн өмчид байсан газар бөгөөд дуудлага худалдаа болон тухайн газартай холбоотой хууль хяналтын байгууллагад үүссэн маргаан байхгүйг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас онцолжээ.
Мөн “Эхлэл брэнд” ХХК-ийн газар эзэмших эрх нь нээлттэй дуудлага худалдааны үр дүнд шинээр үүсэж, төлбөрийг бүрэн төлж, холбогдох гэрээг байгуулснаар баталгаажсан байна. Тус компанийн газар эзэмших эрх болон гэрээг хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн, хязгаарласан шийдвэр гараагүй гэж тайлбарлав.
Иймд “Монастери тауэр” орон сууцны төсөл нь хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших эрхэд үндэслэн хэрэгжиж буйг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас мэдэгдлээ.
