logo
Оросууд бид монголчуудаас ч хоцрогдсон байна

Оросууд бид монголчуудаас ч хоцрогдсон байна

2012/02/20
Монголчууд урьдын адил орос хэлэнд дур­тай хэвээр  байна гэж эхэлсэн энэхүү нийтлэлийг ОХУ-ын иргэн Оксана Тюменцева The Epoch Times-д хэвлүүлжээ. Тэрбээр Монголд аль нэг албан байгууллага, тэр ч байтугай дэлгүүрт орж ирсэн орос хүн өөрийгөө гадаадын иргэн гэж боддоггүй. Монголчууд бүгдээрээ Пушкиний эх хэл болох оросоор чөлөөтэй ярьцгаадаг. Бүх дунд сургуулийн хичээлийн програмд орос хэл, оросын уран зохиолыг заавал судлахаар заадаг. Хүүхдийн цэцэрлэгт хүртэл орос хэл судалдаг юм хэмээн өмнөтгөлдөө тодотгосон энэ нийтлэлийг товчлон хүргэе.

Монголын Боловсролын яамны судалгаагаар улсын 41 болон хувийн 130 их, дээд сургуулийн 10 мянга гаруй оюутнууд долоо хоногт 6-7 цаг орос хэл судалдаг байна. Мөн энэ улсад ерөнхий боловсролын 542 сургууль байдаг агаад эдгээрт суралцаж буй 300 мянга гаруй сурагч орос хэл үздэг. Эдгээрээс гадна орос хэлээр сургалт явуулдаг 14 хувийн дунд сургууль байдаг бөгөөд энд 6308 сурагч суралцдаг. Тэр ч бүү хэл алслагдсан аймгуудын дунд сургуулиудад ч орос хэлийг гүнзгийрүүлэн судалдаг юм билээ.
Монгол хүүхдүүд цэцэр­лэгт байхдаа л орос хэл үзэж эхэлцгээдэг. Тэд гурав­тайгаасаа эхлэн Барто, Мар­шак, Михалковын шүл­гүүдийг цээжилцгээнэ. Хүүх­дийн бүх баяр, өглөөний дасгал хүртэл орос хэлээр явагдана. Мөн орос хүмүү­жүүлэгчид тэдэнд орос ардын үлгэр уншиж өгдөг. Түүнчлэн хэл ярианы хөгжлийн дасгал, учир зүйн ухаан, дуу хөг­жим, математикийг орос хэлээр заадаг. Иймээс ч миний охин ОХУ-аас ирж, энд хүүхдийн цэцэрлэгт орохдоо төвөггүй дасан зохицож, олон ч найзтай болсон доо. Мөн охинд минь оросоор давгүй ярьдаг монгол хүмүүжүүлэгчид ч их тусалсан.
Би Монгол Улсад бага сур­гуульд багшлахаар ир­сэн юм. Янз бүрийн мэр­гэж­лийн багш ажилд сонгон шал­гаруулж авах зар уншаад анх бүртгүүлсэн. Энэ шалгалтыг Монгол Улсын бие төлөөлөгч хариуцан авч байлаа. Энэ хүн Орост сурч, энд олон жил амьдарсан болохоороо оросоор ямар ч аялгагүй, чөлөөтэй ярьж байсан юм.
Мэдээж хэрэг орос багш нарыг хамгийн түрүүн ажлын нөхцөл их татаж байлаа. Ажиллах газраа ирэхэд нь ёс төдий төлбөртэй тохилог орон сууцаар хангах аж. Ялангуяа Оросынхоос хэд дахин өндөр цалин, Монголд хүнсний болон бараа бүтээгдэхүүн хоёроос гурав дахин хямд байдаг нь онцгой анхаарал татаж байсан юм. Би ч удаан бодолгүй хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураад Монгол Улс руу гэр бүлтэйгээ явах боллоо.
Ажиллах орондоо ирээд бид байр сууцаа хүлээж авав. Миний ажиллах сургууль монгол сургууль байсан бөгөөд сурагчдын ихэнх нь монгол хүүхдүүд, харин цөөн хэдэн орос сурагч багш нар тэдэн дунд уусаад үл анзаарагдана.
Энэ сургуульд элсэн суралцахаар зорьсон нэгдүгээр ангийн сурагчдаас маш хатуу шалгалт авах юм билээ. Суралцах хүүхдүүдийн нэрийн жагсаалтыг аваад тэдний шалгалтын материалтай танилцахаар шийдэв. Дунд дүн буюу гурав авсан сурагчдын /хоёр авсан бол элсүүлэхгүй дүрэмтэй/ шалгалтын материалтай эхэлж танилцангуутаа мэл гайхаж цэл хөхрөв гэдэг л боллоо. Дунд дүн авсан тэр материалд ердөө л ганц алдаа, хоёр засвар байсан юм. Мөн маш гоё бичигтэй хүүхэд байлаа. “Гэхдээ энэ чинь сайн дүн авахаар ажил байна шүү дээ. Тэгээд ч гадаад хүн, бас сургуулийн өмнөх насны хүүхэд хийснийг харгалзвал онц тавьсан ч болохгүй зүйл алга” гэж би бодож байв. Үлдсэн шалгалтын ажлууд ч чанартай, мэдлэгтэй, хянуур хийгдсэн байсан юм. Гэвч сур­гуулийн захиргаанаас надад хэцүү анги оногдсоныг дурдаад хийх ажил их байх бол­но шүү гэж сануулав. Ингээд хичээлийн жил эхэл­лээ. Сурагчдынхаа анкетыг үзэж, эцэг эхийн анх­ны хурлаас өмнө тэдэнтэй танилцахыг бодов. Сурагчдын анкетыг унших үнэхээр сонирхолтой бай­лаа. Эцэг эхчүүдийн дунд худал­дагч, хоньчин, таксины жолооч, сайд, орлогч сайд, үйлдвэр­лэл эрхлэгчид, фер­мер, барилгачин, ажилчин, улсын эмнэлгийн ерөнхий эмч, шинжлэх ухааны доктор, шинжлэх ухааны дэд эрдэмтэн гээд ёстой л төрөл бүрийн анги давхарга, мэргэжлийн хүмүүс байсан юм. Харин хүүхдүүд нь хэн болцгоох бол?
Хүүхдүүд намайг биш­рүүлж орхилоо. Ангид 35 хүү­хэд байдаг ч өдөр бүрийн зургаан цагийн хичээлд ямар ч чимээ анир гаргахгүй. 35 хос нүд зөвхөн намайг, самбарыг, сурах бичгээ л харна. Энэ нь шуугиан ихтэй, сахилга бат муутай орос сурагчдаас тэс өөр байлаа. Үгүй ээ, та монгол хүүх­дүүдийг сааталтай гэж бит­гий бодоорой. Тэд ч бас дэл­хийн долоон настнуудын адил завсарлагаанаар тог­лож, ноцолдож, инээж хөө­рөн гүйлдэнэ. Хонх дуу­гарч ангидаа ороход анир чимээгүй ноёлно.
Дараагийн нэг гайхашруулсан зүйл бол унших бичгийн хичээл. Хүүх­дүүд бүгдээрээ орос ардын үлгэр мэдэж байлаа. Зүгээр ч нэг мэдээд зогсохгүй үг бүрчлэн цээжээр уншихаас гадна орос ардын зүйр цэцэн үгс, түргэн хэллэг, оньсого, дуунуудыг ч уншина. Өнөөдөр бид /оросууд/ сүлжээндээ /нэт/ ихэд сайжирсан ч уламжлалаа мартжээ. Харин бид энэ уламжлалаа хаанаас мэдэж болох билээ. Ардын цэцэн ухааны өв сан Оросын аман зохиол, орос ардын бүтээлд байдаг шүү дээ. Оросын нэгдүгээр ангийнхан өнхрүүш, гурван баавгай, цасан охиноо мэдэхгүй мөртлөө бүгдээрээ л Диснейн хүүхэлдэйн киног үзэцгээдэг. Харин би энд хөнгөхөн монгол аялгатай хүүхдүүд орос ардын үлгэрийг оросоор ярихыг сонсож сууна.
Түүнчлэн багшийн хөдөлмөрийг хүндэтгэх нь үнэхээр гайхалтай. Монголд бакша /багш/ хүн өндөр байр суурь эзэлнэ. Мөн эцэг эхчүүд хүүхдүүдэд нь орос “бакша” ирсэнд бахархацгаана. Монголд багш нарыг ихэд хүндэлдэг болохоор багш нарын баярыг хоёр удаа тэмдэглэдэг юм. Нэг нь Оросынхоор, нөгөө нь Монголын хуанлид тэмдэглэсэн ёсоор.
Би англи хэл, биеийн тамир, дуу хөгжмийн хичээлээс бусдыг орос хэлээр хөтлөн явуулдаг байлаа. Монгол хүүхдүүд нэгдүгээр ангиасаа эхлэн хоёр гадаад хэл үзэж эхэлцгээнэ дээ. Харин тавдугаар ангиасаа эхлэн европын хэлнүүдээс хоёр дахь хэлээ сонгон авна. Есдүгээр ангиасаа дорно зүгийн хэлийг мөн л сонгон үзэцгээнэ. Ерөнхий боловсролын сургууль төгсөхдөө монгол хүүхдүүд доор хаяж дөрвөн хэл мэддэг болсон байх юм.
Монголчууд бүгдээрээ спортод хорхойтой улс аж. Ялангуяа сагсан бөмбөгт тун дуртай. Завсарлагаанаар сургуулийн хашаан доторх талбайгаас бөмбөг залах чимээ, гоол алдсандаа харамс­­сан хашгираан дуул­­дана. Мөн тэд хурдан морины уралдаан, нум сум, бөхийг дээдэлнэ. Монголчууд бүгдээрээ үндэсний хувцсаар гангарцгаадаггүй. Томчууд, хүүхдүүд хаа сайгүй европ хувцас өмсөцгөөнө. Харин төгсөл­тийн баяраараа сураг­чид үндэсний хувц­саараа бахархалтайхан гоёцгооно.
Орос хэлээр бараг төгс ярьцгаах монгол сурагчид сургалтын материалыг хялбар­хан өөриймшүүлнэ. Түүнч­лэн тэдэнд хичээл зүтгэл, хариуцлага, тэмүүлэл тусал­сан нь мэдээж хэрэг. Зүгээр ч нэг тэмүүлэл биш, бүхий л шинэ зүйлийг хичнээн бэрх байсан ч мэдэх гэсэн асар их хүчин чармайлт юм. Бүр улайран тэмүүлэх ч гэж хэлж болохоор.
Миний хүү энэ сур­гуулийн долоодугаар ангид сур­даг байлаа. Ангид нь 43 хүүхэд байсны тав нь орос сурагч. Гэтэл эхний улир­лаар орос хүүхдүүд тавуулаа орос хэлний хичээ­лийг оролцуулаад үндсэн хи­чээлүүд дээрээ хоёр гарав. Орост байхдаа онц сурлагатан байсан миний хүүд үүнийг тэсвэрлэхэд хүнд байлаа. “Ээж ээ, би гэрийн багш авдаг юм бил үү?” хэмээн хүү маань гайхшран асуув. Би дуугарсангүй. Зарчмын хувьд монгол хүүхдүүд хичээл сурлагандаа ямар их мэрийлт гаргаж хичээн­гүйлэн суралцдагийг нүдээр харсан болохоор энэ дүнд би гайхаагүй юм. Харин орос хүүхдүүд тэд­нээс хол хоцрогдсоныг би ойл­гож байлаа. Хүүтэйгээ энэ та­лаар удаан ярилцсаны эцэст хөдөл­мөрлөхгүй, хичээх­гүй­гээр мөн хичээлээ байнга дав­тахгүйгээр жин­хэнэ мэд­лэгт хүрэхгүйг нь ямар ч байсан ойлгуулж чад­сан юм.
Хүү ч алдаагаа ойлгож сурах бичгийнхээ ард сууж, сургуулийнхаа давтлага, зөвлөгөөнд явж эхлэв. Нэг удаагийн удирдлагын зөвлөлийн гэнэтийн шалгалтад дунд дүн авахад нь гэр бүлээрээ хэрхэн баярласнаа санаж байна. Энэ ажлыг нь тэмдэглэн том бялуу, жимс, мөхөөлдөс авч гэр бүлийнхээ дурсгалын цомогт орох зураг хүртэл ава­хуулсан юм. Хүү ч дүнгээ сайж­руулсаар хичээлийн жилийн төгсгөлд онц, сайн дүн авах боллоо. Энэ нь түүнд маш том сургамж болсон юм.
Орос орондоо эргэж ирээд хүү маань ангийнхаа нөхдөөс хичээлд хандах ханд­лага, багштайгаа харь­цах харьцаа, ирээдүйн төлөвлөгөө зэргээрээ эрс онцгойрч, мөн спортоор хичээл­­лэх болсон. Ямар спор­тоор гээч. Мэдээж сагсан бөм­бөг. Монголд очихоосоо өм­нө хүү телевиз үзэх эсвэл най­зуудтайгаа ихэнх цагийг өн­гөрүүлдэг байлаа. Ангийнх нь хүүхдүүдийн ээжүүд надаас хүүгээ яаж хөнгөн төр­­лийн согтууруулах ундаа, там­­хи болон гудамжнаас хол байл­гаж чадсаныг асуудаг боллоо.
Би тэдэнд “Сурган хүмүү­жүүлэх онцгой арга барил байхгүй. Харин бидний хоцрогдсон, гурав­дагч ертөнцийн гэж боддог Монгол Улсад хүмүүс яаж амьдардгийг харах хэрэгтэй” хэмээн тайлбарлахыг оролдсон. Тэгж чадвал бид /оросууд/ өөрийн ёс суртахуун, оюун ухаанаараа монголчуудаас хичнээн хоцрогдсоноо, хол хаягдсанаа ухаарах болно. Тэр үед л бид муу сургууль, муу багш, дэндүү хүнд, сонирхолгүй сургалтын хөтөлбөр, яам, засаг, улс хэмээн бусдыг буруутгахаа болино. Харин өөрөөсөө, үр хүүхдүүдээсээ, үүрэг хариуцлагаасаа, ёс суртахуунаасаа, ардын сайхан уламжлалаасаа эхлэх хэрэгтэй мэт санагдана. Пушкиний хэлийг сонирхох явдал тасраагүй тэр цагт, мөн ардын уламжлалаасаа эх аван бүтээсэн уран бүтээл бидний амьдралд тасраагүй тэр үед их яруу найрагчийн хэлийг зөвхөн Монголд ч биш, Орос оронд хүртэл мэдэж, ойлгож бахдах биз ээ.
"Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш