logo
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хувь, хувьсгалын сургуулиудын багш нарыг ялгаварлаж болохгүй

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хувь, хувьсгалын сургуулиудын багш нарыг ялгаварлаж болохгүй

2012/02/21

УИХ-ын намрын ээлжит чуулган завсарлачихлаа. Энэ удаагийн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Гэр бүлийн тухай хууль, Эхэд урамшуулал олгох тухай хууль, Тэтгэврийн зөрүүг арилгах, Боловсролын тухай хууль зэрэг нийгэм рүү хандсан олон чухал хуулийг санаачилсан.
Мөн саяхан УИХ-д суудалтай намуудын дэргэдэх эмэг­тэйчүүдийн байгууллагуудын “Эмэгтэйчүүд ч чадна” түншлэлийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулсан гээд багагүй ажлыг амжуулжээ. “Эмэгтэйчүүд ч чадна” чуулга уулзалтын үеэр ярилцсанаа товч хүргэе.

-Улстөрд суудалтай гур­ван намын эмэг­тэй­чүүдийн бай­­гуул­­лагуудаас “Эмэг­тэй­чүүд ч чадна” сэдэвт түнш­лэлийн уулзалтыг ам­жилт­тай зохион байгууллаа. Энэ чуулга уулзалтын ач хол­богдлын талаар ярилц­лагаа эхлэх үү?
-Тэгье. УИХ-д суудалтай гур­ван на­мын эмэг­тэй­чүү­дийн хамтар­сан чуулган ихээ­хэн ач хол­богдолтой болж өн­дөрлөлөө. Чуулганаар хэ­лэл­цэгдэж буй сэдвүүд ний­гэмд хамгийн тулгамдсан асууд­лууд байсан. Эрчүүдийн тө­дийлөн хайхардаггүй ор­хигдсон сэдвүүдийг эмэгтэй­чүүд нарийн ухаанаараа олж харж чадсан болохоор үр дүнтэй чуулган боллоо гэж товчхон хэлж болно.
Үү­­н­ээс гадна дээрх хэ­лэл­цүүл­­гийг “Хүүхдийн тө­­лөө” гэсэн сэдвийн хү­рээнд зо­­хион байгуулж тунхаг бичиг гаргалаа. Энэ хү­рээнд ерөнхий бо­ловс­ро­лын сур­гуулийн бо­ловс­ро­лын асуу­дал, төрөх хүн ам зүйн бодлого, цэцэрлэг, сур­гуулийн өмнөх боловсролын хувьд нэлээд орхигдсон сэд­вүүдийг хэлэлцсэн.
-Та Монголынхоо эмэг­тэй­­чүү­дийг төлөөлөн дуу­гар­даг ганц гишүүн нь. Тэр ч утгаараа 2012 оны сонгуу­лиар эмэгтэйчүүдэд 20 ху­вийн квотын эрх өгсөнд их баяртай байгаа биз. Ер нь шийд­вэр гаргах түвшинд эмэг­тэйчүүдийн тоог нэмэг­дүү­лэхийг нийгэм тэр даяа­раа захиалж байгаа ч сон­гогчдын дунд УИХ-ын ги­шүү­нийг эрэгтэй хүнээр тө­сөөл­дөг мухар сүсэг бай­саар байна уу?
-Эмэгтэйчүүдийн 20 хувийн квот гэдэг тийм ч бага тоо биш. Хам­гийн гол нь квотын асууд­лыг амьдралд хэр­хэн хэ­рэгжүүлэх нь биднээс шалт­гаална. Манай улсад эцгийн эрхт ёс давамгайлж байсан болоод ч тэр үү, улс­төрд эрчүүдийн эрх мэдэл давамгайлдаг. Түүнээс биш мэдлэг боловсролтой, чад­вар­лаг эмэгтэйчүүд зөндөө бий. Тэдэнд хамгийн гол нь хууль эрх зүйн орчин, мөнгө саад болоод байгаа. Өнөөдөр бүх л салбарт эмэгтэйчүүд ар гэрийнхээ ачааны хүндийг үүрдэг. Гэлээ гэхдээ эрчүүдээ хүнд­лэхгүй байгаа юм биш. Э­р­ч­үүдгүйгээр энэ төрийг тө­сөөлөх аргагүй шүү дээ.
-Гэхдээ УИХ-д эмэг­тэй­чүү­дийн гүйцэтгэх үүрэг ду­тагдаад байгаа юм биш үү?
-Эмэгтэйчүүдийн нү­дээр харж шийдвэрлэх асууд­лууд их байна. Төрд эмэг­тэй­чүүдийн дуу хоолой дутагдаж байна гэдгийг хоёр, гуравхан эмэгтэй гишүүн л мэдэрдэг.
Эмэгтэйчүүд УИХ-д ядаж 10 суудалтай, эмэг­тэй­чүүдийн бүлэгтэй болох юм­сан гэж боддог. Өнөөдөр жендэр гэж ярихаас илүү эмэг­тэйчүүдэд тулгамдсан маш олон асуудал бий. Ту­хайлбал эмэгтэйчүүд ядуу­ралд хамгийн их өртдөг, олон эмэгтэй өрх толгойлон амьдарч байна. Ер нь гэр бүлийн хариуцлагаас зуг­таадаг эрчүүдэд тооцдог ха­риуц­лага нь цалингийн 20 ху­виар хүүхдэдээ тэтгэмж олго гэдэг хуулийн заалтаас өөр зүйл алга байгаа нь учир ду­таг­далтай.
-Эмэгтэйчүүд мөнгөгүй бо­лохоор улстөрд орж чад­даг­гүй гэж ярьдаг. Улстөрд оро­ход мөнгө тийм чухал гэж үү?
-Нийгэм эмэгтэйчүүдийг захиалж байгааг би олж харж байна. Олон улсын судал­гааны дүн үүнийг баталсан. Ард­чилсан сонгуулийг та­ван удаа өгөхөд мөнгөөр л үнэ­лэгдсэн сонгууль болсон. Үү­нийг нуух аргагүй.
Энэ алдааг засаж залруу­лах нь зөвхөн сонгогч­доос л шалтгаална. Мөнгө, өнгөөр үнэлэгдсэн үнэлэмжээ иргэд өөрчлөх хэрэгтэй. Ингэж чад­вал эмэгтэйчүүдийн үн­э­лэмж дээшилнэ. Эмэг­тэй­чүүдийн орол­цоог парламентад эзэл­сэн сууд­лын тоогоор тог­тоо­дог олон улсын турш­ла­гаас үзэ­­хэд дэлхийн 133 орноос 127 ду­гаар байрт орсон. Энэ бол Ара­бын алчууртай эмэг­тэй­­чүү­дээс доогуур үзүүлэлт юм.
-Тэгвэл парламентад сон­гог­дох бололцоотой лидер эмэг­тэй хэр олон байгаа вэ?
-Мэдлэг боловсролтой, чад­варлаг эмэгтэйчүүд олон. Улстөрд эмэгтэйчүүд маань бэлт­гэг­дэх хэрэгтэй. Нөгөө та­лаар эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь зүйтэй. Түүнчлэн эмэг­тэй­чүүд бие биенээ хүлээн зөв­шөөрөх, хамтран ажиллах сэт­гэлгээний өөрчлөлтийг хийх нь зөв.
-Нэгэнт тантай уулз­са­­ных, Эмэгтэйчүүдийн банк бай­гуулах тухай ярьж байс­ныг тань санаж бай­на. Энэ ажил юу болсон бэ. Үү­ний­хээ талаар тайл­бар­лах­гүй юу?
-Ядуурал, ажилгүйдлийг бууруулахад бодитой хувь нэмэр болно гэж үзэж, дээрх  санаачилгыг гаргасан. Биз­нес эрхэлдэг болон шинээр биз­нес эрхлэх гэж байгаа бага, дунд орлоготой эмэг­тэй­чүүдээ дэмжин, бага хүү­тэй, урт хугацаатай зээл олгож, бодит дэмжлэг үзүүлэх Эмэгтэйчүүдийн банк бай­гуулах санаачилгыг гаргасан. Бид ядуурлаас са­лах гарцыг эрэлхийлж, Эмэг­тэйчүүдийн банк бай­гуул­сан дэлхийн олон орны турш­лагаас суралцах ёстой гэж үзэж байгаа юм.
Хө­рөнгө барьцаа ша­ар­дсан банк санхүүгийн үйлчилгээг эмэгтэйчүүд, ялангуяа  өрх толгойлсон эхчүүд хүртэж чадахгүй байна шүү дээ. Өрх толгойлсон эхчүүд 500 мянган төг­рөгийн шаардлагатай бол­лоо гэхэд банканд тавих барь­цаа байхгүйгээс болж маш өндөр хүүтэй зээл авч, өрх гэрийн ачааг үүрч яв­на. Эмэгтэйчүүдийн банк бай­гуул­сан дэлхийн 40 орны үр дүнд хүрсэн туршлагыг амьд­ралд хэрэгжүүлэх бо­ломжтой гэж үзсэн. Зарим ор­ны туршлагатай ч өөрийн биеэр очиж танилцахаар тө­лөв­лөж байгаа. 
-Ингэхэд Эхэд урам­шуу­лал олгох тухай хуулийн төслийн гол агуулга нь юу байсан бэ?
-Ерөнхийдөө залуу хо­суу­дыг дэмжих хуулийн төсөл л дөө. Сүүлийн үед залуу гэр бүлийн тоо ихэссэн. Ээж, аа­­вынхаа гараас дөнгөж хөн­дийр­сөн залуус амьдралд эвээ олохгүй бүдчиж явах нь аргагүй. Тиймээс тэдэнд тус­лах үүднээс ядаж хүүхдээ төрүүлээд 0-3 нас хүртэл нь эхэд нь тэт­гэлэг, урамшуулал олго­чих­­моор байгаа юм. Тэдний амьд­ралыг тогтвор­той байл­га­хын тулд залуучуудыг орон байртай болгомоор бай­на.
Яах вэ, залуучууд ажил хийж байгаа ч сарын ца­лингаа байрны зээлд өгөөд л амьдарч байна шүү дээ. Тий­мээс бодит амьдралд ойр бод­лого гаргахыг л зорьж ажилласан. Ер нь улсын хүн ам зүйн бодлогоо дэмжиж, төрсөн эхийг урамшуулдаг дэлхий нийтийн жишиг бий. Тэр бүү хэл хүүхэд төрүүлс­нийх нь төлөө 70 мянган ам.доллар өгдөг улс орон хүртэл байдаг.
-Тэг­­вэл таны санаачилсан Гэр бүлийн тухай хуульд ту­­хайн гэр бүлийн гишүүн бүр өм­чийн эзэн байхаар тус­­га­сан заалт байсан. Энэ нь ямар учиртай юм бэ?
-Дээрх хуулийн гол агуулга нь гэр бүл салсан то­хиолдолд хүүхдийн өмчлөх эр­хийг хангаж, гэр бүлийн хариуцлагатай, тогтвортой байд­лыг бий болгоход чиг­лэж байгаа юм. Одоогийн эрх зүйн хүрээнд гэр бүл са­­лах үед хүүхдийн өмчлөх эрх хадгалагдаж чадахгүй бай­­на. Нөгөө талаар гэр бү­лийн хариуцлага гэдэг зүйл ор­хигд­чихсон.
Ихэнх тохиолдолд нөхөр нь эхнэр хүүхдээ орхиж, ха­риуц­лагаас зугтаадаг. Үү­нээс болж өрх толгойлсон эмэг­тэйчүүд л үлдэж, хо­хир­дог. Манай улсад өрх тол­гойл­сон 83 мянган эмэг­тэй бий. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай болжээ. Дээрх асуудлыг төр засгийнхан 20 жил яриад шийдэж чадаагүй. Ингээд шийдэхгүй яваад байвал хүн амын бодлогод ямар хүндрэл учрах нь ойлгомжтой шүү дээ. Ийм аюул нүүрлэхээс болгоомжлохын тулд Гэр бүлийн тухай хуульд ха­риуц­лагын тогтолцоог бо­ловс­ронгуй болгох замаар хуу­лийн төсөл боловсруулаад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл өмчлөх эрхийг өрхийн гишүүн бүрт ногдуулж өгөх шаардлагатай.
Нэг гэрийн хоёр үнэхээр сэтгэл санаа таа­рахгүй бо­лоод салах то­хиолдолд ту­хайн өрхийн ги­шүүн бүр нийт өмчийнхөө то­дорхой ху­вийг эзэмших хэ­рэгтэй. Та­ван ам бүлтэй айлын өмч та­вууланд нь ногдох ёстой гэх мэтчилэн олон асуудлыг Гэр бүлийн тухай хуульд тус­гасан. Ингэс­нээр гэр бүлийн хариуц­лага гэдэг ойлголт сайжирна.
-Тэтгэврийн зөрүү бол хөгш­чүүдийн гомдоллодог асууд­лын нэг. Энэ хууль одоо батлагдах шатандаа явж бай­гаа байх аа?
-1995 оноос өмнө төрд мэр­гэж­лээрээ 33 жил ажил­лаж хөдөлмөрлөөд тэтгэврээ тог­тоолгосон хүмүүс, дөр­вөн хүүхэдтэй эхчүүдийг тэт­гэвэрт гаргасан. Тэтгэврийн даат­галын сангаас 213.2 мян­ган хүн өндөр насны тэтгэвэр авдаг.
Үүний 80.2 мянга буюу 37.6 хувь нь 1995 оноос хойш тэтгэврээ тогтоолгосон бол өндөр насны тэтгэвэр авагч­дын 75.4 хувийг эзэлж байгаа 160.7 мянган иргэн 1995 оноос өмнөх үеийн хө­дөлмөрийн хөлс, түүнтэй адилт­гах орлогоос бодуулж тэт­гэв­рээ тогтоолгожээ.
Тэт­гэв­рийн зөрүү арилгах тоо­цоонд 160.7 мянган иргэний асуудлыг авч үзэх шаард­ла­гатай байгаа. Үүнийг харгал­зан дээрх иргэдийн тэт­гэв­рийн шимтгэл төлсөн ху­гацаа, эрхэлж байсан ажил, албан тушаал, хөдөл­мөрийн нөхцөл нь ижил иргэдийн тэтгэврийг бодо­ход ба­рим­тал­сан цалин хөлс, орлоготой дүйцүүлэн тог­тоо­хоор тусгасан. 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хөгш­чүүдийн тэтгэвэр хаанаа ч хүрэл­цэхгүй байна.
Юмны үнэ өсөхийн хэ­рээр авч байгаа тэтгэвэр нь ба­га байгаад хөгшчүүд их гом­дол­лодог. Хөдөө орон нутгаар явж байхад хөгшчүүд тэт­гэв­рийг нэмэгдүүлээч ээ гэ­сэн хүсэлт байнга тавьдаг. Төр засгийнхан тэтгэврийн зө­рүүтэй тогтолцоог ойлгож байсан ч асуудлыг шийдээгүй өдий хүрсэн. Ижил мэр­гэж­лийн хүмүүс тэтгэврээ тог­тоолгоход хооронд нь асар их зөрүү гараад бай­гаа учраас энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэхээр хуу­лийн тө­сөл өргөн барьсан юм. Өнөө­гийн нийгэмд хөгш­чүү­дийн амьдрал үнэхээр хэцүү байна.
-Өнөөдөр хөгшчүүд маань тэтгэв­рийн 100-гаад мянган төгрө­гөөр л амьдралаа зал­гуулж байгаа. Ингэхэд та нэр бүхий гишүүдтэй хамт­раад Боловсролын тухай хуулийг санаачилсан. Үүнд бо­ловсролын бай­гуул­ла­гын­хан ам сайтай байгаа юм билээ?
-Боловсролын салбарт на­саараа багшилж, ардын хүүх­дүү­дийг сурган хү­мүү­жүүлж байгаа багш на­рыг ялгаварлаж болох­гүй. Хувийн хэвшлийн сургуу­лиуд дотор өндөр төлбөртэй гарын таван хуруунд баг­тах сургууль бий. Багш на­рын­хаа нийтлэг эрх ашгийг хамгаалсан хуулийн төслийг санаачилсан.
Монголын бо­ловс­ро­лын салбарыг тэр­гүүлэх сал­бар гэж үзэж байгаа юм бол хувийн ч бай, хувьс­га­лын ч бай сургуулиудад баг­шилдаг багш нарыг ялгаварлаж болохгүй. Хуу­лийн төсөлд бүх шатны сур­гууль, цэцэрлэгт 25 ба түү­нээс дээш жил ажилласан иргэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж, мөн сум, тосгон, ба­гийн сургууль, цэцэрлэгт 10 ба түүнээс дээш жил ажил­­­ласан бол 36 сарын үнд­­­с­эн цалинтай нь тэнцэх хэм­­­жээ­ний нэг удаагийн мөн­гөн тэт­гэмжийг улсын төс­вөөс өм­­чийн хэлбэрийг үл хар­­гал­зан ажиллаж бай­­гаа бай­­гуул­лагаар нь дам­­­жуу­лан олгохоор тусга­сан.
Хуу­­лийн төслийн хү­рээнд төрийн бус өмчийн сур­гууль, цэ­цэрлэгийн багш, албан ту­шаалтанд олгох тэт­гэм­жийг төрийн албан хааг­чийн ца­лингийн сүлжээг ба­римт­лан олгох заалтыг нэ­мэхээр бол­лоо. Ингэхдээ сур­гууль, цэ­цэрлэгийн багш, ал­бан ту­шаалтнаас гадна бо­ловс­­ро­лын туслах ажилтан, нябо, ня­рав, слесарь, жо­лооч, ма­наач нарыг мөн хам­руулах нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Шинэ сар удахгүй гар­на. Та манай уншигчдад мэнд­чилгээ дэвшүүлнэ үү?
-Монгол түмэндээ, Завхан нутгийн ард иргэддээ “Өглөөний сонин”-ны нийт уншигчдадаа XVII жарны “Баясгалан” хэ­мээх Усан луу жилийн сар ши­нийн  мэндийг өргөн дэв­шүүлье. Та бүхний өл­мий бат, мэлмий тунгалаг, ам­­жилт бүтээл арвин, аз жар­гал дүү­рэн байхын өлзийтэй ерөөл өргөе.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш