logo
Аавыг нь дайрч хөнөөчихөөд хүүг нь гэмт хэрэгтэн болгожээ

Аавыг нь дайрч хөнөөчихөөд хүүг нь гэмт хэрэгтэн болгожээ

2012/02/21
Монголын хууль энгийн иргэдэд үйлчилдэггүй ту­хай нэгэн бодит жишээг ун­шигч­дадаа хүргэж байна.Тодруулбал Төв аймгийн цагдаа, прокурорууд асар хурдтай явсан согтуу жолооч эцгийг нь дайрч хөнөөчихөөд байхад хохирогч болох ёс­той хүүг нь гэмт хэрэгтэн бол­гожээ. Эцгийгээ дайруулж үхэхийг харсан хүүгийнх нь нулимс хатаагүй байхад аавыгаа бусадтай бүлэглэн хөнөөсөн хэмээн буруутгаж, гэмт хэрэгтэнтэй адилхан нэг зүйл ангиар яллах дүгнэлт үйл­дээд байна. Энгийнээр бо­доод үзэхэд л аавыгаа алд­сан хүү нь хохирогч бай­маар юм.
2011 оны 11 дүгээр са­рын долоонд иргэн С.Дам­дин­базар хадам ах, том хүү, охинынхоо хамт Улаан­баатар хотоос Төв аймгийн Но­мгон сум руу явж бай­жээ. “Мицүбиши галант” мар­кийн жижиг тэрэг хө­лөг­лөсөн С.Дамдинбазар Номгон суманд амьдардаг тал хар­васан аав, хөл гар муутай ээж хоёроо эргэхээр явж байсан аж. Гэтэл үдшийн 20:40 цагийн үед Дарханы 124-ийн даваа өгсөх үед ма­шин нь эвдэрчээ. Азаар тэд­нийг даваа өгсөх үед аваарын дохиогоо асаасан ачааны машин хоцорсон байна.

С.Дамдинбазар охи­ноо даа­руулчихгүйн тулд хадам ах­тайгаа ма­шиндаа үлдээгээд том хүүгээ дагуулан ачааны ма­шин дээр эргэж очжээ. Ачааны машины жолооч Д.Баярсайхан ганцаараа бай­сан тул дугуйгаа нөхөх гээд нэлээн зовж байж. Ингээд тэд нийлж ачааны машины ду­гуйг нөхөөд жижиг тэрэг­нийхээ урд гарган, даваа давтал чирүүлэхээр болжээ.
Ингээд ачааны машины араас жижиг тэргээ холбо­хоор зогсож байтал чирэх тросс нь үл ялиг дутав. С.Дам­дин­базар ачааны маши­ны жолоочид “Жаахан ухар­чих” гэж хэлэх санаатай зам руу эргэтэл асар хурдтай гарч ирсэн “Ланд Круйзер-80” маркийн автомашин зам дээ­рээс хамаад оджээ.  
Машиныхаа дэргэд зогсож байсан хүү Д.Эрхэмбаяр нь цо­чирдон гарч иртэл жийп ма­шинд мөргүүлсэн аав нь 100 метр хол шидэгдсэн бай­жээ.
Тэр шөнөдөө эмнэлэг, цаг­даа болон, 30-23 УБЧ ду­гаартай “Ланд Круйзер-80” маркийн машины жолооч Б.Батсайханыг Төв аймгийн Цагдаагийн хэлтэс рүү авч явсан байна.
Гэтэл хэрэг шалгагдаж эх­лэх үед аавыгаа алд­сан Д.Эрхэмбаяр, тэд­ний ма­ши­ныг чирч өгө­хөөр зогсож бай­сан ачаа­ны машины жолооч Д.Баяр­сайхан нарыг цагдаа нар сэжигтнээр тооцон шал­гаж эхэлжээ. Өөрөөр хэл­бэл Д.Эрхэмбаярыг ачаа­ны машины жолооч Д.Баяр­сай­хан, талийгаачийг дайрсан “Ланд Круйзер-80” маркийн машины жолооч Б.Батсайхан нартай бүлэглэж, эцгийгээ хө­нөөсөн хэмээн эрүүгийн хэ­рэг үүсгэсэн байна.
Тэдэнд бүгдэд нь 215.3 гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа аж.

 

Намайг бусадтай бүлэглэж, аавыгаа машинаар дайрч алсан гэж хэрэгт татсан

Төв аймгийн цагдаа, про­курорынхны энэ “ичгэвтэр” хууль бус үйл ажиллагааны та­лаар талийгаачийн хүү, хохирогч Д.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Болсон хэргийн талаар яриагаа эхлэх үү?
-Бид хөдөө байдаг өвөө, эмээгээ эргэх санаатай Ном­гон руу явж байсан юм. Дархан явдаг 124-ийн да­вааны наана машин эвд­рээд ачааны машины урд зогс­сон. Тиймээс бид том тэ­рэг­ний дугуйг нөхөлцөөд, чи­рүү­лэхээр зогсож байтал ий­м аймшигтай хэрэг бол­сон.
-Та нар замаа чөлөөлсөн байсан биз дээ?
-Тэгсэн. Оройн 20:40-21:40 цагийн хооронд болсон үйл явдал л даа. Ачааны ма­шин, манай машин ч аваа­рын гэрлээ асаасан бай­сан. Тэгээд машинаа хол­бох гэтэл уяа нь бага зэрэг дутчихаад болдоггүй. Ха­рин аав том машины жо­лоочид жаахан ухарчих гэж хэлэх гээд эргэтэл гэ­нэт урдаас мэлийсэн цав ца­гаан гэрэлтэй машин асар хурдтай орж ирээд тас гээд л аваад явчихсан. Тэгэхэд аав том тэрэгний хажуугаас өөрийнхөө машиныг өнгөр­төл шидэгдсэн. Бид ч санд­рал­даад очтол аав амьд үгүй­ нь мэдэгдэхгүй байсан.
-Дайрсан машин нь зогс­сон уу?
-Нэлээн хол тоормослож байж зогссон. “Хүн дайр­чихлаа” гээд бөөн юм болж байгаад дүү бид хоёр дайрсан машинаар аавыг аваад яв­сан. Хамгийн ойроор нь Бор­нуур сумын эмнэлэгт хүр­гэсэн. Гэтэл аав газар дээ­рээ өнгөрчихсөн юм шиг байна лээ. Тухайн үед бид өнгөрснийг нь ч мэдээгүй. Эмч нар нас барсныг нь х­э­лээгүй. “Тариа хийж бай­на, та хоёр гарч бай” гээд дүү бид хоёрыг оруулаагүй.
-“Ланд Круйзер”-ийн жо­лооч согтуу байсан юм уу?
-Тийм байх. Аавыг аваад явж байхад машинаас нь архи, пиво үнэртэж байсан. Гэх­дээ жолооч нь өөрөө уу­гаагүй гээд байна лээ.
-Тэд хэдүүлээ явсан бэ?
-Дөрвүүлээ. Нөгөө гурав нь архи уусан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч жолооч нь уу­гаагүй гээд байдаг юм. Гэхдээ би итгэхгүй байна. Шөнө уул руу уруудаж байж маш хурд­тай явсан. Урд нь ачааны том машин гэрлээ асаагаад зог­сож байхад харахгүй бай­на гэж байх уу. Тэгэхээр тэр жо­лоочийг согтууруулах ун­даа хэрэглэсэн байх гэж бод­дог. 
-Аавыг чинь дайрсан хүн нь байсаар байхад чамайг яа­гаад хэрэгт татсан юм бол?
-Намайг тэр дайрсан жолоочтой бүлэглэж аавы­гаа алчихсан хэмээн хэрэгт та­таад байна. Хамт явж байсан охин дүүг минь хэрэгт татаагүй нь яамай даа.
Уг нь манай хоёр машин дүрмийнхээ дагуу зам руугаа хангалттай шахаж зогссон. Гэтэл эсрэг урсгалаас ирсэн машин аавыг минь дайрч алчихаад байхад намайг болон манай машиныг чирч даваан дээр гаргаж өгөх гэж байсан ачааны машины жо­лоочийг буруутгаж байгаад гайхаж байна.
-Чи хэрэгтнээр татагдсан юм бол хохирогч нь хэн бэ, дүү чинь үү?
-Үгүй. Аав, дүү бид гурав­тай хамт явж байсан ээжийн ахыг хохирогч болгосон. Ма­най нагац ах гэсэн үг л дээ. Аавтай бараг хамаагүй хү­нийг хохирогч болгоод, аавы­гаа алдан шаналж байгаа намайг эцгийгээ хөнөөсөн гэмт хэрэгтэн болгосон.
-Чамайг хэзээнээс сэ­жигт­нээр татаж, байцааж эхэл­сэн бэ?
-Энэ хэрэг шалгагдаж эх­лээд л намайг сэжигтэн бол­госон. Би ямар ч хууль, дү­рэм мэдэхгүй. Тэгсэн ч аавы­гаа алдсан хүн хэзээ ч хэ­рэгтэн болдоггүй гэдгийг мэд­нэ.
-Цагдаа нар өөрийг чинь сэжигтнээр татсан үн­дэс­лэлээ юу гэж тайлбарласан бэ?
-Ямар үндэслэлээр, яа­гаад хэрэгтэн болгоод бай­гааг нь би ойлгоогүй. Би хү­мүүстэй хуйвалдаад эц­гийгээ хөнөөчихсөн биш. Манай гэр бүл аавыгаа алдаад үнэхээр хүнд байна. Гэтэл хүүг нь эцгийгээ хөнөөсөн гээд шал­гаж байгаад ээж дүү нарт минь үнэхээр хэцүү байгаа. Би болон бидэнд туслах гэж бай­сан жолооч энэ хэрэгт ямар буруутай юм бэ. Манай улсын хууль ийм байдаг юм болов уу гэж үнэхээр гайхаж байна. 
-“Ланд Круйзер”-ийн жо­лооч одоо шалгагдаж бай­гаа юу?
-Тийм. Бид гурвыг нийлж хүн алсан хэргээр шал­гаж байна. Нэг мэдсэн чинь ачааны машины жолооч бид хоёр жийпний жолоочтой нийлж аавыг хөнөөсөн болж таар­сан.
Прокурор нь овоо бос­гоо­гүй бол шаазгай юунд суух вэ гэдэг шиг юм яриад бүлэг хэрэг гэж үзсэн.
-Цагдаа, прокурор бай­цаалт авахдаа юу асууж байх юм?
-Би болсон бүх явдлыг л тайлбарласан. Прокурор дуу­дахаар нь очтол “Чи хо­хирол төлсөн үү” гэж асуусан. Би гайхаад “Би юун хохирол төлөх юм бэ” гэ­хэд “Чи хохирол төлөх ёстой хүн юм байгаа биз дээ” гэсэн. Би гэр бүлийнхээ үнэ цэнтэй хүнээ алдчихаад дээр нь хэнд, ямар хохирол төлөх ёстой юм. Талийгаач эцэгтээ хохирол төлөх юм уу, өөрөө өөртөө хохирол төлөх юм уу, ойлгохгүй байна.
-Энэ хэрэгт хэн гэдэг про­ку­рор хяналт тавьж байгаа вэ?
-Төв аймгийн хяналтын про­курор Ц.Сонинмөнх гэ­дэг эмэгтэй. Надаар хохи­рол төлүүлж, аавыг минь дайр­сан жийпний жолоочийн хо­хир­лыг хуваах гээд байгаа юм болов уу гэж бодсон.
-Талийгаачийг дайрсан жо­лооч хохирол төлж бай­гаа юу?
-Буяны ажилд зориу­лаа­рай гээд гурван сая төгрөг өг­сөн.
-Ачааны машины жо­лооч яасан бэ?
-Уг нь тэр хүн бидний машиныг чирч өгөх гээд л зогсож байсан. Машинаасаа ч буугаагүй. Өөрт нь үнэндээ өгье гээд мөнгө байхгүй гэд­гээ хэлж байна лээ. Ма­най гэрийнхэн түүнийг бу­руут­гаж, хохирол төл гэхгүй байгаа. Бид л өөрсдөө гуйж очсон юм чинь.
-Дайрсан машины жо­лооч юу хийдэг хүн бэ. Хуу­лийг гуйвуулж чадахаар тийм хөрөнгө мөнгөтэй хүн үү?
-“Тулгуур инвест” гэдэг барилга, зам, гүүрийн ком­панийн жолооч Б.Бат­сайхан гэсэн. Нүд муутай хүн байна лээ. Жолооч юм уу, захирал юм уу, бүү мэд. Ямар ч байсан хууль мэддэггүй, мөнгө төгрөггүй бидэн шиг хүмүүсийг хэрэгтэн болгох хэмжээний хөрөнгөтэй хүн юм шиг байна.
-Танайх хэдүүлээ амьдар­даг вэ?
-Бид эхээс дөрвүүлээ. Би том нь боловч группт байдаг. Би хоёр хүүхэдтэй. Тусдаа гар­сан болохоор аав л ээж, дүү нарыг болгодог байсан юм. Тийм учраас би үнэхээр гом­долтой байна.
Би бүтэн дөрвөн сар Төв аймаг руу явж байна. Тэн­дээс өмгөөлөгч ав гэсэн. Надад өмгөөлөгч авах мөнгө алга. Би өөрийгөө хохирогч гэж боддог. Хохирогчоор тог­тоогдсон ээжийн ахыг шүүх хурал дээр нь л ир гээд явуулсан. Зайлуул, байнга Төв аймаг рүү ирэх гэж хэ­цүү шүү дээ.
-Шүүхэд хэзээ шилжсэн бэ?
-10 гаруй хонож байна. Хам­гийн гол нь хохирогч болох ёстой намайг яагаад гэмт хэрэгтэн гэж үзээд бай­гаа юм бол. Уг нь аавыгаа алдчихсан хохирогч шүү дээ. Би одоо шүүхэд л найдаж бай­на. Шүүгчид энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж өгнө гэдэгт итгэж байна.

"Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш