Си Цзиньпиний эсрэг хуйвалдааныг Хятадын Коммунист намын удирдлагад багтдаг зарим хүн толгойлсон гэнэ.
Энэ талаарх материалыг Хятадын Чунцин хотын орлогч дарга асан Ван Лицзюн Чэндү хот дахь Америкийн Элчин сайдын яаманд дамжуулжээ. Тэрбээр АНУ-ын Элчин сайдын яаманд бүтэн хоногийг өнгөрүүлсэн бөгөөд одоо түүний хаана байгааг хэн ч мэдэхгүй гэнэ. Харин Хятадын хилийн чанадад хятад хэлээр гардаг “Босюн” сайт “Ван Лицзюнь одоо Бээжинд байгаа. Түүнийг мөрдөж эхэлсэн” хэмээн мэдээлжээ.
“The Washington Times” сонины Үндэсний аюулгүй байдлын шинжээч Билл Гертц “Ван Лицзюнь мөн Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтай түшмэд авлигад холбогдсон талаарх материалыг өгсөн” хэмээн тус сонины дагуул хэвлэл “Washington Free Beacon”-д бичжээ. Түүнчлэн Чунцин хотын намын хорооны тэргүүлэгч Бо Силай болон Коммунист намын Төв Хорооны байнгын хорооны гишүүн Жоу Юнкан нар “хатуу бодлого”-ыг дэмжигчдийн хамт Си Цзиньпинийг энэ намар улс орны удирдлагыг хүлээн авахад саад хийж, улмаар түүнийг зайлуулахаар төлөвлөсөн гэнэ.
Нэрээ хэлэхийг хүсээгүй америк түшмэл “Ван Лицзюнь Америкаас улстөрийн орогнол хүссэн ч Цагаан ордон болон зохих байгууллагууд Хятадыг гомдоохоос айж, зөвшөөрөөгүй” хэмээжээ. Харин АНУ-ын Конгрессийн гишүүн Дана Рорабахер “Ван Лицзюнь оргох оролдлого бүтвэл Хятадын Засгийн газрын талаар нууц мэдээллийг АНУ-ын тусгай албадад өгч магадгүй” гэж ярилаа.
Хуйвалдагчид төлөвлөгөөгөө Хятадын Хаврын баярын дараахнаас хэрэгжүүлэх гэж байсан аж. Энэ талаар Хонконгийн хэвлэл мэдээллийнхэн “Хятадын Коммунист намын Төв хорооны байнгын зөвлөлийн есөн гишүүн санал нэгтэйгээр Бо Силайн хэргийг мөрдөх тусгай бүлэг байгуулахаар болсон” хэмээн мэдэээлэв.
Дашрамд сонордуулахад дэлхийн 10 гаруй орон Бо Силай, Жоу Юнкан, Ван Лицзюн, Зян Зэминь нарыг “Фалуньгун” оюуны сургаал баримтлагчдыг хавчин хяхаж, хоморголон устгадаг хэмээн буруутгаж, шүүхэд өгсөн юм байна.
Өглөөний сонин