logo
Нельсон Мандела мэс засал хийлгэжээ

Нельсон Мандела мэс засал хийлгэжээ

2012/02/27
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг цогтой тэмцэгч Нельсон Мандела өчигдөр эвэрхийн хорт хавдрын мэс засалд оржээ. Мэс засал амжилттай болж, аюул өнгөрсөн гэж түүний гэр бүлийнхэн нь мэдэгдсэн байна. Өмнөд Африкийн ардчиллын эцэг гэгддэг, 93 нас зооглож буй Нельсон Мандела одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бие нь тэнхэрч байгаа гэнэ. Өмнөд Африк дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тууштай тэмцсэний төлөө тэрбээр амьдралынхаа 27 жилийг шоронгийн харанхуй камерт өнгөрүүлсэн. 1990 онд шоронгоос суллагдсаны  дараа Нельсон Манделад Нобелийн энхтайвны шагнал олгосон юм. Нельсон Мандела 1994 онд Өмнөд Африкийн Ерөнхийлөгчөөр сонгогдож, амласан ёсоор дахин нэрээ дэвшүүлээгүй билээ. Өмнөд Африкийн одоогийн Ерөнхийлөгч Якоб Зума Нельсон Манделаг овгийн нэрээр нь Мадиба хэмээн хүндэтгэн дууддаг аж. Якоб Зума Нельсон Манделаг хагалгаанд орсны дараа мэдэгдэл хийжээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Мадибагийн бие тун сайн төдийгүй эмч нар түүнийг бүрэн тэнхэрнэ гэдэгт итгэлтэй байна. Мадиба өндөр настай ч насандаа баймгүй бие сайтай хүн юм” гэжээ. Нельсон Манделагийн хэвтэж буй эмнэлгийн нэрийг албаны хүмүүс олон нийтэд зарлаагүй аж. Өмнөд Африкийн ардчиллын эцэг хамгийн сүүлд 2010 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний хаалтын ёслолын үеэр олон нийтэд хандаж үг хэлсэн юм. Нельсон Мандела олон нийтийн өмнө гарах нь ховор хэдий ч Өмнөд Африкт төдийгүй дэлхийн олон оронд түүнийг ардчиллын баатар гэж хүндэлдэг юм.

Н.Энх
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш