logo
УИХ-ын дарга БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн даргыг хүлээн авч уулзав

2012/02/28
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. БНАЛАУ-ын Үндэсний Ассамлейн дарга, хатагтай Пани Ятодү төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр 11.45 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их Эзэн богд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төлөөлөгчдийг угтан авч дурсгалын зураг татуулсан бөгөөд БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав.
Дараа нь Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга хатагтай Пани Ятодү тэргүүтэй төлөөлөгчдийг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, Эрхэмсэг хатагтай Пани Ятодү УИХ-ын даргын урилгыг хүлээн авч, 17 дугаар жарны туулай жилийг монголчууд үдэж луу жилтэй золгож байгаа онцлог цаг үед Монгол Улсад албан ёсны айлчилж хийж байгаад талархаж буйгаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд илэрхийллээ. Мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн босгон дээр тус ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд энэхүү айлчлал хэрэгжиж буйд билэгшээж байгаагаа тэмдэглээд, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэх, парламент хооронд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт илтгэлтэй байгаагаа онцоллоо.
БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга, хатагтэй Пани Ятодү, халуун дотно хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаад Лаосын Үндэсний Ассамблейн нэрийн өмнөөс УИХ-ын даргад талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр цааш нь хэлэхдээ, манай төлөөлөгчдийн дийлэнх нь түүний дотор миний бие Монгол Улсад анх удаагаа айлчилж байна. Танай сайхан оронд айлчлах боломж тохиож байгаад сэтгэл нэн өндөр байна. Бидний айлчлал танай үндэсний уламжлалт сар шинийн баярын үеэр тохиож байгаа нь ихээхэн онцлогтой болж байна. Бидний энэ удаагийн айлчлал парламент болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд цаашдаа хувь нэмрээ оруулах, хоёр талын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлд төгс байна. Монгол оронд ирээд хоёр хонох хугацаанд хөдөө орон нутагт очиж малчин айлаар зочилох завшаан тохиолдлоо. Богино хугацаанд монголын ард түмэн улс орноо хөгжүүлж, ард түмний ахуй амьдрал дээшилж байгаа сайхан жишээнүүдийг харж бахархаж явлаа. Бид ах ,дүү, нөхдийн хувьд монголын ард түмний олж байгаа амжилтыг сэтгэл хангалуун хуваалцаж байна. Энэ завшааныг ашиглаж өөрийн орны байдлын талаар товч танилцуулья. Өнгөрсөн онд Лаосын Үндэсний Ассамблейгаар БНАЛАУ-ын нийгэм, эдийн засгийг 2011-2015 онд хөгжүүлэх 7 дугаар таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч эхэлж байна. Гол зорилго нь улс орны тогтвортой байдлыг хангах аюулгүй байдлыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм. Бид гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Энэ зорилгыг амжилттай хэрэгжүүлсэнээр 2015 он гэхэд нэг хүнд ногдох орлогоо 1700 ам.долларт хүргэх юм. Ард түмний амьдрал ахуйг ядуурлаас ангижруулах зорилт тавьж 2015 он гэхэд ядуурлын доод түвшинг 10 хувьд хүргэх зорилт тавьж байна. Улс орныхоо эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хөгжлийг хамтад нь явуулж ард түмний амьдрал ахуйг дээшлүүлэхэд анхаарч байна. Ирэх онд Үндэсний Ассамблейгээс гадаад харилцаагаа өргөжүүлэхэд анхаарч ах дүү харилцаатай орнууд болон олон улсын түвшинд харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна. 2011 онд гадаад арга хэмжээний салбарт олон зүйл хийсэн. Үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 8,3 хувь өссөн үзүүлэлттэй байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах асуудал үр дүнтэй байгаа. Манай улс өнөөдөр дэлхийн худалдааны байгууллагын гишүүнээр элсэх үйл ажиллагааныхаа эцсийн шатанд ороод байна. Өнгөрсөн хугацаанд манай улсыг дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орноор элсэхэд байнгын дэмжлэг үзүүлж ирсэн монголын Засгийн газарт энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье. Манай Үндэсний Ассамблейн 7 дахь сонгууль 2011 оны 4 сард явагдаж, энэ сонгуулиар нийт 132 гишүүн сонгогдсон. Үүнээс 33 нь эмэгтэй гишүүн бөгөөд нийт гишүүдийн 25 хувийг эзэлж байгаа юм. Мөн 7 дахь удаагийн сонгуулиар гишүүдийн тоог нэмэгдүүлэхэд анхаарсан. Мөн энэхүү сонгуулиар эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд хоёр орны парламентын хамтын ажиллагаа идэвхтэй сайн явж ирсэнд сэтгэл хангалуун байна. Хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх парламентын уламжлалт харилцааг үр дүнд хүргэхийн тулд парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс төлөөлөгчдийн харилцан солилцоог цаашид үргэлжлүүлэн туршлага солилцох, хуулийн мэргэжилтнүүдийг хууль боловсруулах чиглэлээр харилцан туршлага судлуулах, мэргэжил дээшлүүлэх, хэвлэл мэдээллийн материал, технологи харилцан солилцохыг дэмжиж ажиллах саналтай байна. Түүнчлэн хоёр орны парламент болон янз бүрийн салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьж түүнийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллах, хоёр талын улс төрийн харилцаа өндөр түвшинд байгаагийн адил хоёр талын хувийн хэвшлийнхнийг дэмжиж хоёр орны хооронд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллах саналыг гаргаж байна. Мөн хоёр орны парламент бүс нутаг болон олон улсын тавцанд бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалт үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг дэмжиж байна. Лаосын Үндэсний Ассамблейн төлөөлөгчдийн энэ удаагийн айлчлал нь хоёр орны уламлжлалт найрсаг харилцааг өргөжүүлэхийн зэрэгцээ удахгүй хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн жилийн үйл ажиллагаанд дэмжлэг болж парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үр дүнгээ өгнө гэж найдаж байна. Монгол Улсын Их Хурлын  дарга таныг гэр бүл, төлөөлөгчдийн хамт боломжтой үедээ Лаос улсад айлчлал хийхийг энэ дашрамд урьж байна гэлээ.
Хатагтай Пани Ятодүг Лаос орны эдийн засаг, нийгэм, хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярьсанд УИХ-ын дарга  талархал илэрхийллээ . Тэрбээр цааш нь хэлэхдээ, хоёр орны хувьд ижил төстэй зүйл олон байна. Бид эдийн засгийнхаа өсөлтийн хурдацыг нэмэгдүүлэхэд анхаарал тавьж байна. БНАЛАУ-ын эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрч байгаа нь өндөр хувь. Манай эдийн засгийн өсөлт өнөөдөр 17 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна. Цаашдаа манай эдийн засгийн өсөлт 10 хувиас дээш гарна гэдэгт найдаж байна. Эдийн засгийн өсөлтийн зэрэгцээ инфляци их анхаарал татдаг. Бид инфляцийг нэг оронтой тоонд барихад анхаарч байна. Энэ жилийн дунджаар инфляци 9,2 хувьтай байгаа. Бид улс төрийн талаар тогтвортой байх бодлогыг баримталдаг. Энэ оны 6 дугаар сарын сүүлээр УИХ-ын ээлжит сонгууль явагдана. Бид сонгуулийн хуулиа саяхан баталсан. Хуулийн хүрээнд сонгууль явагдах бүрэн боломжтой. Манай орны эдийн засгийн өсөлт зөвхөн уул уурхайн өсөлтөөр тодорхойлогдохгүй. Уламжлалт мал аж ахуй орлого сайтай байгаагийн зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн дотоодын болон гадаадын зах зээлд өндөр үнээр борлогдож байна. Хоёр орны харилцааны тухайд үнэхээр бие биенээ сайн мэддэг улс орнуудын тоонд орно. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны 1994 оны гэрээ хэлэлцээрийг эрх зүйн үндэс болгодог. 2008 онд танай сайхан оронд айлчилсан. Манай хоёр орны хоооронд дээд түвшний уулзалт байнга явагдаж байгаагаас гадна яам, салбар, агентлагийн хамтын ажиллагаа сүүлийн үед өргөжсөн байна. Энэ харилцаанд хоёр орны парламент болон парламентын бүлэг хоорондын харилцаа тогтмолжсон нь ач холбогдолтой болсон. Парламентын Тамгын Газар хооронд 2013 он хүртэл хамтын ажиллагааны чиглэл тогтсон байгаа. Таны дэвшүүлсэн саналуудыг бүрэн дэмжиж байна. Хоёр орон өөр өөрийн үндэснийхээ баялгийг ашиглан хамтран ажиллах боломж бүрэн бий. Энэ талаар Лаос, Монголын Засгийн газар хоорондын 8 дугаар хуралдааны явцад тохирсон асуудлыг парламент бүрэн дэмжиж байна. Энд сонирхолтой саналууд байгаа. Лаост бид 10 мянган га газарт цагаан будаа тариалах санал бий. Мөн дэд бүтэц сайтай тодорхой нутагт 5000 га-д мод тариалах хүсэлтэй бий. Та бүхэн монголд бас фермерийн үйл ажиллагаа эрхэлж , махны чиглэлийн хонь, ямаа үржүүлэх боломжтой байгаа. Цаашдаа адуу ч өсгөж болно. Эдийн засгийн хувьд манай тал цагаан будааг сонирхож байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбар мөн өргөжиж байна. Монгол Улс Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-тай түншлэлийн харилцаа тогтоох хүсэлтэй байдаг. Монгол Улс энэ онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгууль, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 2015 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд байна. Лаос Улс энэ чиглэлээр Монгол Улсад дэмжлэг үзүүлж ажиллана гэдэгт найдаж байна. Эцэст нь Монгол, Лаосын ард түмний уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид цэцэглэн хөгжихийн ерөөл дэвшүүлж, Та бүхнийг Монгол Улсад тавтай саатан зочлохыг хүсье гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш