logo
Ерөнхий сайд Хонгор сумын малчныд зочиллоо

Ерөнхий сайд Хонгор сумын малчныд зочиллоо

2012/02/29
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр тус аймгийн Хонгор сумын малчин Х.Басангийн хот айлд зочилж хаваржилт, мал төллөлтийн байдалтай танилцжээ.
Увс нутгийн уугуул энэ айл Хонгор суманд ирж мал маллаад 20 гаруй жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд Мянгат малчин, Аймгийн аварга малчин зэрэг алдрыг хүртсэн аж. Хонь голдуу 1200 гаруй малтай. Х.Басангийн хүүхдүүд ч аавыгаа залгамжлан малчин болжээ.
Ерөнхий сайд С.Батболд сар шинийн мэнд хүргээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Монгол мал” хөтөлбөр, “Таван Эрдэнэ” арга хэмжээний талаар танилцуулжээ. Тэрээр эдгээр хөтөлбөрийн хүрээнд үнэ төлбөргүй малаа эрүүлжүүлэх, вакцинжуулах, ээмэгжүүлэх ажлыг улс орон даяар эхлүүлээд байгааг онцолсон байна. Мөн малчин өрх бүр үйлдвэрлэгч, ажил олгогч юм. Энэ ч утгаараа малчдад мэргэжлийн үнэмлэх олгох асуудлыг шийдвэрлэхээр зэхэж байгааг дуулгажээ.
Ийн мянгат малчин Х.Басантай халуун яриа өрнүүлсний дараа Ерөнхий сайд Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны 50 жилийн ойн баярын хуралд оролцсон байна.     
Мөн тус аймаг дахь “Алтан тос” ургамлын үйлдвэрийн ажилтай танилцсан байна. Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж байгаа үйлдвэрийн хамт олонд Засгийн газрын тэргүүн талархал илэрхийлжээ.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш