logo
«Мобиком», «Юнител»-ийнхэн гоё нэртэй урамшууллаар харилцагчдаа шулж байжээ

«Мобиком», «Юнител»-ийнхэн гоё нэртэй урамшууллаар харилцагчдаа шулж байжээ

2012/03/01
Үүрэн холбооны “Юнител” компанийнхан шинэ оны босгон дээр “Таван азтан, таван байр” нэртэй хонжворт сугалааг хэрэглэгчдийнхээ дунд явуулж байгаа тухайгаа бүх телевизээр нэг өрөө байрны эзэн болох бүрэн боломжтой рекламдан багагүй дуулиан дэгдээсэн билээ. Ингэхдээ тус үүрэн холбооны урьдчилсан азтанаар тодруулснаа мэдээлж байсан юм. Гэр хороололд ээжтэйгээ амьдардаг бүсгүй анхны азтан болж хүмүүс нүдээ оллоо хэмээн байсан нь саяхан. Энэ мэтээр таван байр дандаа хэрэгтэй хүмүүстээ очлоо гэцгээж нэг үгээр “Юнител”-ын буянтай бас шударгыг нь гайхаж байлаа. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхны саяхан хийсэн шалгалтаар азтанууд өнөөдрийг хүртэл байрандаа ороогүйгээс гадна өөр хэд хэдэн ноцтой зөрчил гарсан байна. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдийн 2011 онд хэрэглэгчдэд үзүүлсэн хямдрал, урамшуулал хэр үнэн шударга бодитой явагдсан болон хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүйгээр төлбөр тооцоо үнэн зөв хийдэг эсэх мөн хэрэглэгчдээс авч байгаа нэг удаагийн нэмэлт үйлчилгээний төлбөр, хураамжууд хуульд нийцэж байгаа эсэхийг шалгажээ.
Шалгалтаар үүрэн телефоны зарим компани элдэв урамшуулал энэ тэр гэсэн нарийн аргаар иргэдийг шулдаг нь илэрчээ. Дээр дурьдсан “Юнител”-ийн жишээ гэхэд Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3-д заасан “Өрсөлдөөнд  харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн гэж байгаа юм. Үүнээс гадна Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8-д заасан “Бараа, ажил, үйлчилгээг… төөрөгдүүлэх замаар худалдахыг хориглоно” гэсэн заалтыг ч мөн зөрчиж орхиж. Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан тус компанийг дээрх зөрчлөө арилга, хэмээн шаардаж хүмүүсийг хохироож байсных нь хариуд 10 сая төгрөгийн торгууль оногдуулжээ. Гэвч торгуулийн гэх энэ мөнгө өчнөөн мянган хэрэглэгчийн халаасыг хөнгөхөн сэгсэрч орхидог тус компанийн хувьд юу ч биш юм. Уг нь энэ үүрэн холбооны компаныхныг анх үйлчилгээ явуулж эхлэхэд ард түмэн хэрэндээ л талархан хүлээн авсан.
Яагаад гэвэл “Мобиком”, “Скайтел” зэрэг  үйлчилгээг өндөр үнээр худалдаж авдаг ард тмэн гурав дахь нь гарч ирснээр ярианы тариф зэрэг нь арай л багасах болов уу гэсэн найдлага тавьж байсан юм. Гэвч “Юнител” хоёр том компанийн монополь байдлыг халах нь бүү хэл харин ч ганзага нийлж, элдэв луйврын арга хэрэглэж ард түмнийг шулж, халаасаа түнтийлгэж чадсан нь дээрх баримтаас харагдаж байна. Хэрэглэгчээ хуурсан зөрчил “Таны тэмүүлэл биднийг хөтөлнө” гэсэн сүржин гэмээр уриатай “Мобиком”-оос ч илэрч. Хоёр сая шахам харилцагчтай  хэмээн өөрсдийгөө рекламддаг “Мобиком”-ынхон дараа төлбөрт хэрэглэгчийн багцад дагалдан ирэх ярианы эрхийг минутаар тооцдог гэх боловч хэрэглэгч зардлаа хянах боломжгүй. Учир нь мэдээллийг төгрөгөөр өгдөг. Ийм нөхдөлд яаж ч хичээгээд хэрэглээгээ хянах боломжгүй юм байна. Өөр бас өч төчнөөн “но” илэрсэн гэх бөгөөд үүрэн холбооны дээрх компаниуд харилцагчдаа хэрхэн луйварддаг  тухай нь бид цаашид ч баримттайгаар хүргэх болно.

Л.Ган-Өлзий: Бүх орлогыг нь хураах хүртэл арга хэмжээ авна

Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль, хяналт зохицуулалтын газрын мэргэжилтэн, улсын байцаагч Л.Ган-Өлзийгөөс зарим зүйлийг тодрууллаа.
-“Мобиком”, “Юнител” зэрэг компанийн хууль бус үйлдэл хийж харилцагчдаа шулж байсан нь илэрсэн юм байна. Танайхаас 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан гэсэн. Хууль, журамдаа ийм хэмжээний торгууль оноохоор заасан байдаг юм уу?
-Тийм. Тус бүрийг нь 10 сая төгрөгөөр торгохоор болсон. Хуульд ийм заалттай болохоор түүнийгээ барьж ажиллахаас аргагүй. Хэрэв дээрх зөрчлөө арилгаагүй тохиолдолд шат шатны арга хэмжээнүүд бий.
-Тухайлбал?
-Ямар ч байсан эхний ээлжинд тус компанийн удирдлагуудад улсын байцаагчийн шаардлага хүргүүлсэн. Заасан хугацаанд гаргасан зөрчлөө арилгана гэж найдаж байна. Мэдээж шаардлага биелүүлэхгүй бол олсон бүх орлогыг хурааж авах хүртэл эрх бидэнд бий.
-“Юнител”-ийнхэн байр хожсон азтанууддаа орон сууц хэзээ өгөхөөр болсон бэ?
-Өнгөрсөн жил бүх телевизээр таван байрны реклам цацаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч азтан байраа аваагүй байгаа юм. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 9-нд дээрх шалгалтыг хийсэн. Үүнээс тав хоногийн дараа гэрээ хийсэн барилгын компани болох “MCS Проперти” ХХК-ийн дансанд таван байрны мөнгөө шилжүүлсэн байна билээ. Хамгийн гол нь энэ компанийн барьж буй барилга оны эцэст ашиглалтад орно гэсэн. Уг нь тэд азтануудаа дуудаж “Та бүхэнд байрыг чинь өгөх боллоо. Иймээс та нар бичиг барнмтаа авчир” гэж хэлсэн байгаа юм. Эхлээд шинэ жил, дараа нь наадмаар гэж хэлсэн байна билээ. Нэгэнт өгнө гэж амласан бол шууд өгөх хэрэгтэй. Хууль зөрчсөнөө дээрх компанийн удирдлагууд маш сайн мэдэж байгаа. Бид азтан болсон хүмүүсийн дөрөвтэй нь уулзахад гомдолтой байгаагаа хэлж байсан. Хэрэглэгчдийг ингэж төөрөгдүүлж бас хуурч болохгүй шүү дээ.
-“Скайтел” зэрэг бусад компанид шалгалт мөн хийсэн үү?
-“Скайтел” компанийн урамшууллын талаар шалгаж үзэхэд ямар нэг зөрчил илрээгүй. Тэднийх саяхан нэг хэрэглэгчдээ машин өгсөн юм билээ. Авто тээврийн газраас олгосон автомашины гэрчилгээ холбогдох бичиг баримтуудыг нь шалгасан. Эцэст нь хэлэхэд цаашдаа хямдрал, урамшууллыг бодитой үнэн зөвөөр зарлаж байх хэрэгтэй гэсэн үүргийг ч үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг бүх компанид өгсөн.
Шалгалт хийсэн улсын байцаагчтай байцаагчтай ярилцсаны дараа байрны азтан болсон гэх Б.Цэнгэлтэй утсаар холбогдож байрандаа орсон эсэх талаар асуухад “Одоо хүртэл байрандаа орж чадаагүй байгаа. Худал, үнэнийг нь ойлгохгүй байна” гэв. Ингээд “Окта” төв дэх салбараар үйлчлүүлж байсан “Юнител”-ийн хэрэглэгч Ж.Мөнхдуламтай уулзсан юм. Тэрбээр “Би иж бүрэн тавилгатай байрны азтан болох гэж зөндөө их нэгж авсан. Гэвч анхнаасаа л хэрэглэгч биднийг төөрөгдүүлж байсан юм билээ. Одоо ямар утас барихаа ч мэдэхгүй байна. Тэр нэгжийн урамшуулал нь худлаа байдаг юм билээ. Одоо ч хаширч байна шүү” гэлээ. Ямар ч байсан Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан дээрх компаниуд хэрэглэгчдийг хэрхэн луйварддагийг нотлох хангалттай баримт цуглуулжээ. Эхнийх нь дүн ч ийн гараад ирлээ. Бид цаашид дээрх компаниуд иргэдийг яаж шулж байсан талаарх мэдээллийг цувралаар хүргэх болно.

Р.Саруултөгс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш