logo
Вашингтон, Кабулын харилцаа сайнгүй байна

Вашингтон, Кабулын харилцаа сайнгүй байна

2012/03/01
Лалын шашны номуудыг шатаасантай холбоотойгоор Афганистанд эхэлсэн Америкийг эсэргүүцсэн жагсаал цуглаан АНУ, НАТО-гийн цэргийн албан хаагчдад урьд өмнө байгаагүй ихээр халдах болжээ. Афганистаны цагдаагийн офи­це¬руудын хоёр америк зөвлөхийг буудсан нь тус улсад цэргийн ажиллагаа эхэлсэн цагаас хойших хамгийн гүнзгий хямрал Кабул, Вашингтоны харилцаанд үүссэн байна. Афганы сэдэв АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд нэн тэргүүнд шийдэх хэрэгтэй асуудлын нэг болжээ. Бүгд найрамдах намынхан Барак Обамаг лалын шашинтнуудыг өөгшүүлж, Афганистанаас АНУ-ын цэргийг гаргах төлөвлөгөөнд заасан үндэсний эрх ашгаас урваж байна хэмээн буруушаасан байна. Баграм бааз дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазад коран судар болон лалын шашны холбогдолтой номуудыг шатаасны дараа АНУ, НАТО-гийн цэргийнхэнтэй дайтахыг «Талибан» хөдөлгөөний удирдлага уриалсан нь тус улсын янз бүрийн нутагт болж буй олон улсын эвслийн хүчний эсрэг халдлага болж хувирчээ. Даваа гарагийн өглөө амиа золиослогч машинтайгаа Желалабадын цэрэг болон иргэний зориулалттай нисэх буудлын дэвсгэр нутагт дэлбэрсэн байна. Машиныг буудлын хамгаалагч хаалган дээр зогсоох үед террорист этгээд тэсрэх төхөөргөө ажиллагаанд оруулжээ. Үүний улмаас 10 хүний амь эрсдэж, 12 хүн шархадсан байна. Азаар байлдааны жижүүрт гарч байсан НАТО-гийн цэргүүдэд хохирол учраагүй байна. Үүний өмнөх өдөр Имам-Сагиб хотод Америкийн цэргийн долоон албан хаагч жагсагчдын шидсэн тэсрэх бөмбөгт өртөн шархаджээ. Өрнөдийн хэд хэдэн орныг Кабулаас иргэдээ татахад хүргэсэн сүүлийн өдрүүдэд болж буй үйл явдлуудаас хамгийн их анхаарал татсан нь Кабулын төвд орших Афганистаны ДХЯ-нд Америкийн цэргийн хоёр зөвлөхийг буудан хороосон хэрэг байв. Амь үрэгдсэн хурандаа, хошууч хоёрын нэрийг нийтлээгүй байна. Афганистаны Засгийн газар дахь эх сурвалжуудаас иш татан өрнөдийн хэвлэлүүдэд мэдээлснээр, америкчууд коран судрын талаар таагүй зүйл хэлсний дараа хоёр зөвлөхийг афган цагдаа бууджээ. Ийм халдлага болсны учир тус улсын хууль хамгаалах байгууллагууд ДХЯ-ны 25 настай ажилтан Абдул Сабурыг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Үүний сацуу америкчуудын амийг хороосон хэргийн хариуцлагыг «Талибан» хөдөлгөөн аль хэдийнээ хүлээжээ.
Хүчирхийлэл газар авсан нь Афганистаны БХЯ болон ДХЯ-ны сайд нар энэ долоо хоног Вашингтонд хийх байсан айлчлалаа цуцлахад хүргэжээ. Тэд АНУ-ын БХЯ-ны сайд Леон Панеттатай хэлэлцээ хийх ёстой байсан юм. Харин Кабул дахь АНУ-ын Элчин сайд Райан Крокер Си-Эн-Эн телевизэд өгсөн ярилцлагадаа «Түгшүүртэй байдал дээд цэгтээ хүрснийг» хүлээн зөвшөөрсөн байна.
Афганистанд болж буй үйл явдал АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сунгааны үеийн гадаад бодлогын талаар хэлэлцэх гол сэдэв болжээ. Ирэх сонгуульд Барак Обаматай өрсөлдөх магадлал өндөр буй Бүд найрамдах намаас нэр дэвшигчид Цагаан ордны тэргүүний Афганистаны талаарх чиг бодлого уналтад орсныг тэмдэглэж байна. «Өөрийн бодлогоороо Ерөнхийлөгч Афганистан дахь цэргийн ажиллагаа амжилттай болох байсныг хүндхэн байдалд орууллаа» гэж Бүгд найрамдах намаас нэр дэвшигчдийг тэргүүлж буй Митт Ромни мэдэгджээ. Түүний хэлснээр, Ерөнхийлөгч Обама Афганистанаас цэрэг гарах хугацааг урьдчилан хэлснээр тус улсын хүчнийхэнд улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүргийг амжилттай шилжүүлэх нөхцөлийг бий болгосонгүй.


З.Амгалан
Эх сурвалж: "Монцамэ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш