logo
Хиймэл хөлийг жинхэнэ хөлтэй адилхан болгох боломжтой болжээ

Хиймэл хөлийг жинхэнэ хөлтэй адилхан болгох боломжтой болжээ

2012/03/02
3D–ээр хэвлэх (3D printing) буюу аливаа материалыг гурван хэмжээст байдлаар гаргаж авах технологи хиймэл эрхтэн хийх аргад хувьсгал хийж байна. Сан Францискод үйл ажиллагаагаа явуулдаг нэгэн компани энэ  технологийг ашиглан хиймэл эрхтэн хийж, тахир дутуу хүмүүст тусалж байна.
Сан Францискод үйл ажиллагаа явуулдаг  Bespoke Innovations компаний санал болгож байгаа шинэ боломжийн ачаар тахир дутуу хүмүүс хиймэл хөлөөсөө ичих хэрэггүй болж байна. Bespoke компани хүмүүсийн хиймэл хөлөнд таарсан хуяг, хамгаалалт гэж хэлж болох зүйлийг тусгай аргаар гаргаж авдаг. Энэ компанийг үндэслэгч Скотт Саммитын хэлж байгаагаар хүн бүрийн бие өөр өөр онцлогтой байдаг байна. Тиймээс өрөөсөн хөлгүй тахир дутуу хүний эрүүл хөлний зургийг авснаар хиймэл хөлийг нь бүрэх тусгай материалыг зургийн дагуу гарган авч, эрүүл хөлтэй нь адилхан болгох боломжтой аж.
Саммитын хэлснээр энэ аргыг ашигласнаар зөвхөн тухайн хүнд тохирсон хиймэл эрхтнийг гарган авдаг байна. Тэрээр ярихдаа "Бид тухай хүний аль нэг эрхтний гурван хэмжээст зургийг авч компьютерт оруулдаг, харин дараа нь бид үйлчлүүлэгчдийнхээ сонирхолд тохируулан зургуудаас сонгуулдаг, учир нь тухайн хүний нэгээхэн хэсэг байх учраас хиймэл эрхтэн ямар хэлбэртэй байх нь маш чухал" гэжээ.   
Саммит 3D –ээр хэвлэх буюу аливаа материалыг гурван хэмжээст байдлаар гаргаж авах орчин үеийн технологи бүтээгдэхүүний загварыг бүтээх аргад хувьсгал хийж байгааг ойлгосныхоо дараа хиймэл эрхтнийг энэ аргаар хийх санааг олсон байна. Тэрээр ярихдаа "3D –ээр хэвлэх гэдэг нь маш өөр ойлголт, салангид хэсгүүдийг эвлүүлэхийн оронд та бүхэл зүйлийг нэг удаагийн процессын дүнд гарган авч чадна гэсэн үг, үүнээс гадна зөвхөн тухайн хүнд зориулсан хиймэл эрхтнийг гарган авч болно" гэжээ. 
Өмнөд Каролинд байдаг 3D Systems компаний лазер төхөөрөмж өгөгдсөн зургийн дагуу нунтаг пластикийг хиймэл эрхтэн болгон хувиргадаг байна.
Скотт Саммитын хэлж байгаагаар хиймэл эрхтнийг ийнхүү гурван хэмжээст байдлаар гаргаж авч байгаа нь ердөө эхлэл юм байна. Тэрээр ирээдүйд хиймэл эрхтэн гаргаж авахын оронд органик эд эсийг ашиглан хүний жинхэнэ эд эрхтнийг гаргаж авах боломжтой болно гэдэгт итгэж байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш