logo
Самсунг компани Galaxy Beam нэртэй шинэ гар утсаа танилцууллаа

Самсунг компани Galaxy Beam нэртэй шинэ гар утсаа танилцууллаа

2012/03/02
Барселон хотод зохиогдсон үзэсгэлэнгийн үеэр томоохон компаниуд шинэ загварын гар утсаа танилцуулжээ. Солонгосын Самсунг компани дэлхийн гар утасны зах зээл дэх нөлөөгөө улам нэмэгдүүлсээр байна. Энэ компани Барселон хотод зохиогдсон Mobile World Congress үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр Galaxy –ийн шинэ хувилбар болох "Galaxy Beam" нэртэй ухаалаг гар утсаа танилцуулжээ. Өмнөх загварын адил мэдрэгч дэлгэцтэй энэ утсыг проектор болгон ашиглах ч боломжтой аж. Самсунгийн ажилтан Вилл Бин Galaxy Beam утсыг авснаар халаасандаа авч явдаг зурагттай болно гэсэн үг гэж ярьжээ. 
Galaxy Beam утас ердөө 12.5 мм зузаантай бөгөөд ойролцоогоор 1.2 метрийн цаана байгаа хана руу дүрсийг тусгана. Самсунг компани түүнчлэн өөр нэг бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Хэмжээний хувьд гар утсаас том,  хавтгай загвартай компьютерээс жижиг, 10 инч дэлгэцтэй  бүтээгдэхүүний нэр нь Фаблетс юм байна.
Самсунг компани 2011 онд ойролцоогоор 100 сая гар утас борлуулжээ. Самсунгийн гүйцэтгэх захирал энэ үзүүлэлтийг 2012 онд хоёр дахин өсгөхийг хүсч байгаагаа хэлсэн байна. Самсунгтай Америкийн Apple компани төдийгүй хурдан хугацаанд гарч ирж байгаа Хятадын компаниуд өрсөлдөж байгаа. Тэдгээр компаниудын нэг нь Huawei юм. Энэ компаний шинээр гаргасан Ascend D гар утас дэлхийн хамгийн хурдан гар утас гэдгийг Huawei –ийн маркетингийн албаны дарга Фредрик Флеуренц хэлжээ.
Дэлхийн зах зээл дээр ухаалаг гар утасны борлуулалт сайн хэвээр байна. Тиймээс ийм төрлийн гар утас үйлдвэрлэж байгаа компаниуд өөр төрлийн утас үйлдвэрлэж байгаа компаниудаас илүү ашиг орлого олж байгаа юм. Тиймээс энэ зах зээл дэх өрсөлдөөн ширүүн байна. Шинжээч Бен Вүүдийн хэлж байгаагаар Хятадын компаниуд хүчээ авч байгаа гэнэ. Тэрээр ярихдаа "Одоогоос таван жилийн өмнө Нокиа, Моторола, Самсунг, Сони Эрикссоны утсууд зах зээлд давамгайлж байсан, харин одоо Хятадын Хуавэй зэрэг брэндүүд хүч түрэн орж ирж байна, тэдгээр компаниуд энэ жил 60 сая гар утсыг өрсөлдөгчдийнхөө бүтээгдэхүүнээс 15-20 хувь доогуур үнээр борлуулна гэж мэдээлсэн, энэ нь одоо зах зээлд тэргүүлж байгаа компаниудын хувьд таагүй мэдээ, тиймээс энэ зах зээлд өрсөлдөөн ширүүсч байна" гэжээ.
BlackBerry, Nokia компаниуд ч зах зээлийн өрсөлдөөнөөс шахагдахгүйн тулд хэрэглэчдийн эрэлт хэрэгцээг хангасан утас гаргахаар чармайж байгаа юм. Өнгөрсөн онд Хятадын Хуавэй болон ZTE компаниуд нийлээд 35 сая гар утас борлуулсан байна. Энэ нь зах зээлд борлуулагдсан нийт гар утасны долоо орчим хувьтай тэнцэнэ.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш