logo
“Монголын махны холбоо” төрийн мөнгийг салхинд хийсгэж байна

“Монголын махны холбоо” төрийн мөнгийг салхинд хийсгэж байна

2012/03/03
Нөөцийн мах бэлтгэн ний­­лүүлнэ гэдэг хамгийн ашиг­­тай бизнес болсон. Энэ жилийн тендерт 20 компани шал­­гарсан ч “Мах импекс” ХХК, “Мах маркет” ХХК, “Мах экспорт” ХХК, “Баат­рууд тэнгэр” ХХК, “Тайж трейд” ХХК гэсэн таван ком­пани 7400 тонн буюу 50-иас дээш хувийг нь бэлтгэсэн бай­на. 
Тэгвэл нөөцийн махны энэхүү бизнесийг “Монголын махны холбоо” хэмээх төрийн бус байгууллага голлон зохион байгуулдаг юм байна. 2006 онд Засгийн газрын 178 дугаар тоот тогтоолоор нөөцийн мах бэлтгэн ний­лүүлэх компаниудыг сонгон шалгаруулах журмыг баталжээ.

Энэ тогтоолын дагуу Нийс­лэлийн захирагчийн аж­лын алба нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдийг сонгон шал­гаруулж байв. Гэвч 2009 оноос компаниудыг сон­гон шалгаруулах бүх эрх мэд­лийг “Монголын махны хол­боо”-нд шилжүүлжээ. Ин­гэснээр 2009 оноос эхлэн төрөөс нөөцийн мах бэлтгэн нийлүүлэгчдэд олгодог тэр­бумаар хэмжигддэг урам­шууллын мөнгийг “Мон­го­лын махны холбоо” гэх тө­рийн бус байгууллага захи­­ран зарцуулдаг болсон байна.
Өдгөө “Монголын махны хол­боо”-ны тэргүүнээр “Тайж трейд” ХХК-ийн за­­хирал Л.Ганпүрэв гэгч ажил­ладаг. Л.Ганпүрэв энэ хол­бооны анхны тэргүүн доктор С.Дэлэгийг түлхэж тэргүүн болсныхоо дараагаас “Тайж трейд” ХХК нөөцийн махны тендерт тогтмол ялж, 1000 тонноос дээш мах бэлт­гэн нийлүүлэх эрх авдаг бол­жээ. Нөөцийн мах хэр их бэлтгэнэ, тэр хэмжээгээр сул ашиг орж ирдэг жамтай.
Иймээс ч 100 тонн мах бэлтгэх хүчин чадалтай за­рим компани 1000 тонныг бэлтгэх эрх авч, мөнгө иддэг байна. Бэлтгэж чадаагүй 900 тонн махныхаа асуудлыг хуурамч падаан бичүүлээд л шийдчихдэг гэсэн үг. Харин бэлдсэн жаахан мах нь дуусчихаар мах бэлтгэгчдийн арга мэхэнд хууртсан хя­налт шалгалтынхан монгол­чуудынхаа махчныг гайхаад хоцордог.
Энэ жил бэлтгэсэн гэх 12 000 тонн мах ийм замаар дуусч, Засгийн газар дахин хө­рөнгө гаргаж, 15000 тонн мах нөөцлөх ажлыг эх­­­лүүлж байна. Товчхондоо “Монголын махны холбоо” нөө­цийн мах бэлтгэгчдийг сонгон шалгаруулах нэрээр төрийн мөнгийг салхинд хийс­гэдэг болсон.   
Төрийн хөрөнгийг тө­рийн бус байгууллага захи­ран зарцуулдаг энэхүү со­­­­­нир­холтой сонгон шал­га­­­­руу­лалтын талаар Нийс­лэлийн захирагчийн аж­­лын албаны Хүнс, ху­дал­даа, үйл­чилгээний хэлт­­сийн мэр­гэжилтэн О.Уян­гаас тод­руулахад “Нөө­­цийн мах бэлтгэн ний­лүүлэх ком­­паниудыг Зас­гийн газ­рын 178 дугаар тог­тоол, шаард­­лагын дагуу “Мон­голын махны холбоо”-ноос сон­­годог. Манайх гардан зо­хион байгуулах бүх үүргээ 2009 онд “Монголын махны холбоо”-нд албан ёсоор шил­жүүл­сэн. Гэхдээ сонгон шал­гаруулалтыг манайх бо­лон МХЕГ хянадаг” гэсэн тайл­барыг өгч байна лээ.
Хэдийгээр Нийслэлийн захирагчийн ажлын алба, МХЕГ-ынхан мах бэлт­гэгч­дийг сонгон шалга­руу­­лахад хяналт тавьдаг гэх боловч бүх эрх мэдэл “Монголын махны холбоо”-нд шилжсэн учраас ямар ч нэмэргүй. Өөрөөр хэлбэл ямар компанийг сонгохыг “Монголын махны холбоо” болон тэдний арын улстөрчид мэднэ. Гэх­дээ нөөцийн махны сон­гон шалгаруулалтыг “Монголын махны холбоо” зохион байгуулдаг гэдэг ч цаа­на нь УИХ-ын гишүүд, Нийслэлийн захирагчийн ажлын албаны нөлөө бүхий дарга нар бий гэх юм билээ.
“Монголын махны хол­боо” сонгон шалгаруулах эр­хийг авснаас хойш гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд төрөөс нөөцийн маханд зо­риулж хэдэн тэрбум төгрөг гаргасныг өгүүлье.
Тус холбоо 2009 онд 7000 тонн нөөцийн мах бэлт­гүү­лэхээр зургаан аж ахуйн нэгжийг шалгаруулжээ. Эдгээр компанийн урам­шуулалд төрөөс 2.4 тэрбум төгрөг олгосон байна. 2010 онд нийт есөн аж ахуйн нэгжээр 12 000 тонн мах бэлт­гүүлж, зургаан тэрбум төгрөгийн урамшуулал ол­госон аж. 2011 онд 11 ком­паниар 12000 тонн мах бэлтгүүлэхээр сонгон шал­гаруулжээ.
Харин энэ жил 20 ком­паниар 12000 тонн мах бэлтгүүлж, Засгийн газраас найман тэрбум төгрөгийн урамшуулал олгосон би­лээ. Амташсан хэрээ 13 дахи­на гэдэг шиг өнгөрсөн хугацаанд “Мах импекс” тэргүүтэй хэдхэн компани байнга тендерт оролцдог байжээ. 
Өнгөрсөн жил тендерт ялсан компаниудыг энэ жи­­лийн тендерт ялсан ком­­па­ниудтай харьцуулан хүргэе. 

2011 онд 11 компани 12 000 тонн нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх
эрх авчээ  

-“Мах маркет” ХХК 2400 тонн
- “Мах импекс” ХХК 2000 тонн
-“Мах экспорт” ХХК 1300 тонн
-“Тайж трейд” ХХК 1200 тонн
-“Баатрууд тэнгэр” ХХК 1000 тонн
-“Багахангай” ХК 1000 тонн
-“Монгол мах экспо” ХК 700 тонн
-“Баруун Монгол” ХХК 600 тонн
-“Соотон” ХХК 500 тонн
-“Давшилт трейд” ХХК 400 тонн
-“Саян-Уул” ХХК 300 тонн
-“Эрдэнэт прогресс” ХХК 300 тонн
-“Стандарт мах” ХХК 200 тонн
-“Завхан хүнс групп” ХХК 100 тонн 


2012 онд 20 компани нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх  эрх авчээ

-“Мах импекс” ХХК 2000 тонн
-“Мах маркет” ХХК 1700 тонн
-“Мах экспорт” ХХК 1300 тонн
-“Баатрууд тэнгэр” ХХК 1200 тонн
-“Тайж трейд” ХХК 1200 тонн
-“Эй Эн Ди Эм” ХХК 800 тонн
-“Соотон” ХХК 600 тонн
-“Давшилт трейд” ХХК 500 тонн
-“Саян-Уул” ХХК 500 тонн
-“Мик маркет” ХХК 350 тонн
-“Монгол мах экспо” ХК 300 тонн
-“Багахангай” ХК 250 тонн
-“Баруун Монгол” ХХК 200 тонн
-“Нэмэр их” ХХК 200 тонн
-“Тэс шим хоршоо” ХХК 200 тонн
-“Монгема” ХХК 200 тонн
-“Сэргэн мандал групп” ХХК 200 тонн
-“Хүнс трейд” ХХК 100 тонн
-“Хүнсний коллеж” 100 тонн
-“Талын хүнс” ХХК 100 тонн

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш