logo
“Мобиком”, “Юнител” корпорацийн хууль бус үйлдэл хэрэглэгчдийн бухимдлыг дахин төрүүлэв

“Мобиком”, “Юнител” корпорацийн хууль бус үйлдэл хэрэглэгчдийн бухимдлыг дахин төрүүлэв

2012/03/03
-АХ НЬ ДҮҮ НАРТАЙ САЙН ҮЛГЭР ДУУРИАЛАЛ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ-

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас үүрэн холбооны оператор компаниудад хэрэглэгчдэд үзүүлсэн хямдрал, урамшуулал нь шударга, бодитой явагдсан эсэхийг шалгасан. Шалгалтаар үүрэн телефоны зарим компаниудаас багагүй зөрчил илэрчээ. Эдгээрээс хамгийн их зөрчил гаргасан болон бодит урамшуулал зарлаагүй компаниар “Мобиком”, “Юнител” зэрэг хамгийн олон хэрэглэгчтэй монополиуд тодорсон байх юм. Тус хоёр компанийн зар сурталчилгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлэхээр, урамшуулал нь бодитой олгогдохгүй, хямдрал нь зөрүүтэй хийгддэг зэрэг зөрчилтэй байж.

“Мобиком корпораци” нь Монгол Улсын “Ньюком” компани Японы “Sumitomo” болон “KDDI” корпорациудын хамтарсан хөрөнгө оруулалттайгаар 1996 оны гуравдугаар сарын 18-нд үйл ажиллагаагаа эхэлсэн Монголын анхны үүрэн телефон холбооны оператор. Үүрэн телефон гэдэг ойлголт байхгүй үед утасгүй холбоог хөгжүүлж, орон зайнаас үл хамааран интернэт, сансрын холбоогоор харилцах хөгжлийн шинэ гарцыг Монгол Улсад нэвтрүүлсэн. Тэгвэл уг корпораци өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон бүх аймаг, сум, төв сууринг хамарсан 332 газарт үүрэн телефон, холбооны сүлжээгээ байгуулан өөрийн үйлчилгээгээ үзүүлдэг билээ. Мөн Монгол Улсын хүн амын 90 хувьд хүрсэн дараа төлбөрт болон урьдчилсан төлбөрт нэг сая гаруй хэрэглэгчидтэй юм. Энэ утгаараа ч бусад үүрэн телефоны үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн хувьд айлын том “ах” нь гэсэн үг. Тэгвэл ах нь дүү нартаа сайн үлгэр дууриалал үзүүлэх ёстой биз дээ. Гэтэл “ах” нь энэхүү үүргээ муухан биелүүлж байгаа бөгөөд дүү нартай муу занг сургаж байна гэхэд хилсдэхгүй. Цаг үеэсээ нэг алхам түрүүнд явах эрхэм зорилгоо хэрэгжүүлэх үүднээс “Мобиком корпораци” бизнесийн ашиг орлогоо үнэнч хэрэглэгчдээ хууран мэхлэх замаар олж байгаа нь дүү нараа муу занд сургасаны тод жишээ юм. Хямдрал урамшууллын зар сурталчилгаа нь хэрэглэгч зарласан урамшууллыг шууд авах юм байна гэсэн ойлголт төрүүлэхээр хийгддэг нь “Мобиком” корпорацийн алдаа. Тухайлбал, дараа төлбөрт хэрэглэгчдийн ярианы төлбөр зөвхөн суурь хураамжаас илүү гарсан тохиолдолд буюу хэрэглээ их гарсан үед хямдрал хийгддэг нь хэрэглэгчдийн гомдол, бухимдлыг барж байна. Мөн тус корпораци нь хэрэглэгчиддээ ашигласан жилээс хамаарч урамшуулал олгодог гэх боловч түүнийгээ ярьсан хэрэглээнээс хамаарч егдөг нь уг урамшуулал агуулгатайгаа нийцэхгүй байна гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үзжээ.

“Би залгая” уриатай МобиЗон багц нь монголын анхны бизнес хэрэглээнд нийцүүлсэн бүтээгдэхүүн гэгддэг бөгөөд хямд тариф, хэрэглээнд нийцсэн Zone160, Zone400, Zone700, ZoneFree зэрэг олон төрлийн сонголттой. Дээрх багцууд нь тус бүр сүлжээ харгалзахгүй дагалдах ярианы эрхийг агуулдаг, Тухайлбал, Zone160 багцын хэрэглэгч сүлжээ харгалзахгүй 160 минут яриа хийх дагалдах ярианы эрхтэй. Гэтэл багцад дагалдах яриагаа тухайн сардаа бүрэн хэрэглэж дуусгаагүй ч төлбөрийг бүрэн төлдөг. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3-д заасан “Өрсөлдөөнд харш ур дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно”,  Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8-д заасан “Бараа, ажил, үйлчилгээг… төөрөгдүүлэх… замаар худалдах,… -ыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж байгаа юм. Үүний дээр Зар сурталчилгааны тухай хуулийн 7.2.3-д заасан “хангалттай, тодорхой мэдээллийг орхигдуулан … хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан” зүйл заалтыг зөрчснөөр хууль бус зар сурталчилгаа хийдэг нь ил болсон байна. Уг нь дээрх багцын хэрэглэгч сүлжээ харгалзахгүй ярих минутын яриагаа тухайн сардаа бүрэн хэрэглэж дуусгаагүй тохиолдолд дараа сард нь үлдэгдэл минут нь ашиглагдах ёстой аж. Гэтэл тийм биш. Тэгвэл “Скайтел”-ын дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдийн хувьд дагалдах яриагаа тухайн сардаа бүрэн хэрэглэж дуусгаагүй тохиолдолд дараа сард нь шилжин ордог. Үүнээс үзэхэд “Скайтел”-аас Мобикомынхонд сурах юм их. Мөн “Мобиком” нь дараа төлбөрт хэрэглэгчдийн багцад дагалдан ирэх ярианы хэмжээг минутаар тооцдог боловч ярьсан мэдээлэл нь төгрөгөөр ирдэг учраас хэрэглэгч хэрэглээгээ хянах боломжгүй. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдаааны арга хэрэглэх”-ийг хориглоно гэж заасныг мөн л зөрчсөн байна. Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.2.5-д заасан “барааны хэмжээ, хэмжих нэгжийн талаар хэрэглэгч үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй”-г ч мартагдуулж орхижээ. Бас болоогүй хэрэглэгч багц бууруулах, гэрээгээ шилжүүлэх зэрэгт нэг удаагийн нэмэлт төлбөр авч байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.10-д”хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн гээд дурдаад байвал олон алдаа гаргасан байна. Нэгэн үед монополь эрхтэй байсан “Мобиком” одоо энэ хэмжээлшгүй эрхээ эдэлнэ хэмээн андуурч болохгүй гэдгийг хэрэглэгчийн хувьд сануулъя.

Тэгвэл бас нэгэн хэрэглэгчээ үл хүндэлдэг газар бол “Юнител” корпораци. Оны өмнөхөн тус компани “Таван азтан, Таван байр” сугалааныхаа азтануудыг тодруулсан ч нөгөө азтанууд одоо хүртэл байрандаа ороогүй байгаа нь Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.3-д заасан “Өрсөлдөөнд харш үр дагавар үзүүлэх зар сурталчилгаа явуулахыг хориглоно” болон 12.1.10 дахь заалт болох “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно” зэргийг тус тус зөрчсөн байна. Уг нь энэ корпорацийн зарласан дээрх урамшуулал нь харилцаа холбооны салбарт гарсан хамгийн том урамшуулалт худалдаа байлаа. Нэг хэсэгтээ л “Таван байр тавуулаа нүдээ олсон бүгд л хэрэгтэй хүмүүстээ очлоо” гэцгээж байсан. Энэ нь ч “Юнител”-ын нэр хүндийг өсгөхөөс гадна тэдний шударга байдлыг гайхахад хүргэсэн. Гэтэл “Юнител” нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12.8-д заасан “Бараа, ажил, үйлчилгээг төөрөгдүүлэх… замаар худалдах… -ыг хориглоно” гэсэн зүйл заалтыг мөн л зөрчээ.

“Юнител” нь 2006 оны зургадугаар сарын 26-ны өдөр үйлчилгээгээ эхэлж та бидэнтэй танилцаж байсан өдрөөс хойш таван жилийн хугацаа өнгөрсөн. Тэгвэл “Юнител”-ийг анх үйл ажиллагаа явуулж эхлэхэд нь үүрэн телефоны хэрэглэгчид гурав дахь үүрэн телефоны корпораци нь гарснаар бусад корпорациудын ярианы тариф нь багасах болов уу гэсэн найдлага тавьж байсан билээ. Гэтэл богинохон мэт боловч энэ хугацаанд “Юнител” ах нарынхаа муу занг сурч, хоёр том компанийн монополь байдлыг халах нь бүү хэл харин ч ганзага нийлж, элдэв луйврын арга хэрэглэж хэрэглэгчдээ хууран, тэдний халаасыг хоослов. Энэ нь ч дээрх хуулийн заалтуудыг зөрчснөөрөө илэрч байгаа юм. “Юнител” бол 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай групп компанийг бий болгож чадсан команиудын нэг билээ.

Л.ГАН-ӨЛЗИЙ: Заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол олсон бүх орлогыг хураах хүртэл арга хэмжээ авна

Тэгвэл “Юнител ” болон “Мобиком ” компанийн үйлдэлд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хуулийн дагуу арга хэмжээ авч тус бүр 10 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Энэ асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хууль, хяналт зохицуулалтын газрын улсын байцаагч Л.Ган-Өлзийгөөс зарим зүйлийг тодрууллаа.

-”Юнител”, “Мобиком” компаниудын хууль бус үйлдэлд торгууль ногдуулсан. Эдгээр компаниуд гаргасан зөрчилөө арилгаж, торгуулиа барагдуулсан уу?

- Энэ хоёр компанийн хууль бус үйлдэлд 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Зөрчсөн хуулийн заалтын дагуу энэхүү торгуулийн хэмжээг тогтоосон байгаа. Дээрх компаниуд зөрчлөө энэ оны нэгдүгээр улирал буюу гурав дугаар сарын 31-ны өдөрт багтаан арилгах албан шаардлага хүргүүлсэн. Заасан хугацаанд гаргасан зөрчлөө арилгана гэж найдаж байна.

-Тэгвал одоогоор зөрчлөө арилгаагүй юм байна. Заасан хугацаандаа зөрчлөө арилгаагүй тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

-Эхний ээлжинд дээрхи компаниудын удирдлагуудад улсын байцаагчийн шаардлага хүргүүлнэ. Хэрэв заасан хугацаанд дээрх зөрчлөө арилгаагүй тохиолдолд дараагийн арга хэмжээнүүдийг авна. Шаардлага биелүүлэхгүй бол олсон бүх орлогыг хурааж авах хүртэлх арга хэмжээг авах болно.

Тухайлбал, “Юнител” компанийн явуулсан “Таван азтан, Таван байр” сугалаанд 60 мянган хэрэглэгч оролцсон байна. Эдгээр хэрэглэгчид наад заах нь 2000 төгрөгийн картаар нэг удаа дансаа цэнэглэсэн гэж үзэхэд 120 сая төгрөгийн орлого орно гэсэн үг. Гэвч нэг хэрэглэгч нэгээс олон удаа цэнэглэсэн шүү дээ.

-Дээрх шаардлагыг бүх компаниудад хүргүүлсэн үү. “Скайтел” зэрэг бусад компанид шалгалт хийсэн үү. Зөрчил илрээгүй юм уу?

- Хямдрал, урамшууллыг бодитой үнэн зөвөөр зарлаж байх хэрэгтэй гэсэн үүргийг үүрэн холбооны үйлчилгээ эрхэлдэг бүх компаниудад өгсөн. “Скайтел” компанийн зарласан урамшууллын талаар шалгаж үзэхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Тэднийх саяхан нэг хэрэглэгчдээ машин өгсөн юм билээ. Автотээврийн газраас олгосон автомашины гэрчилгээ зэрэг холбогдох бичиг баримтуудыг нь шалгасан. Зөрчил байгаагүй.

-”Юнител” байр хожсон азтанууддаа орон сууц хэзээ өгөхөөр болов. Танайд ямар хариу өгсөн вэ?

-  Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын есөнд дээрх шалгалтыг хийсэн. Уг нь тэд байр нь бэлэн, азтан болоод л шууд байрандаа орно гэсэн агуулгатай сурталчилгааг бүх телевизээр цацсан байгаа. Гэтэл орон сууц нь Яармагт баригдаж байгаа юм байна лээ. Тус орон сууц оны сүүлээр ашиглалтанд орно. Ямартай ч тэд байраа өгөхийн хувьд өгнө гэсэн. Гэхдээ бид нэгдүгээр улиралдаа багтаагаад өг гэсэн шаардлагыг тавьж байгаа. Бид азтан болсон хүмүүсийн дөрөвтэй нь уулзсан. Тэд бүгд гомдолтой байгаагаа хэлж байсан юм. Нэг нь утсаа аваагүй. Хэрэглэгчдийг ингэж төөрөгдүүлж бас хуурч болохгүй гэв.

Бид байрны азтан болсон хүмүүстэй утсаар холбогдож байрандаа орсон эсэх болон тэдний санал бодлыг сонссон юм. Хамгийн эхний байрны азтан болох Б.Цэнгэлтэй утсаар холбогдох гэсэн боловч азтан болгосон дугаараа худалдсан байлаа. Хоёр дахь азтан болох Ж.Идэртэй холбогдоход хожсон байр маань баригдаж байгаа, долдугаар сард ашиглалтад орно. Ашиглалтад оронгуут нь байрандаа орно гэж бодож байна гэв. Харин гуравдахь азтан Б.Анхбаяр “Юнител”-ийн удирдлагууд байр тань УИХ сар гэхэд баригдаж дуусна гэсэн. Өөрийн биеэр очиж үзсэн. Ямартай ч ашиглалтад орохыг хүлээгээд байж байна гэсэн юм. Дөрөв дэх азтан болох М.Отгонцэцэгийн утас нь холбогдох боломжгүй байлаа. Тав дах байрны эзэн болсон М.Батзана хэлэхдээ байрныхаа эрхийн бичиг, өргөмжлөл зэргийг авсан байгаа. Байр маань дөрөвдүгээр улиралд ашиглалтад орно гэж хэлсэн. Амласан хугацаандаа өгнө гэж гэрээндээ тусгасан байгаа. Очиж үзсэн. Хугацаандаа ашиглалтад орох байх гэж найдаж байна.

Ямартай ч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хийсэн шалгалтаар “Мобиком”, “Юнител”-ийн будлиан нь ийнхүү илэрсэн. Одоо тэд заасан хугацаандаа зөрчлүүдээ арилгах ёстой. Ах дүү хоёр хэрхэн гэмээ цайруулахыг харах л үлдлээ дээ.

Ө.БОТА

logo-ubtimes

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш