logo
Барилгын компаниудын жагсаалтыг Засгийн газарт танилцуулна

Барилгын компаниудын жагсаалтыг Засгийн газарт танилцуулна

2012/03/05
ЗТБХБЯ, ОССК-аас “100 мянган айлын орон сууц” хөтөл­бөрийн талаар сэт­гүүлч­дэд нээлттэй мэдээлэл өглөө. Жилийн зургаан хувийн хүүтэй энэхүү зээлийг дээрх хөтөлбөрт багтсан, 50 хувиас дээш гүйцэтгэлтэй, шинэ орон сууцнаас авч буй иргэдэд олгох юм.

Гэхдээ бага, дунд ор­логотой иргэдийг орон сууцаар хангахад чиглэсэн хөтөл­бөрийг арилжааны банкуудаар дамжуулан сан­хүүжүүлж байгаа нь зарим талаар хүндрэл учруулах төлөвтэй байна гэх гомдлыг иргэд гаргаж байгаа. Учир нь арилжааны банкууд эрсдэлийг даах учраас багагүй шалгуур тавьж байна. Банкуудын тавьж буй шалгуураар тухайн иргэн анх удаа орон сууц авч байгаа, сард төлөх зээлийн хүү орлогынх нь 45 хувиас ихгүй, банкуудад хугацаа хэ­тэрсэн өргүй байх ёстой гэсэн.
Гэвч Улаанбаатарыг утаа, хог­ноос салгаж, иргэдийг тав тух­тай амьдрах их ажлын эх­лэл болж байгаа учраас олон зүйл шаардах хэрэггүй мэт.

Орон сууцны үнэ буурах нь тодорхой

Энэ талаар ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржоос тодрууллаа.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн дагуу барил­гын компаниудыг хэр­хэн сонгож байгаа вэ?
-ЗТБХБЯ-нд бүртгэлтэй барил­гын компаниудаас санал авч, гэрээ байгуулж эхэл­сэн. Гэхдээ бид хүссэн бүгд­тэй гэрээ бай­гуулах­гүй. Тухайлбал, зөв­хөн газар ашиглах эрх авсан компаниудтай хамтарч ажиллахгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл газраа авч, дулааны шугам сүлжээнийхээ асуудлыг шийдсэн, эрчим хүч­ний хангамжийг зохицуулсан компаниудтай ажил­лах юм.
-Энэ хөтөлбөртэй хол­боотой асуудал сүүлийн хэдэн хоног монголчуудын ан­хаарлыг хамгийн их татлаа. Зарим нь сонгуулийн шоу гэж байна?
-Энэ бол маш том ажлын гараа. Дөнгөж эхэлж байна. Ямар ч ажил эхэн үедээ төгс төгөлдөр байдаггүй, ямар ч саад учирч болно. Хамгийн гол нь хөтөлбөрийг батлаад удаагүй байна. Битүүний өдөр л хуралдаж баталлаа шүү дээ. Тиймээс монголчуудын амьдралд их нөлөө үзүүлэх энэ ажлыг нийгэмд зөвөөр ойлгуулах ёстой.
Орон сууцны жилийн хүүг өндөр гэж байна. Гэтэл өнөөдөр Монголбанкны бодлогын хүү 14 хувьтай байхад арилжааны банкууд мөнгөө хадгалуулж хүүг нь авч байгаа. Харин ч Засгийн газраас энэ хүүг буулгаж зургаан хувьтай болгосон нь зөв шийдвэр.
-Орон сууцны үнэ өс­сөөр байгаа.  Хөтөлбөр бат­лагд­сан нь үүнд хэрхэн нөлөөлөх вэ?
-Цаашид орон сууцны үнэ буурна. Хэдийгээр бага хүүтэй зээл гаргаснаар эрэлт ихсэх ч нөгөөтэйгүүр барилгын компаниуд үнээ буулгахаас өөр аргагүй нөхцөл үүсч байна. Мөн энэ төсөл зөвхөн одоо хэрэгжээд дуусахгүй. 2016 он хүртэл үргэлжлэх учир орон сууцны ханшийн өнөөгийн хөөрөгдлийг түр зуурынх гэж ойлгож болно.

1.6 жилийн дотор 28 мянган айлын орон сууц ашиглалтад орно

Дээрх хөтөлбөрт Орон сууц санхүүжилтийн корпорацийн үүрэг их. Гэхдээ арилжааны банкуудаар дамжуулж байгаа учраас ОССК-ийн хэрэг байна уу гэж олон нийт үзэж байгаа. Энэ талаар ОССК-ийн гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхлантай ярилцлаа.

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн ажил эх­лэх гэж байна. Орон сууц сан­хүүжилтийн корпораци энэ ажилд ямар үүрэгтэй оролцох вэ?
-Ерөнхийдөө бид бэлтгэл аж­лын шатанд явж байна. ОССК-ийн хувьд иргэдийн бүрдүүлсэн материалыг хүлээн авна. Иргэд анх удаа орон сууц авч байгаа гэх баталгааг УБЕГ-аас авч ирэх ёстой. Нөгөөтэйгүүр “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн жаг­саал­тад багтсан орон сууц­нуудаас сонгосон байх хэрэгтэй. Манай корпораци иргэдийн эдгээр мэдээллийг арилжааны банкуудад дамжуулна.
-Энэ хөтөлбөрийг бат­лахаас өмнө иргэд ОССК-аар дам­жуулан орон сууцны зээл авахад хэдхэн хоногийн дотор шийдвэрлэж өгдөг байсан. Гэтэл одоо зүгээр л материал хүлээн авч, цуг­луулдаг үүрэгтэй болж байгаа хэрэг үү?
-Үгүй ээ. ОССК “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт маш том үүрэгтэй. Иргэд шууд арилжааны банкуудаас энэ зээлийг авна гэсэн ойлголт байхгүй. Манай корпораци бүх материалыг хянаж, шаардлага хангасан, дутуу, буруу эсэхийг тогтоох ёстой. Арилжааны банк ажлын 15 хоногт багтааж бүрэн шийдвэрлэнэ.
-Ойрын хугацаанд, тодруулбал жилийн дотор хэчнээн айлын орон сууц ашиглалтад орж амжих вэ?
-ЗТБХБЯ-нд бүртгэлтэй, энэ хөтөлбөрт оролцохыг хүс­сэн компаниудын барил­гын ажлыг судлаад үзэхэд 1.6 жилийн дотор 28 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор байгаа. Эдгээрээс есөн мянган орон сууц шаард­лагыг хангаж байгаа юм.
-Засгийн газар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрөөс гарах зардлыг нөхөж чадах уу. Ер нь жилийн зургаан хувийн хүүгээс гарах ашгийг юунд зарцуулах вэ?
-Хэрвээ иргэд банкнаас моргейжийн зээл авах юм бол асар өндөр хүү төлнө. Жилийн 22-25 хувийн хүү гэсэн үг. Харин хөтөлбөрийн дагуу энэ зээлийн сан­хүү­жилтийг Засгийн газрын бон­доор хийж, эрсдэлийг нь арилжааны банк хүлээх учраас жилийн зургаан хувийн хүү их биш. Хүүгээс олсон хөрөнгөөр төслийн цаашдын санхүүжилтийг хийх юм.
-Иргэдийн зээлжих эрхийг ОССК болон арилжааны банкны аль нь баталгаажуулах вэ?
-Арилжааны банк шийднэ. Одоогийн байдлаар 2-3 банк Засгийн газартай хамтарч ажиллахаар болсон. Энэ тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
-Хүмүүс зохих ма­териалыг бүрдүүлсний да­раа арилжааны банк руу шууд очиж болох уу?
-Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх журмын дагуу иргэд материалаа ОССК-аар дамжуулах учиртай.
-Зээлд хамрагдахгүй байх нөхцөл хэр их бол?
-Иргэд сарын орлогынхоо 45-аас ихгүй хувиар зээлээ төлөхүйц орлоготой байх ёстой. Энэ шалгуурыг хангахгүй бол банк зээл олгохгүй.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш