logo
Курил

Курил "булаан эзлэгдсэн нутаг дэвсгэр" биш боллоо

2012/03/05
Японы Засгийн газар Өмнөд Курилын арлуудын талаар “хууль бусаар булаан эзлэгдсэн” гэдэг нэр томьёо хэрэглэхээс татгалзаж, түүний оронд “хууль зүйн үндэслэлгүйгээр эзэлсэн” гэх болжээ. “Санкэй” сонинд бичсэнээр, энэ нэр томьёог сөрөг Либерал-ардчилсан намаас сонгогдсон депутатуудын хүсэлтийн хариуд Сайд нарын танхимаас хэрэглэхээр  болсон байна. "Оростой хийж буй бүх талын харилцаагаа анхааралдаа авч”, тус улсын санал болгож хэлэлцээний үеэр шийдэх ёстой асуудал гэдэг үүднээс шинэ нэр томьёо гаргахаар шийдсэнээ Японы Засгийн газар тайлбарлажээ.
    Оросын Ерөнхий сайд Владимир Путин гуравдугаар сарын 1-нд Өрнөдийн сэтгүүлчидтэй уулзахдаа, Японтой хийж буй нутаг дэвсгэрийн маргаан “хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хоёр тал хүлээн зөвшөөрөхүйц байдлаар” шийдэгдэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Хэрвээ Орос, Япон хоёр бие биенээ жирийн хөршүүд бус, харин хэлхээ холбоогоо өргөжүүлэх сонирхолтой “чин сэтгэлийн найз нөхөд” хэмээн үзвэл тэдэнд харилцан буулт хийхэд хялбар болох юм.
    Япон улс 1855 оны худалдаа болон хилийн тухай хоёр талын гэрээг иш үндэс болгон Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлыг нутаг дэвсгэрийнхээ нэг хэсэг гэж үздэг юм. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа Орос улс эдгээр арлыг өөрийн гэж үзэх болжээ. Үүнээс болоод Орос улс Японтой өнөөг хүртэл найрамдлын гэрээ байгуулаагүй байдаг билээ.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш