logo
Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

Ээлжит бус чуулган нээлтээ хийлээ

2012/03/06
УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа УИХ-ын гишүүдийн 76.3 хувийн ирцтэйгээр боллоо. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ээлжит бус чуулганы ажиллагааг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын 2012 оны төсөв, Нийгмийн даатгалын сангийн болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төрийн байгууллагад ажиллагсадын цалин, ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг энэ оны хоёрдугаар сарын 1, мөн тавдугаар сарын 1-ний өдрөөс үе шаттай нэмэгдүүлэх боломж бүрдэж, эрх зүйн хувьд баталгаажих юм.
Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх нь бас л цаг хугацааны нөлөөллөөр шийдвэрлэх асуудлын нэг мөн. Ийм нөхцөлд л УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2012 оны төсөвт тодотгол хийх, УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах эсэхийг шийдвэрлэх асуудлыг хэлэлцэх болж байна. Үүний зэрэгцээ шүүхийн шинэчлэлийн багц асуудлыг авч хэлэлцэхээр бид тохирсон билээ.
Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар намын бүлгүүд саналаа нэгтгэвэл ээлжит бус чуулганы ажиллагаа товлосон хугацаандаа өндөрлөх бүрэн боломжтой хэмээлээ.
Энэ удаагийн ээлжит бус чуулганаар мөн Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлах юм.
Нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ дахь МАН, АН-ын бүлэг, үдээс хойш Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг хуралдлаа.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш