5- сарын 12-14
Үнэнээрээ байх сайхан ч хууль хэрэгждэггүй Монголд шударга амьдарч, ариун цагаанаар яаж явах юм бэ? Ёстой санасны гарз болно биз. Урд шөнө хар даран зүүдлээд тавгүй унтсан болохоор үүр цайнгуут л бослоо. Үзэг дэвтрээ нийлүүлэв. Өглөөний цайгаа ууж ойрдоо хараагүй цагаан талхаар ходоодоо баярлуулсан манай камерынхан унтацгааж байна. Байцаагч ирвэл 5-р сарын 17-ны өдөр батлан даалтанд гарган биз. Өмгөөлөгчгүй ч гэсэн аятайхан мэдүүлэг өгөөд гуйгаад үзнэ дээ гэсэн бодолд ээрэгдсээр… Дарцаг шиг дэрвэж, үерийн ус шиг халгиж цалгин, ороо морьтой адил омголон явсан миний хулхи шалдаа бууж дээ янз нь. Мөрдөн байцаагч л ирээсэй. Бас наранд гаргаасай. Бурхан минь намайг бардам байсны төлөө хугалж байгаа бол би танаас гуйя, надад эрх чөлөө хайрла. Таны сүр хүчит хүү Есүсийн нэр дээр гуйн залбирлаа. Амен.
Залбирсныг маань бурхан сонсчээ. 10 цаг хагасын үед захиалгын хуудас барьсан дэслэгч Т.Бадамлянхуа нэрийн дансандаа мөнгөтэй бол хүссэнээ захиалж болно гэсээр хүрч ирлээ. 5-р сарын 3-нд юм юм болж дансандаа хийлгэсэн 15.000 төгрөгөөсөө хоёр цуйван, дөрвөн ширхэг бэлэн хоол, нэг масло, таван кофе өмнө нь захиалан авчихсан байсан юм. Нийтдээ 8750 төгрөг төлж, хоёр хоног хүлээж байж цуйвангаа авсан. Нэгийг нь өөрөө идэж бусад маань нөгөөг нь хувааж зооглосон. Харин хүнсний захиалга тэр өдөртөө л ирсэн. Зарим нь байгаагүй болохоор хүссэн болгоноо авч чадаагүй. Гэхдээ хоёр өдөр хэтэрхий санасан кофегоо ууж, засаг хоолны дундуур бэлэн гоймон идэн ходоодоо баясгаж билээ. Байцаагчаа 5-р сарын 17-нд гаргачих байх гэж найдаад үлдсэн 6250 төгрөгөөрөө таван төрлийн хүнс захиалчихав. Анх ШШГЕГ-ын 0461-р ангид ирэхдээ 16700 төгрөг байсан юм. Гэвч тэр өдөр шалган дээр гарсан ахлах ахлагч Гантулга 15.000 төгрөг болгочихож билээ. Хорин мянгын дотор байтугай хорин сая төгрөгийг ч алдаагүй тоолж чаддаг бас тоолж үзсэн болохоор би дургүй хүрээд хэл ам татлаагүй юм. ТҮЦ-ний захиалга авч явсан Т.Бадамлянхуа дэслэгчид АЗ-26-р камерт хоригдож байсан Б.Энхжаргал 10.000 төгрөг гарган захиалга өгөх гэжээ. ШШГЕГ-ын хорихуудад мөрдүүлдэг дүрэмд ингэвэл шууд л улсын орлого болгох дээрмийн заалт байдаг юм. Нөгөө дэслэгч ч жижүүр Э.Баттулгыг дуудаж мөнгийг нь хурааж авах болов оо. Хүн амины нотлогдоогүй хэрэгт сэжиглэгдэн 2.5 сар цагдан хоригдож, СХД-ийн шүүхээр 18 удаа орсон Б.Энхжаргал шүүх хуралд очоод ирэхдээ тэр мөнгийг салтаадан оруулж иржээ. Баахан юм болсны дараа мөнгийг нь хурааж авалгүй үлдэв. Дунд сургуулиа дөнгөж төгсөөд л хэрэгт холбогдсон тэр залууг Ганцынхан ч андахаа байсан юм билээ. Одоо нэг сар л тэсчихвэл батлан даалтанд гарч гадуур байцаагдана. Захиалга авч дууссаны дараа усанд оруулав. 12-оороо жагсан ус руу туугдлаа. Ахлагч эмэгтэйгийн зан ааш гэж авах юм алга аа алга. Хулгайч, новш оо, арай л п… минь гэсэнгүй. Манай камерын Д.Доржнямыг усанд орохгүй гэснийх нь төлөө төлөөлөгч Мөнхдөлдөө ховлож бас зориуд баахан хэрэлдэж харагдсан. Өмссөн зүүсэн нь хянагчийн хувцас, үс гэзэг гэж улаан хүрэн юм. Хэлж байгаа үг гэж ёстой л олон жил шоронд хоригдлуудтай хамт цоожлуулаад эвдэрчихсэн хүний авир. Харин нийгмийн ажилтан Л.Түвшинжаргал тэр өдөр камер болгонд ном тарааж, бас уншсан сонингоо өгөн их л уриалгахан ажилласан юм. Хагас бүтэнд хийх юм олддоггүй болохоор уншиж сатаар хэмээн захиж байлаа.
Өдөр нарлагаанд гаргав. “Тэнгэр угсаа” нийгэмлэгийн дарга Н.Даваатай ахиад л буу халлаа. Ерөнхийлөгчид хандаж ил захидал бичжээ. Бүтэн сар цагдан хорихоор прокурор үндэслэл бичиж, шүүгч захирамж гаргажээ. Сүх жанжны талбай дээр барьсан гэрт зургаа хоносон зохион бүтээгч Баярааг бас авчирч хорьсонтой нь Даваа ах бид хоёр таарав. Шүүхээр ороод нэмэлт мөрдөн байцаалтанд шилжүүлж бараг хэрэгсэхгүй болгох гэж байсан хэргийг нь дахин сэргээн шалгахаар болж Баяраа гуайг цагдан хорьжээ. Шалтаг нь жагсч цугласан иргэдэд цочрол өгч, нэг нэгээр нь сугалан хорьж айлгахад хүчний байгууллага анхаарч байгаатай холбоотой юм шиг санагдсан. Нарлагаанаас орж ирээд хагас цаг болж байтал байцаалтанд дуудав.
Анхныхаа байцаалтыг өгөхөөр шалган луу явлаа. Б.Гантулга байцаагч хүлээж суув. Өмнөхөө бодвол бид хэдийнээ танил болжээ. Гар барин мэндлээд байцаалтанд бэлтгэж байх хооронд нь жаал ярилцлаа. Сэжигтнээр татагдсан болохоор анхны байцаалт авч байгаа нь тэр юм байна. Өмгөөлөгчгүй өглөө. Болсон процесс, согтуу байсан болоод юу ч санахгүй байгаагаа хэллээ. Хаширын гар нь цуцаж, бид хоёр компьютерийн сул тал нь хүнийг ийм л болгодог юм ш дээ гэсэн шүү юм ярьж сууцгаав. Бас болоогүй хоёр ч удаа түр тар хийгээд авлаа. 14 хоног дуусгаад батлан даалтанд гаргачих. Тэгээд би бүх асуудлыг зохицуулна. Хаашаа л оргон зайлав гэж дээ хэмээн гуйлаа.
17.50 цаг болж Ганцын доторхи хөдөлгөөнийг хорьсон болохоор биднийг хүлээлгэнд зогсоов. СГЗ, зохиолч, сэтгүүлч До.Чулуунбаатар ахтай гэнэт дайралдлаа. Фактлаад цагдан хоригдсоноо ч ярьж, биеийг нь асуув. Улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн ЭХ-ийн 150.3-аар яллагдагчаар татжээ. Зайлуул настай хүн болохоор ядаруу л байсан. Гэхдээ намайг санаагаар унаж болохгүй. Сайтан дээрээ бичсэн нийтлэлүүүдийг чинь уншсан. Юм л бичээд бай. Тэгвэл цаг амархан өнгөрдөг юм гэж сэтгэл зөөллөсөн сайхан үг хэлж тайтгаруулаад амжина лээ. Хоёрхон үг солиход л илч гэрэл нь сэтгэл бүлээцүүлээд урам нэмж, шаналанг маань үлдэн хөөчихлөө. Хамт нэг өрөөнд оруулдаг ч болоосой. Таныг бурхан ивээх болтугай гэж тэрхэн зуур бодож билээ. Салж явмааргүй хоргодоод л байсан ч ямар миний санаснаар болох биш дээ. Баяртай ахаа гэж хэлчихээд камер луугаа зүглэлээ. Манай байцаагч надаас эхнийхээ байцаалтыг авахдаа сэтгэлзүйгээр маань хөөрхөн тоглосныг Доржоотойгоо ярилцсаныхаа дараа л ойлголоо. Алдаа гаргасандаа ч бас жаахан бухимдав. Захиалсан хүнс маань ирчихсэн байлаа. Кофегоо уусан боловч нэг хэсэгтээ тайвширч чадсангүй. Чука ахын захисны дагуу юмаа бичээд л сууж байна даа. Гэхдээ дандаа л гэмт хэрэг бичсэндээ дургүй хүрээд том сэдвээр нийтлэл бичихээр шийдэв. Бямба гарагийн өглөө нормын талхаа идэж, цай уусныхаа дараа С.Лочингийн “Саран гэрэл”-ийг уншив. Дунд нь зүүрмэглээд хажуу камерын хэд чанга ярихаар цочин дэв дэв хийсээр бага үд хүргэлээ. Их Нацагдорж хохь тайж эцэгтэй байсан. Бас Баруунд сурсныхаа төлөө цагдан хоригдож байжээ. Дайчин жонон бэйс хэмээн хочлогдож, 18 настайдаа Намын Төв хорооны орлогч нарийн бичгийн даргаар сонгогдож, Данзан Баваасан нартай ойр байсныхаа гайгаар зүүнтэн болон баривчлагдаж
Гадна сайхан явахад
Хайртай амраг олоон
Харанхуй гянданд ороход
Харж үзэх нь ганцхаан ... (орчлонгийн жамыг танихуй)
гэдгийг ойлгож дулааны улирлаас өмнөхөн ороод өвлийн цаснаар гартлаа эрх чөлөөг магтан мөрөөдөн сууж байжээ. Бас хүсэн байжихуй.
1. Тэнгэрт нисэх шувууд эрх чөлөөний агаараар амьсгалж
Тэнгист шумбах загас эрх чөлөөг амтлан жаргана.
Алдар хүндийн оргилыг бат тулсан ивээс
Алдсаны дараа амиараа төлж олох үнэтэй
Хүсч мөрөөдөн дуудахад минь хүртэл
Хүйтэн агаар шиг цээж амирлуулан жаргаах
Эрх чөлөө чи хаана эргэлдэж
Эдэлж байгаа шаналангаар минь намайг тавлан зугаацана вэ?
2. Зүүднээс ч холд оршино уу чи
Зүхээгүй хүслээ ч надаас зугтаана уу чи
Холд одоогүй мөртлөө эрх чөлөө чи
Хоёрхон таван хошуутай Гантулгын сүрэнд дарагдав уу
Цааз ял гээч нь
Цаасан дээр бичсэн төрийн лүндэн байж
Эз нь таарсан тэр өдрийн учрал гээч нь
Эрх чөлөө чамайг надтай хамт цоожилсон үйлийн үр байж
Хамтдаа өлсч, цангаснаа
Харин би мартахгүй ээ эрх чөлөө минь
Сүүдэргүй болсныхоо дараа ч гэсэн
Сүнсэндээ хүртэл тэр үеэ шингээж үлдээнэ ээ би.
3. Шаналсан сэтгэлийн минь үзүүрт гэгээ нэмж
Санаанд минь итгэлийн гэрэл илгээсэн
Алс холд ч нэгэн нарны дор суугаа
Алиахан чамайгаа яасан их мөрөөднөм бэ?
Эргэх салхин үсээр чинь оролдож
Эмнэг шиг омголон нутгийн минь агаар
Зулайгаас чинь эхлэн өлмийд чинь хүртэл хүрээд
Зугтан одох цаг хугацаагаар чамайг минь хашин байна уу?
Тэнгэрт дүүлэх шувуудад үгээн дайж
Тэвэр дүүрэн хайрын бал чамдаан илгээлээ.
Эрх чөлөө гэсэн үгийг нь барьж байгаад
Энхрийхэн минь чи зүрхэндээ шингээж аваарай
Бодолдоо хүртэл шингээсэн шаналангаа үүрд хаяад
Бороошсон зуны тэнгэрт наан мандуулж
Санасан сэтгэл, хүссэн болгоноо чамдаа өгөхөөр
Цоожлогдсон эрх чөлөөгөө суллан авч дагуулаад
Цонхон дор чинь би удахгүй очно шүү
Хүлээгээрэй хайрт минь
Хүслийн тэнгэрт жиргэсэн бялзуухай минь
4. Хянагчийн дуудлага ялын чимээтэй
Халхын эрс цөхрөлийн царайтай
Хаалганы цоож хахирсан тарчлаантай
Хашаанд хуцах ноход тавласан улилттай
Шөнө эргэлдэх хөлийн чимээ зүүд үргээнэ
Сөлөр сарны туяа зовлон шаналан сэдрээж ёлтойно оо
Амтгүй хоол ходоод өвтгөж зовооно
Ааш муутай эмч засгийн эм харамлаж тавлана аа
Зөрж өнгөрсөн бүхэн худлаа бүлтэрч
Зүхэж барахгүй төрийн хууль алдаа эрэн байцаана аа
Нарны туяаг хүртэл байцаагч харамлаж
Нарсны орон дээр эрх чөлөөг минь цовдолно оо
Цонхон дээр салхины чимээ хургаж
Цоожин дээр ялын дүгнэлт бичигдэнэ ээ
Газрын үнэр цээж онгойлгох бүрт
Гадаа хэвтэх чулуунд хүртэл атаархана аа
Хүйтэн шал өлмийнөөс зулайд гартал жиндээж
Хүн чанар төрийн хуулиас айж надаас зугатаана
Хянагчийн тушаал бороохойны амттай
Хар цай хөлсний дусал дагуултай
Төмөр сараалж бодол цоожилно
Төрийн хууль тавиланг минь гинжилнэ ээ
Ногоон хувцас бие барина
Нойтон шаналан нүд улайлгана аа
Эргэлт баяр нэмж, дотор онгойлгоно
Эрээн хувцас хүний зовлонгоор даажигнан эрээлжилнэ
Эмс охид хүсэл шатааж өмнүүр алхална
Эдлэхгүй жаргал тэсвэр нэхэн бие зовооно оо
Хянагчийн хараал бороохойны амттай
Хар цай хөлсний үнэртэй…
Эдлэсэн зовлонгийн хэмжээстэй ял
Эцсэн бодлын харууцтай хүлээлт
Суллагдах өдрийн тоологдож дуусах шийтгэл
Сураггүй болсон бүсгүйн бичээгүй хариу
Хам хэрэгтний үнэнч итгэл
Хаана ч хугараагүй эрийн жудаг
Шороонд булуулж л дуусах хүн чанар минь
Шорон чамд гоёдож байна шүү.
Сүүдрээ дарж унахдаа
Сүнсээ үнэгүй өгнө гэж
Эрлэг бурхан хоёрт дамжуулж хэлээд
Эрх чөлөөг минь шүүхээс хулгайлуулаад авчирч өгөөч
Гуйж байна, хүсч, санаж байна эрх чөлөө чамайг
Гутарч байна, үзэн ядаж байна төрийн хууль чамайг
Үүдэн шүдний үнэгүй эмч намайг
Үзэн ядсан хохирогчийн авгай тэрнийг
Там, диваажин хоёрын зааг дээр биш
Тас харанхуй шөнө хотын гудамжинд
Сүнс, сүгийн болзоотой сандал дээр
Сүүлчийн удаа тааруулж хайрла гэж хэлээд өгөөч
Алтны өнгөнд хууртдаггүй эрх чөлөөгөөр би
Алган дээр нь ганцхан үг бичих гэсийм.
Омогшиж бардсаныг минь өршөөгөөд хэрэггүй
Орчлонгоос явсан хойно чинь эрлэг чамайг шүүнэ гэж
Шүдээ зуун тайван хэлчихээд
Шүлсээ хаян тавлаад явмаар байна гэж дамжуулаарай даа.
5. Огтор наранд залбирч
Одтой тэнгэрээс хишиг гуйж
Шөнө л сэрдэг бугнаас аврал эрэн
Сүүмгэр саран дор шаналж сууна би
Цусаар бичигдсэн эрх чөлөөний түүхийг
Цуглуулж авчраад яллах гэсийм би
Бурхнаас ч илүү хүч гаргаж авчирч чадвал
Буг чамд би сүнсээ бэлэглэхэд бэлэн байна шүү!
Өдөржингөө шахуу шүлэг юм бичлээ. Тайвширсангүй харин ч шаналчихав. Оройн цай өгсний дараа дэд хурандаагийн мөрдөстэй ахлах төлөөлөгч манай давхарт орж ирлээ. Камер болгоноос хэлэх, захих зүйл байна уу хэмээн асууна. Овоо уриалгахан бололтой гэсэн шүү юм бодож суув. Гэтэл магтсан хүүхэн хуриман дээрээ унгав гэдэг шиг байдал шал эсрэгээрээ эргэлээ. Биднийг “Босоцгоо, хөлөө ачиж суучихаад чи манай албан хаагчдыг доромжлоод байгаа юм уу. Чиний эрхэлдэг газар биш мал аа!” хэмээн тачигнав. Энгэр дээр нь Тунгалаг нэр, мөрөн дээр нь дэд хурандаа цолны мөрдөс… Надад босч тантай харьц гэсэн дүрэмтэйг хэлээгүй, танилцуулаагүй. Та гэмт хэрэгтэнтэй ч ингэж харьцах эрхгүй. Миний гэм бурууг шүүх тогтоогоогүй байгаа гэж гэдиймээр санагдсан ч хэлээ хазав.
ШШГЕГ-ын харъяа 0461-р ангийн 60 албан хаагчийн дотор компьютерээ форматлачих чадвартай нэг ч албан хаагч байгаагүй. Шинэ хориход нүүж ирээд компьютерээ ч холбон асааж чадалгүй сэжигтнээр хийлгэж байсныг сонсоод ганцхан бодол л төрж билээ. 14 тэрбум төгрөгөөр шинэ шорон барьж болно. Ахиад бүр хэдийг ч босгож болно. Хамгийн гол нь хянагчаа, боловсон хүчнийхээ толгойг цэнэглэж, боловсролтой болгохгүй бол юунд хүрч, яаж шинэчлэгдэж чадахав дээ. Үүнийг нь л илүү анхаараасай билээ дээ. Энд цагдан хоригдсоноосоо хойш ааш нь адсага шиг, авир нь түйрэн мэт түрэмгий, хий дүрэмдэж, хэнийг ч гэсэн албан тушаалаараа айлгасан хоёр “шуламтай” таарсан юм. Нэг нь ахлах ахлагч хүүхэн нөгөөх нь дэд хурандаа Тунгалаг.
6. Алдсан эр хүнийг бүү бас, хүүхнүүд ээ!
Аадрын үүл шиг сэтгэл нь бүүдгэр яваа тэд
Цусанд шунасан өлөгчин шиг бүү дайр
Цурхиртлаа уйлмаар байсан ч тэд дотроо л үерлэж суугаа
Хачин ихээр гашуудан шаналсан тэд
Хаашаа ч юм бэ яваад ирэхгүй бол яана
Үр нь зовлонтойгоо хатаж, гэргий нь шаналандаа нэрвэгдэж
Үс нь санчигтайгаа бууралтсан ээж нь
Үхтлээ өөрийгөө уучилж чадахгүй
Амьдаараа үхэж мэднэ ээ
Алдсан эр хүнийг бүү бас, хүүхнүүд минь
Аз жаргалаас чинь тэд тасдан аваагүй л бол
Ахиад битгий үгэн жадаар нэвт бүү хатга
Зүрхэндээ үерлэсэн гуниг зовлонгоо тэд
Зөнд нь гаргаж сураагүй болохоороо л
Дотроо уйлан өөрийгөө зүхэн зүхэж
Доройтсон амьтан шиг харагдаж байгаа юм шүү дээ
Итгэлийн галд нь цучил нэмсэн дулаан үг хэлж
Сэтгэлийн талд нь нарны илч оруулаад нэг үзээрэй
Алдсан эрийн нүдлнээс тэр л үед
Алтан нар мандаж жаргал нь чамд ирж мэднэ ээ
Гүйгүүл морь шиг омголон занг нь бүү хорь оо
Гүйцээж амжаагүйг нь хойш нь тавиулж бүү зовоо
Санаснаа хийгээгүй эрийн сүнс төөрвөл
Сар байнга хиртэж тавиланг чинь доройтуулж мэднэ ээ.
Агсам морь шиг хадуурч
Алдуул салхи шиг тэнүүчилж
Гоо үзэсгэлэнгийн өмнө сөхрөөгүй мөртлөө
Гомдсон гомдолдоо зул шиг шатаж явахад
Зөрж өнгөрөөгүй учрал минь чи байсан
Зүрхэнд соёолсон сарнай минь чи байсан
Хагдарсан өвс бороонд цохиулан өндийх шиг
Хачин халуухан амттай жаргалыг чи л өгсөөн
Тэгэхэд:
Үг чинь хөгжим шиг уянгалж
Үс чинь долгио шиг намирч
Гишгэсэн мөрнөөс чинь гэрэл цацран
Гэгээн мөрөөдөлд чинь хайрын сүм боссон
Тэгэхэд:
Сүүлчийн амьсгалаа эхэр татан автлаа
Сүмд чинь сууж дуулах гэлэн чинь болсоон би
Тэгэхэд:
Үйлдэх буян минь үргэлжийн мөнхөд
Үзэсгэлэнт чамдаа өгсөн хайр минь байсаан
Тэгэхэд:
Хиргүй тунгалаг сэтгэлийн чинь нөмөрт
Хэнээс ч амтлаагүй жаргалыг амсч би мансуурсаан
Тэгэхэд:
Өнө мөнхийн орны бурхад хүртэл
Үдэш болгон чи бид хоёрт атаархдаг байсаан
Тэгэхэд:
Инээмсэглэлийн торонд чинь хоргодож
Энхрийлэлд чинь төөрч би өөрийгөө олохоон байсаан
Тэгэхэд:
Үхлээ дэрлэж хагацахаас өөр
Үйлийн үр чи бид хоёрыг салгаж чадахгүй болгосон шүү
Тэгэхэд:
Агсам морь шиг хадуурч
Алдуул салхи шиг тэнүүчилж
Гомдол, омог хоёртойгоо
Горойтлоо цадаж явсандаа харин баярладаг шүү
Тэгэхэд:
Шүүдрээ дааж ядсан өвс шиг ганцаардаж
Сүлдээ алдсан омог шиг доройтож
Эрийн хийморио араасаа чирчихсэн
Эргүй мал шиг явсан бол
Чи намайг харахгүй байсаан
Тэгэхэд:
Тэнхлэгээ эргэсэн орчлонгийн зам дээр
Тэнхээгээ эрчилсэн эрийн харцан дээр
Зөрж өнгөрөөгүй учрал минь чи болж
Зүрхэнд минь дэлбээлсэн хайрын сарнай нь
Зөвхөн чи л болсон шүү
Тиймээс:
Зуун жилийн цаана очлоо ч хамаагүй
Зулын гал болсон ч хамаагүй
Үзэмж төгөлдөр сайхныг чинь бахдан магтсан
Өнө мөнхийн хайрын боол чинь би болсоон
Тиймээс:
Хайрын цэцэрлэгийнхээ үүдийг зөвхөн надад л нээ
Хариуд нь би ганцхан үнэнээ хэлье
Би чамдаан хайртай
Бид хоёр учралынхаа үргэлжлэл шүү.
PS: Ганцын мөрдөнд хоёр дахь Ням гарагаа үдлээ. Өнөөдөр нэг нийтлэл хэдэн шүлэг л бичлээ. Доржоотойгоо жаал халж сонгуульд явж байснаа өнөөг хүртэл юу хийж амжуулснаа гурван цаг орчим хуучлав. Ашгүй торны цаана нар жарган орой болжээ. Цагдан хорих хугацаа хоёр өдрийн дараа дуусна.
7. Хаврын анхны бороо зөөлөн шиврэх нь уйтай
Хажууд минь биш ч зүрхэнд гэрэлтэх дүр чинь таатай
Үнсэхэд минь ичингүйрдэг царай чинь бодолд хадаастай
Өөр хэнд ч биш чамдаан би ухаангүй хайртай
Жаргалдаа мансуурсан мөч бүхэн минь дурсамжтай
Жаахан гэмшсэн үгс чинь санаанд минь уяатай
Бодолд эргэлдсэн бүхнээ салхитай хамт илгээлээ
Босон суун байхдаа намайг битгий мартаарай хайрт минь!
ЭРХ ЧӨЛӨӨГ ХҮСЭХҮЙ
(Сул шүлгүүд)
8.Орчлонд чөлөөтэй юм гэж хаана байна
Огтор шар нарны халуун туяа ч чөлөөгүй
Оройтож орсон борооны мөнгөн дусал ч чөлөөгүй
Бүжигчин зэрэглээнд нурсан толгод ч чөлөөгүй
Бүлээн салхинд тогтож чадахгүй тэнээд хавар ч чөлөөгүй
Өвлийн цас, хаврын анхны бороо, зуны зүсрээ, намрын хялмаа
Өөр өөрийнхөө хэмнэлээр хөгжим тоглон ороод чөлөөгүй
Орчлонд чөлөөтэй юм гэж хаана байна
Нарнаас тасласан алтан утас цаг хугацааг эргүүлээд чөлөөгүй
Намайг угтсан бас удахгүй үдэх дэлхий эргээд чөлөөгүй
Уйлж ирсэн нулимсаа хатааж амжаагүй явахад минь
Угтаж ирээд зовлонг эдлүүлж, жаргалыг амсуулсан тавилан минь чөлөөгүй
Орчлонд чөлөөтэй юм гэж хаана байна
Үүл нүүж, бороо ороод л
Үйлээ эдэлж зовлонд унаад л
Санасан сэтгэлээ дэвтээн тэврэлдэн зогсч
Шаналснаа мартаж, доголон нулимстай инээж уулзаад л
Нар жаргаж, сар гараад л
Навч хагдарч, цас ороод л
Цасан дээр гишгэхэд симфони эгшиглээд л
Цав цагаан орчлонд бодол төөрч сэтгэл гэгэлзээд л
Айлын охид томорч аальгүй нүдээр хараад л
Ахиад ирэхэд хүүхдээ тэвэрч үнсүүлээд л
Насны хяр духан дээр минь үрчлээтээд л
Намар, өвөл, хавар, зунд насаа дайж явуулаад л
Орчлонд чөлөөтэй юм гэж хаана байна
Орчлонг чөлөөлөөгүй юм гэж наана чинь байна уу?
(2011.05.15 1300 цаг Ганц худаг)
10.Гэмшил болгоноо өлмийд чинь өршөөл эрэн тавилаа
Гэмийг минь уучилж, надад ганцхан хариу хэлээч
Алдаж болохгүй учрал минь байснаа дурсаач дээ
Ахиад би чамайг гомдоохгүй гэж амлая хайрт минь
Учрах заяатай явснаа санан санан
Уйлаад ч хамаагүй надад тэврүүлээч
Үзэсгэлэн гоог чинь чимэн урсах нулимснаас чинь
Өөрийнхөө бүх гэмийг гашуунтай нь хамт амсмаар байна
Асгартлаа уйлан, сэтгэлээ нээгээч хайрт минь
Алдаа болгоныхоо шанг зүрхэндээ хүртэл мэдэрмээр байна
Дахиад санахгүй гэж худлаа хэл хамаагүй
Дандаа бодоогүй гэж худлаа хэл хамаагүй
Уулзахын болзоо мөрөөдөж, шөнө намайг зүүдлээд
Угтахын ерөөл өргөж, зам ширтсэнээ хэлээч хайрт минь
Санах, шаналах хоёрын үзүүрт
Сар жилүүд саатдаггүйг мэднэ ээ би
Харуулдан хүлээх хүнтэй байхын сайхныг
Хайрт минь чинийхээ царайнаас харах гэсийм
Зөндөө их гэмийг минь
Зүгээр л нулимстайгаа хамт үлдэн хөө
Уйлсныхаа дараа жаргалтай инээмсэглээд хэлэхийг чинь сонсохоор
Уучилсан даа гэж
Өршөөл эрэн эрэн
Өөр хэнд ч биш би чамдаан ирлээ.
Инээмсэглэл бүхнээс чинь эрх чөлөөг мэдэрч
Энхрийлэл болгоноос чинь хайрын бал амтлах гэсиймаа
Зүгээр л инээмсэглэ дээ.
(2011.05.15 1330 24-р камер)
PS: Завтай үедээ бас зарим хүнтэй мессенжерт маазарч байхдаа л мөр холбож байснаас ойрдоо шүлэг бичээгүй явж. Бичсэнээ өрөөнийхөндөө уншиж өгнө. Хажуугийнхан дэвтрээ дамжуулаач гэж гуйна. Хүнд өгөх бодол төрсөн ч үгүй. Дахиад л бичсээр… Одоо удахгүй хоёр дэвтэр дуусна даа.
Төмөр уйлуулан хаалга хаагдаж
Төө хүрэхгүйн цаахан зайнд
Эрх чөлөө минь салан хоцорч
Эрийн сүлд минь тороор зааглагдав.
Санаа алдахад шаналан хамт мэгшинэ
Шаналангаа мартах гэхээр бодол сульдана
Бодолдоо ээрэгдэн сэтгэлээ өвтгөх бүрт
Болсон явдал нүдэн дээр нурна
Дотогшоогоо мэгшиж, зүрхээ хэмлэе гэхээр
Доройтоод хэрэггүй гэж шар минь маажина
Шүүхийн тогтоол дээр хоцорсон эрх чөлөө чамайг
Шүүрс алдталаа санан бэтгэргч байна би
Цагдаагийн гаванд хэрчигдэн үлдсэн эрх чөлөө чамайг
Цаглашгүй ихээр мөрөөдөж шөнөжин зүүдлэж сууна би
Салхивч нүдэх салхины чимээнээс эрх чөлөө чамайг
Салгаж аваад өөртөө шингээхсэн гэж мөрөөднө
Саарал төмөрт тавилан минь хашигдаж
Санааширлын буданд заяа минь төөрчээ
Төрийн хуулийн хоёр нүүрлэсэн заалт
Төмөр уйлуулан намайг гинжилжээ
Тэр гинжний чинь үзүүрт харин
Тэрслүү бодол минь хоригдоогүйг санацгаа
Бүргэдийн дэвэлтээр алсад халин дүүлж
Бүр холын холд эрх чөлөөгөө эдэлж яваа
Хахирган дуутай төмөр торон дотор
Хамтдаа хоригдож байгаа нь сүүдэр минь юм шүү
Өдүүлсэн хэрэг, үйлдсэн ялын минь үнэн худал
Өчүүхэн ч зөрүүгүйгээр сүүдэрт минь нуугдсан байгаа
Ганц амьгүй тэр гэрчийг минь та нар
Гадаа нар үзүүлж надаас холдуулан байцаах гээд үзээч
Ухаанд чинь тэрнээс илүү санаа олдохгүй бол
Удах тусам би эрх чөлөөнөөс хүртэл нууна шүү
Хамгийн сүүлчийн ганц үгээн хэлье
Хамтдаа хоригдоод байгаа хийморийг минь чөлөөлбөл
Хэргээн би хүлээж
Хэлтгий заяатайгаа эвлэрч байцаагч чамайг амраая.
(2011.05.16. 2100)
Төрийн хууль гуулин өнгөтэй
Түмний цагдаа мөнгөний нэхэлтэй
Хяналтын прокурор хуулиндаа төөрөөстэй
Хам хэрэгтэн намайгаан гөрөөстэй
Төрөл садангийн нүд харууслын нулимстай
Төрсөн бие ялаад ирэхийн занаатай
Хохирогчийн бодолд мөнгө эргэнэ
Хоногоо хасуулсан надад зовлон багасна
Шүүгчийн аманд ялын төлөвлөгөө нурж
Шүлсэнд нь харин миний заяа нулимагдана
Эрийн хийморио шоронд чинь хугалахгүй ээ
Эрлэгийг хүртэл хуураад амьд эргээд ирнэ ээ
Нар дагуулаад гэртээ очиход минь
Надаас өршөөл битгий эрээрэй Эрх чөлөө чи!
Шүүгчийн ширээн дээр орхиод явахдаа
Шүүрс алдаагүйг минь надад сануулаарай
Түүхий талх, түмпэн бантанд
Түнэр харанхуй сахилгын өрөөнд
Зогсоогоороо унтсан цэргийн бууны хараан дор
Зоондоо явгалан сууж, өндөлзсөн хулгайчуудын дунд
Зүрх, зоригоо үхүүлж яваагүй болохоор
Зүгээр л би чамайг уучилж чадна
Үнэтэй мөртлөө үнэгүйдсэн
Үхсэн хойно минь надаас
Үүрд салах эрх чөлөө новш оо
Надаар өмгөөлүүлэх гэж цорволзоод хэрэггүй
Нарнаас гал таслаж чамайг би шарахгүй ээ
Тэнгэртээн үхдэг жигүүртнүүд эрх чөлөөгөөр дэвж
Тэнгистээ живдэг загаснууд эрх чөлөөгөөр шумбаж
Өвс ногоод эрх чөлөөгөөр бөхөлзөж
Өдрийн наран эрх чөлөөгөөр шарж
Үдшийн тэнгэрт одод эрх чөлөөгөөр гялалзаж
Өглөөний агаарт хүмүүс эрх чөөлөгөөр сэрж
Үхэл амьдрал хоёр эрх чөлөөгөөр хэмжигдэж
Үйлийн үр, буянтайгаа эрх чөлөөгөөр дэнслэгдэж
Хайр хагацал хоёр эрх чөлөөгөөр хумигдаж байнам
Орчлонг эргүүлэх ухаан хүч надад байвч
Одоо харин эрх чөлөө надаас зугатаачихаад алга даа
Заяа тавилангийнхаа дурдатгал болгоноос
Зам дээр учирсан бүсгүйчүүдийнхээ хэлсэн үгсээс
Жамаараа яваа ертөнцийн эргэлт бүрээс
Жагссан юм шиг ээлжлэх баяр гунигийнхаа дундаас
Зүүрмэглээд буцах хорвоогийн үнэн худлын заагнаас
Зөрөөд хоцорч болдоггүй нүгэл буяны дэнснээс
Салгуу явахад алмаазнаас ч илүү үнэд хүрдэг
Сагаж явахад сохор зоосноос ч дор үнэгүй болдог
Эрийн сүлдээ гээчихээд хашигдаж суухад
Эрээд ээрээд ч олддоггүй
Эрх чөлөө чамайг би ямар их хайнам бэ?
Тэнгэртээн үхдэг жигүүртнүүдийн эрх чөлөөтэй дэвэлтэнд
Тэнгистээн живдэг загасны эрх чөлөөтэй шумбалтанд
Нарны алтан утас руу авирч өндийсөн өвсний
Намираа салхинд халиурах эрх чөлөөтэй долгионд
Огторгуйг чимэн гялалзах оддын эрх чөлөөтэй анивчаанд
Орог саарал үүлсийн эрх чөлөөтэй нүүдэлд
Самсаа шархируулан дурсагдах эрх чөлөөтэй өдрүүдэд
Салхины чимээнээс сонсогдох эрх чөлөөтэй хүмүүсийн инээдэнд
Хатсан сайр усаа мөрөөдөх шиг
Хагдарсан цэцэг зунаа санагалзах шиг
Холын гийчнээс сураг сонсчих юмсан гэж
Хонгор үрээ мөрөөдөн санагалзан эх шиг
Эрх чөлөө чамайг би
Элгээн өмөртөл санаж хайнам
Будангуй төрийн будлиантай хуулийн залхаалт
Будаа нь түлэгдсэн давсгүй хоолтой
Хамгаалалттай шоронгийн төмөр сараалжнууд
Хянагчтай хамт биднийг цоожлоостой
Энд тэндгүй хэргийн наймаа
Эргээд ирэгсдийн хэргийн задаргаа
Төрийн хуулийн алагчилсан заалт
Түрийвчинд багтчих авилгалч шүүгчидтэй
Тэр болгоноос ичсэндээ чи
Тэнүүчлээд надад ирэхгүй байна уу?
**
Цавчим халилд ассан янгирын авиралт шиг
Цангасан талд шургачин шургачин шуугих үерийн ус шиг
Элс нүүгэлтэн нүүгээд мөр баллах шиг
Эрх чөлөө минь чи хаашаа авирч хаана шургаад нуугдсан юм бэ?
**
Гүн бодолд дарагдсан өвгөн
Гүнзгий санаа алдан сууна
Хамраас нь гарах тамхины утаанаас
Хачин урт шаналан суунаглана
**
Намар хавартай хэрэлдэж
Навсайтал цас оруулжээ
Хавар намраас хариугаа авч
Хамтдаа хайлаад зун болжээ
Үргэлжлэл бий...
Л.Пүрэвням \Гоо маралын шагналт сэтгүүлч\
www.shuum.mn