logo
Шүүхээр шийдэгдсэн эрүүгийн хэргийн тоо өсчээ

Шүүхээр шийдэгдсэн эрүүгийн хэргийн тоо өсчээ

2012/03/07

Өнгөрөгч онд шийдвэрлэсэн эрүүгийн хэргүүдийн талаар цогц мэдээллийг Улсын дээд шүүхээс ирүүллээ. Анхан шатны шүүхүүд 2011 онд 10517 хүнд холбогдох 6776 эрүүгийн хэрэг хүлээн авч, 825 хүнд холбогдох 448 эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр буцааж, 25 хүнд холбогдох 13 хэргийг харъяаллын дагуу шилжүүлж, шүүгдэгч, хохирогч эвлэрснээр 453 хүнд, цагаатгах тогтоолоор 302 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 8210 хүнд холбогдох 5877 хэргийг таслан шийдвэрлэжээ. Өнгөрсөн оноос шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 7.6 хувиар, ял шийтгүүлэгчид 12.6 хувиар өссөн байна.

Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Увс, Дорноговь, Завхан, Говьсүмбэр аймагт 1.8-28.3 хувиар буурч, нийслэл, Орхон, Өмнөговь, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Архангай, Төв, Говь-Алтай, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Хэнтий аймагт 2.9-71 хувиар нэмэгджээ.

Ял шийтгүүлэгчид Сүхбаатар, Дорноговь, Завхан аймагт 16,4–22,2 хувиар буурч, Увс, Ховд, Дорнод, Говьсүмбэр, Сэлэнгэ, Баянхонгор, Дундговь, Нийслэл, Өмнөговь, Орхон, Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Говь-Алтай, Архангай, Булган, Баян-Өлгий, Хэнтий, Хөвсгөл аймагт 2.6 – 81.2 хувиар өссөн байна.

Анхаарал татаж байгаа эрүүгийн хэргийг авч үзвэл хүнийг санаатай алах 242 гэмт хэрэгт 269, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт 294, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2227, танхайрах гэмт хэрэгт 1327, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэгт 437, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт 888, албан тушаалын 22 гэмт хэрэгт 33, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх 35 гэмт хэрэгт 54 хүн тус тус ял шийтгүүлжээ.

Эдгээр төрлийн гэмт хэрэг таслан шийдвэрлэсэн нийт хэргийн 65 хувь, ял шийтгүүлэгчдийн 67.3 хувийг эзэлж байгаа бол бусдын эд хөрөнгийг хулгайлах, танхайрах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн нийлбэр нь нийт хэргийн 51.2, ял шийтгүүлэгчдийн 54.1 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн оныхоос бусдыг санаатай алсан гэмт хэрэг 0.8, бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг 11.2, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 12.1, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 38.6 хувиар буурсан бол, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 3.8, танхайрах гэмт хэрэг 6.9, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 15.2, албан тушаалын гэмт хэрэг 37.5 хувиар тус тус өсчээ. Ял шийтгүүлэгчдийн дотор насанд хүрээгүй хүн 542, эмэгтэйчүүд 724, гадаадын харьяат 27 иргэн байна. Мөн урьд ял шийтгүүлсэн 1460, гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн 1465, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 1704, ажил сургуульгүй хүмүүс 5493 байгаа аж.

Гэмт хэргийн улмаас нийтдээ 13 тэрбум 855 сая төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 589 хүний амь хохирч, 2562 хүний биед гэмтэл учирсан байна. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл хорих ялаар 6357, торгох ялаар 271, албадан ажил хийлгэх ялаар 476, баривчлах ялаар 1023, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээгээр 73 хүн тус тус шийтгүүлжээ.

Ял шийтгүүлэгчдийн 77.4 хувьд хорих, 5.8 хувьд албадан ажил хийлгэх, 12.5 хувьд баривчлах, насанд хүрээгүй 73 этгээдэд буюу 0,9 хувьд нь хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсан аж. Аймаг, нийслэлийн шүүхүүд давж заалдах журмаар эрүүгийн 2159 хэрэг хүлээн авснаас 2032 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны журмаар эрүүгийн 822 хэрэг хүлээн авснаас 704 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсний 259 нь прокурорын дүгнэлтээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн хэрэг байна. Үүний 248 нь цагаатгалын хэрэг байсан байна.

Я.Баяраа
МОНЦАМЭ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш