logo
“Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр: Засгийн газар 1782 лицензийн 242-ыг цуцлаад хууль хэрэгжүүлсэн дүр эсгэж байна

“Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяр: Засгийн газар 1782 лицензийн 242-ыг цуцлаад хууль хэрэгжүүлсэн дүр эсгэж байна

2012/03/07
“Монголын гол, нууруудын нэгдсэн хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

-Танай холбооныхон сар шинийн өмнө хөдөөгүүр яв­сан. Ямар ажил ам­жуу­лав?
-Бид Онон голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Баян-Адаг, Дадал сумын нутгаар яваад ирсэн. Гол мөрний урсац бүрэл­дэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиг­лахыг хориглох тухай хууль /урт нэртэй хууль/ хэрхэн хэрэгжиж бай­гаа­­тай танилцах, нутгийн ард ир­гэдтэй уулзаж мэ­дээ­лэл өгөх, тэдний санаа бод­лыг сон­сох зорилготой ажил­ла­лаа.

-Газар дээрээ байдал ямар байна. Ер нь урт нэр­тэй хууль хэрэгжиж байна уу?
-Монгол орны хаа сайгүй зам­ба­раагүй явагдаж байгаа уул уурхайн үйл ажиллагаа тэнд л өрнөж байна.Онон голын цутгал голууд дээр ком­паниуд ажиллахаар бэлт­гэлээ хангасан, нутгийн иргэд нь түгшсэн байдалтай бай­на лээ.
Их Монгол Улсын маань түүхэн голомт бол­сон газар нутаг сүйдэж мэдэхээр байдалтай болсон харагд­сан. Дээр нь ОХУ-ын газар нутгаас Онон гол руу цут­гадаг Ашин, Хярхан гол дээр алтны уурхай ажиллаж бай­гаа нь иргэдийн санааг  зо­воож байна. Үүнтэй холбогдуулаад ОХУ-ын Ерөн­хийлөгчид захидал бичих үйл ажиллагаанд нут­гийн ир­гэдийг уриалсан. Иргэд ч идэвх­тэй оролцсон.
-Дээд шүүхээс урт нэр­тэй хуулийг бүрэн хэрэг­жүү­лэх шийдвэр гарсан. Засгийн газраас үүнтэй хол­бог­дуулан ямар нэгэн хариу өгсөн үү?
-Ашигт малтмалын газ­раас хоёр сарын өмнө мэдээлж байснаар Монгол орны газар нутаг дээр 4116 хай­гуул ашиглалтын лиценз байна гэсэн. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулиар 1782 нь цуцлагдах ёстой. Гэтэл өнөөдөр Засгийн газар алтны шороон ордын 242 лиценз цуцалж, энэ хуулийг хэрэгжүүлж байгаа мэтээр төөрөгдүүлж байна.
Бид дээрх 1782 лицензийг бүгдийг нь цуцал гэсэн шаард­лагыг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хүр­гүүлсэн. Төрийн зүгээс яг ямар ажил хийх талаар тодорхой хариулт аваагүй байна. Дээд шүүхийн шийдвэр 2011 оны 10 дугаар сарын 22-нд гарсан. Буруутан болсон Засгийн газар одоог хүртэл шүүхийн шийдвэр гүйцэт­гэхгүй байгаатай холбог­дуулаад Цагаан сарын өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэлд хандсан. Засгийн газрыг албадах ажилдаа орох байх гэж бодож байна. Бид энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхийн төлөө бүхий л аргаар тэмцэх болно.
-Байгаль орчныг хамгаалах гэж та бүхэн янз бүрийн аргаар тэмцдэг. Зарим­даа гэмт хэрэгтэн болчих гээд байх юм?
-Бидний хийж байгаа үйлд­лүүд хуулиар зөв­шөө­рөгд­сөн. Эрүүгийн хуулийн агуулга нь улс эх орны аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалахад чиг­лэгд­сэн. Агуулгаар нь хэрэглэх ёс­той бол биднийг яллах гэж орол­доод байгаа Эрүүгийн хуулийн 153 дугаар заалтад “Дээд шүүхийн нийтэд аюул­тай үйлдлийг таслан зог­соох үйлдлийг гэмт хэрэгт тооцох­гүй” гэсэн тайлбар байдаг.
Ямар нэгэн хувийн өс  хонзон бидэнд байхгүй. Газар нут­гийнхаа бүрэн бүтэн байдлыг авч үлдэхийн тулд төрд олон удаа хандсан. Ший­дэх­гүй болохоор нь гар­цаагүй байд­лаар хийсэн үйлдэл. Үүнийг шүүх сэдэл санаа нь юу юм, гэмт хэрэг мөн эсэг нь тодорхойгүй байна гэсэн утгатай захирамжаар мөрдөн байцаалтад буцаасан.
-Уул уурхайн ашиг­лал­тын лиценз эзэмшиж бай­гаа аж ахуйн нэг­жүүдэд ир­гэд хяналт тавих боломж бага. Үүнийг нэмэгдүүлэх тал дээр танай хөдөлгөөний зүг­ээс ямар арга хэмжээ авч байна?
-Чи бид хоёрын ярьж байгаа хуулиас гадна, Байгаль орчны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ нь байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар иргэн, байгаль орчны төрийн бус байгууллага шүүхэд нэхэмж­лэх эрхийг нь нээж өгсөн юм. Өмнө нь зөвхөн сум, дүүргийн Засаг дарга нар гаргадаг байсан.
Сум, дүүргийн Засаг дарга нар зөвшөөрлөө олгодог, ашиг сонирхлын зөрчилтэй нөхөд өөрсдийгөө шүүхэд өгнө гэж байхгүй. Тиймээс хуулинд өөрчлөлт оруулснаар иргэдэд боломж олгосон. Мөн төрийн байгууллага, албан тушаалтан үйлдэл эс үйлдсэн тохиолдолд шүүхэд хандах боломжтой болсон.
-Урт нэртэй хуулийг өөрч­лөх талаар зарим гишүүн ярьдаг. Харин лицензээ цуцлуулсан аж ахуйн нэгжүүд хуулийн өөрч­лөл­тийг хүлээгээд л байна?
-Ер нь энэ хуулийг өөрч­лөх талаар ярих, өөрчлөх болов уу гэж хүлээхээ больсон нь дээр. Яагаад гэвэл өвөг дээдсээс хүлээлгэж өгсөн газар нутгаа баллачихгүй шиг хойч үедээ үлдээх ажилд саад болох хэрэггүй.
Монгол орны экологийн тэнцвэрт байдлыг хадгалах үүднээс газар нутгийнхаа 30 гаруй хувийг нь хамгаалж үлдэх гэж байна. Үнэхээр эрдэс баялаг олборлох гэж байгаа бол үлдсэн 70 хувьд нь олборлоод нөхөн сэргээлтээ хийгээд явахад бид юу ярих вэ дээ.
Гол нь компаниудыг буруут­гаад байх шаардлага алга. Ийм байдалд хүргэсэн төр засагт л хамаг учир байгаа юм. Буруу бодлого явуулж, ялгаа зааггүй хууль гаргаж байсан, нөхөн сэр­гээлтийг нь хийлгэдэггүй, сонирх­лын зөрчилтэй засаг төрд байгаа хүмүүс л буруутай.
-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт ороод, УИХ-аар хэлэл­цэх гэж байна. Энэ хуулинд бай­галь орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг та бүх­ний саналыг хэр тусга­сан бэ?
-Бидний санал бодлыг тусга­даггүй. Ашигт малт­малын тухай хуулийг боловс­руулахад гадныхны явуул­га их ордог. Аль болох хөрөнгө оруулагчдад давуу талтайгаар баталдаг. 1997 оны хуулийг батлахдаа Дэлхийн банкнаас зөвлөгөө авах нэрийдлээр мэргэшссэн луйварчдын санаанд автсан. Өөрөөр хэлбэл эдийн засгийн алуурчдын гарт орж байна гэсэн үг.
Ашигт малтмалын тухай хуулийн нутгийг маань барь­цаалдаг, олон улсын хөрөнгийн бирж дээр арил­жиж хувьцаа босгодог хоёр заалтыг хасуулах гээд чадаа­гүй. Шуудхан хэлэхэд уул уур­хайнхан гадаадын нөлөө бүхий этгээдийн шатрын хүү байдаг.
-Байгаль орчныг хам­гаа­лах иргэний хөдөл­гөө­нийхөн гэв гэнэт гарч ирээд хэн нэгнээс мөнгө аваад чи­мээгүй болдог гэсэн шум бий. Энэ тал дээр та юу хэ­лэх вэ?
-Монголд байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага 700 гаруй бий. Тэднээс дорвитой үйл ажиллагаа явуулдаг нь долоо дотор багтдаг. Нэг төсөл, тайлан бичээд амьдрах аргаа болгосон нэг хэсэг байна. Яам, агентлагаас орж ирдэг их хэмжээний мөнгөн дээр ажилладаг дарга нарын байгуулсан төрийн бус байгууллагууд бас бий. Ийм учраас нийгэмд тийм яриа гарч байгааг үгүйсгэхгүй. Бидний хувьд мөнгө төгрөг авахдаа хүрвэл зарлаж байгаад ил авна.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш