logo
Ховд аймгийн Бага улаан даваа-Манхан чиглэлд 103 км зам тавина

Ховд аймгийн Бага улаан даваа-Манхан чиглэлд 103 км зам тавина

2012/03/08
Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн нэгдүгээр төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Д.Хаянхярваад өчигдийн Засгийн газрын хуралдаанаар олголоо.
Хөтөлбөрийн нэгдүгээр төслийн 45 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Ховд аймгийн Бага улаан даваа-Манхан чиглэлд 103.3 км, орон нутагт 20 км хатуу хучилттай зам тавьж, бүрэн тоноглогдсон засвар арчлалтын 1 нэгж байгуулах юм байна. 
Энэ зээл нь 32 жилийн хугацаатай, үүнээс эхний 8 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Зээлийн хүү үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаанд жилийн 1 хувь, үлдсэн хугацаанд жилийн 1,5 хувь байх юм.
“Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн санхүүжилтийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас 170 сая, Монгол Улсын Засгийн газраас 92 сая ам.долларыг 7-10 жилийн хугацаанд гурван үе шатттай гаргахаар төлөвлөөд байна.
Хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт нь дутагдаж байгаа 293 км хатуу хучилттай замын барилгын ажил, бүрэн тоноглосон засвар арчлалтын 3 төв, орон нутгийн 34,9 км зам, 3 гүүрний барилгын ажил болон салбарын чадавхийг бэхжүүлэх, институцийг сайжруулах юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш