logo
Угандад амьдардаг 4000 гаруй хүүхэд эмчилгээгүй өвчин тусчээ

Угандад амьдардаг 4000 гаруй хүүхэд эмчилгээгүй өвчин тусчээ

2012/03/08
Уганда улсын хойд хэсгийн мужид амьдардаг 12 настай Нэнси Ламвака охин "Кивательный синдром" хэмээх аюулт өвчнөөр өвджээ. Аав нь түүнийг аюулгүй байлгахын тулд гэрийнхээ гадна модноос уядаг байна. Учир нь өвчнөөс болж Нэнсигийн оюуны чадвар доройтсон бөгөөд ярих чадвараа алджээ. Мөн тэрээр хаашаа ч хамаагүй тэнээд явчихдаг байна. Нэгэн удаа Нэнси бутан дунд төөрч, тэндээ гурав хоножээ. Түүний аав Майкл Одонгкара ярихдаа "Надад үнэхээр хэцүү байна, манай уламжлалаар бол хүнийг модноос уях нь цээртэй, гэхдээ би охиныхоо амийг аврахын тулд л ийм зүйл хийж байна, би түүнийг ой руу яваад төөрөхийг, эсвэл явж байгаад голд живэхийг хүсэхгүй байна, охин маань гал руу унаад гараа түлчихсэн" гэсэн байна.
Кивательный синдром туссан хүний толгой хоол идэж эхлэхдээ, эсвэл зарим тохиолдолд даарах үедээ өөрийн эрхгүй дохиж байгаа мэт хөдөлдөг бөгөөд энэ өвчин юунаас үүсэлтэй нь тодорхойгүй байдаг юм. Мөн энэ өвчнийг эмчлэх эмчилгээ одоогоор байхгүй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр Уганда улсын хойд хэсэгт болон Өмнөд Суданд амьдардаг олон мянган хүүхэд энэ өвчнөөр өвчилжээ. Нэнси 2004 онд энэ аюулт өвчнөөр өвдсөнөөс хойш түүний биеийн байдал аажмаар дордсон байна. Эмчлэх арга олдохгүй бол охин нь үхсэнээс ялгаагүй гэдгийг түүний аав хэлжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албаны хүний хэлснээр энэхүү үхлийн аюулт өвчнөөр өвдсөн хүн хоол идэхэд хүндрэлтэй байдаг бөгөөд бие махбодь болон оюун ухааны өсөлт хөгжилт нь бараг зогсдог байна. Түүнчлэн энэ өвчин хүний мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг бөгөөд өвчтөний хараа муудаж, хоолны дуршил нь буурахаас гадна орчин тойрнохоо мэдэрч чадахаа больдог аж.
Кивательный синдром буюу үгчилбэл "дохих өвчин" туссан хүмүүсийн ихэнх нь усанд живэх гэх мэт хоёрдогч шалтгаанаар амиа алддаг байна. Энэ өвчин анх 1960-аад оны үед Танзанид илэрсэн бөгөөд эрдэмтэд өвчний уг гарвалыг судалж, эмчлэх аргыг нь олохын тулд судалгааны ажлаа үргэлжлүүлсээр байна. Энэ өвчнөөр голдуу 5-15 насны хүүхдүүд өвчилдөг аж.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш