840 сая гаруй идэвхитэй хэрэглэгчтэй Facebook сайтыг Монголчууд андахгүй болсон. Энэ сайтын удирдлагууд маркетингийн шинэ төлөвлөгөөгөө танилцуулсан байна. Facebook –ийг эзэмшигчид хэрхэн мөнгө олдог вэ гэж асуух хүн олон байдаг юм. Тэгвэл зар сурталчилгаа нь тэдний орлогын гол эх үүсвэр аж. Таныг өөрийн Facebook хаягаараа ороход хуудасны хажуу буланд харагдаж байдаг зар сурталчилгаануудыг тавихад төлсөн мөнгөнөөс Facebook –ийн нийт орлогын 80 гаруй хувь нь бүрдэнэ. Тэдгээр зар сурталчилгаануудыг зүгээр ч нэг байрлуулдаггүй гэнэ. Та Facebook сайтад өөрийн хаягаараа нэвтэрсний дараа чухам юуг сонирхож байгаа, юун дээр Like товчийг хэрэглэж байна, мөн ямар үйлдэл хийж байгаа талаарх мэдээлэл Social Graph нэртэй мэдээллийн санд ордог байна. Таны талаарх мэдээлэл, таны сонирхлоос хамаараад таны хуудсан дээр ямар төрлийн зар сурталчилгаа тавих нь шийдэгддэг. Жишээ нь 35 настай, адал явдалтай кинонд дуртай, мөн машин сонирхдог хүн байлаа гэж бодоход энэ хүн болон бусад ижил сонирхолтой хүмүүсийн Facebook хуудсан дээр авто сэтгүүлч юм уу, Харрисон Фордын шинэ киног сурталчилсан зар тавигдана. Энэ нь зар сурталчилгааны үр дүнтэй байдлыг нэмэгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл аливаа бүтээгдэхүүнийг сурталчлахдаа тухайн бүтээгдэхүүнийг сонирхох магадлал өндөртэй хүмүүсийг сонгодог гэсэн үг юм.
Э.АМАР
Э.АМАР