logo
Анодын Д.Энхтөрийн эхнэр амьдрахын эрхэнд “гуйлга” гуйж байна

Анодын Д.Энхтөрийн эхнэр амьдрахын эрхэнд “гуйлга” гуйж байна

2011/06/06
Банкны салбарын азгүйтлийн эхлэлийг тавьж, хувьцаа гарган, 20 тэрбумыг босгоод төд удалгүй дампуурч, хадагламж эзэмшигчид дээрээ хувьцаа эзэмшигч гэх бүлэг этгээдийг нэмж, захирлууд нь оффтоороо шоронд заларсан Анодын хэрэг одоо болтол нэг мөр шийдэгдээгүй байна. Захирлууд “аав”-ынд суусан хэвээр, Н.Даваа нь наранд нэг хэсэг жаргаж, хөдөлгөөн энэ тэртэй хутгалдаад эргээд заларчихаад байгаа юм. Тэрээр суусан даруйдаа л элдэв өнгийн захидал бичиж, санаатайгаар Анодыг дампууруулсан, улс төрийн золигт гаргасан гэх мэдэгдэл хийсэн. Тэр ч бүү хэл нэртэй устай л зарлаж, нэг мөсөн сүйд хийх юм гэнэ лээ. Харин Э.Гүр-Аранз, Д.Энхтөр тэргүүтэн бүлх залгиад бөглөрсөн юм шиг л нам гүмхэн байна. Д.Энхтөрийн өлсгөлөн зарласныг эс тооцвол. Ард нь ар гэр, амьдрал ахуй нь нэлээд хүндрэх тал руугаа орсон бололтой шуум дэгдээд байгаа юм. Саяхан л гэхэд Д.Энхтөрийн эхнэр орон байр хэрэгтэй байгаагаа ярьж, танил талын нэр дээрээ лизинг хийчих санаатай асууж сураглаж явсан гэнэ. Хэдийгээр найз нөхөд гэх цөөн хэдэн он цагийн шалгуур дааж үлдсэн нөхөд нь тусалж, дэмждэг ч орон байраар туслаад, өөд татах хүн байдаггүй бололтой. Тэгээд ч Анодын хадгаламж, хувьцаа эзэмшигч гэх хүмүүс эхнэр хүүхэд ар талыг нь хаа тааралдсан газраа ад шоо үзэн, хялайн хардаг гэх юм. Дээрээс нь нийгмийн хог шаарууд бидний зовлогоо зулгааж олсон хэдэн арван тэрбумын хөрөнгө идчихээд худлаа ядуу болж жүжиглэж байна гэж дарамтлах нь ч цөөнгүй гардаг аж. Эцсийн эцэст гэр бүлийн хэн нэгэн гишүүн хэрэг, төвөгт холбогдоход ар гэрийг нь шийтгэдэг нь жам ёсны хууль болсон өнөө үед яалтай ч билээ. Ямартаа ч Анодын хэргийг эртхэн нэг тийш шийдэж, шорон орондоо жинхэлүүлэх нэгнээ авч, ард үлдсэнд нь амьдрах боломж олговол таарах юм.

Э:Тулга www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш