Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-ын дарга нар албан тушаалын хэрэгт ороогдож байх үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүх нэгэн авилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Тус дүүргийн шүүх 2011оны 3-р сарын 10-ны өдрийн эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаараа Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сонигинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан, “Сити такси” ХХК-ийн захирал Д.Доржготов, тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан, Одоо Чингэс хаан дээд сургуульд багшилдаг Н.Уянга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд, цагаатгах тогтоол гаргажээ.
Уг нь яллах дүгнэлтэнд дурдсанаар Сонгинохайрхан Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан Д.Баярсайхан нь тус дүүргийн1-р хорооны нутаг дэвсгэр “Баянголын ам” гэх 4 га газрыг “Сити такси” ХХК-ийн эзэмшилд олгуулахаар амалж, 2008 оны 2-р сарын 13-ны өдөр 20000 \хорин мянган ам.доллар\, 2008 оны 2 сарын 29-ний өдөр 60000 \жаран мянган ам.доллар\ буюу нийт 93737000 \ерэн гурван мянган долоон зуун гучин долоон мянга\ төгрөгийн хээл хахууль авсан, “Сити такси” ХХК-ийн захирал Д.Доржготов, тус компанийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Уянга нар газар авах зорилгоор хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Энэ хэргийг мөрдөн байцаалтын явцад нотлоод Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Доржготов мэдүүлэхдээ компанийн эзэмшил газар худалдан авахаар Мөнхбаатар гэдэг залуутай тохиролцон, гэрчилгээ авахдаа 20,000 ам доллар өгч, дараа нь 60,000 ам доллар өгсөн юм. Дээрх мөнгийг Уянга авч явсан бөгөөд би Уянгыг Мөнхбаатарт мөнгө өгч, гэрчилгээ авсан гэж ойлгодог гэжээ. Шүүгдэгч Баярсайхан мэдүүлэхдээ Мөнхбаатар Баянголын аман дахь 4 га газрыг зарахаар бичиг баримтыг нь бэлэн болгосон тул та захирамжийг авч гэрээ хийлгэн “Сити такси” ХХК-д өгч тус болооч гэж гуйсан ёсоор би газрын гэрчилгээг гэрээний хамт бичүүлж уг баримтыг Уянгад өгч, түүнээс 20,000 доллар авч маргааш нь Мөнхбаатарт өгсөн юм гэж мэдүүлжээ.
Гэтэл Н.Уянга нь уг 20,000 ам.долларыг Д.Баярсайханд 1-р хорооллын Саппорогийн арын байрны гадаа машин дотор уулзаж өгсөн нь гэрчийн мэдүүлгээр батлагдсан аж. Тэрээр 60,000 ам.долларын тухайд мөрдөн байцаалтын явцад эхний мэдүүлэгтээ төрсөн ахтайгаа аваачиж өгсөн гэжээ.
Ямартаа ч тус газрыг “Сити такси” ХХК-д эзэмшүүлэх дүүргийн засаг даргын 2008 оны 02-р сарын 18-ны өдрийн захирамж гарч, гэрчилгээ олгосон байдаг. Харин “Сити такси” ХХК-иас газар худалдан авахаар 80,000 ам долларын зарлага гаргасан баримт байдаг бөгөөд ерөнхий нябо Н.Уянга 60,000 мөн 20,000 ам.долларын зарлагын баримт дээр Баярсайхан гэж Болормаагаар бичүүлэн баримт бүрдүүлсэн гэх гэрчийн мэдүүлэг байдаг аж. Авилгатай тэмцэх газар бужигнаж байх хооронд авилгын хэрэг ийнхүү замхарчээ.